| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2015/00157/и |
| Дугаар | 920 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37.220.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гарагасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баярчимэгт 10.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 22-нд байгуулсан. Баярчимэг нь уг зээлийн гэрээний төлбөрийг 2014 оны 3 дугаар сараас хойш төлөөгүй. Уг зээлийн гэрээ нь 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарыг дуустал үндсэн зээл 15.220.000 төгрөг, 26 сарын хүү 14.620.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 29.620.000 төгрөгийг нэхэмжилснээс 7.600.000 төгрөгөөр багасгаж, нийт 29.620.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 1 дүгээр саран 22-ны өдөр иргэн Одончимэгтэй зээлийн гэрээ байгуулсан. Харин зээлийн хүү өндөр байсан тул одоо төлж чадахгүй байгаа. Би нийт 2.780.000 төгрөгийг төлсөн. Алданги 5.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 1 дүгээр саран 22-ны өдөр иргэн Одончимэгтэй зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийг гэрээг 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл сарын 6 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийг зээлсэний дараа Баярчимэг нь эргэн төлөлт хийхдээ нийт 2.780.000 төгрөгийн хүүг хугацаанд нь төлсөн байдаг. Баярчимэг нь сар бүр 600.000 төгрөг төлөх болсон. 10.000.000 төгрөгийг хүүнд сард 440.000 төгрөг, алданги төлж байсан гэдэг нь өндөр хүүтэй зээл байсан тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн үнийн дүнгээс 14.620.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37.220.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгийн үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч ээс үндсэн зээл 10.000.000 төгрөг, 26 сарын хүү 15.600.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 980.000.000 төгрөгийг хасч тооцож, нийт 14.620.000 төгрөгийн хүү, алданги 5.000.000 төгрөг, нийт 29.620.000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа 7.600.000 төгрөгөөр багасган тодруулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “......Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дахин багасгаж, үндсэн зээл 10.000.000 төгрөг, 10 сарын хүү 6.000.000 төгрөгөөс 980.000 төгрөгийг хасч, алданги 5.020.000 төгрөг, нийт 20.020.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 17.200.000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Нэхэмжлэгч хариуцагчтай 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээ байгуулсан боловч Баярчимэг нь уг зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээл 10.000.000 төгрөг, 10 сарын хүүнд 980.000 төгрөгийг хасч тооцон 5.020.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 20.020.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардаж байна гэжээ.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэдэгт маргаагүй боловч хариуцагч үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 4.420.000 төгрөг, нийт 14.420.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 5.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талуудын хооронд байгуулсан 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх зээлийн гэрээг шүүх талуудын хооронд эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээ бичгээр хийгдсэн, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн байна гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 10.000.000 төгрөгийг бодитойгоор зээлдүүлсэн гэсэн нь талуудын хоорондоо байгуулсан зээлийн гэрээ /хх5/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Харин хариуцагч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж 10.000.000 төгрөг зээлж авсан гэдэгт маргаагүй бөгөөд 2014 оны 1-3 сар, 8 сард нийт 2.780.000 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн нь Зээлийн гэрээ /хх5/ болон нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу мөнгийг бодитойгоор нэхэмжлэгч хариуцагчид 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэдэгт талууд маргаагүй бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасны дагуу талууд Зээлийн гэрээний 3 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч хариуцагчийг 10 сарын хүү төлөөгүй тул 10 сарын хүү болох 6.000.000 төгрөгөөс 8 сард төлсөн 980.000 төгрөгийг хасч тооцож, нийт 5.020.000 төгрөгийг төлөх ёстой гэсэн нь 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 01-ний хооронд 12 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээ /хх5/, хариуцагчийн 1,2,3 сарын төлбөрт 1.800.000 төгрөг, 8 сард 980.000 төгрөг төлсөн болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасныг баримтлан 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 10.000.000 төгрөг, 9 сарын хүү болох 5.400.000 төгрөгөөс 980.000 төгрөгийг хасч тооцон 4.420.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 19.420.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 344.050 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255.050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч ээс зээлийн гэрээний үүрэгийн гүйцэтгэлд 19.420.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 344.050 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255.050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд оролцогчид шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ талууд биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ