| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0648/Э |
| Дугаар | 669 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 669
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,
хохирогч С.С-, түүний өмгөөлөгч Б.Эрхбаяр,
шүүгдэгч А.Э-, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бамбартайж овогт А-ийн Э-од холбогдох эрүүгийн 1910020310669 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч А.Э- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” руу явах уулын замд 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хүүхэд дайрлаа” гэх шалтгаанаар хохирогч С.С-тай маргалдаж түүний биед “хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хохирогч С.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 8 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд буюу Зайсангаас Маршалын гүүр явах уулын замаар мотоциклтой явж байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Миний урд манай хоёр найз мотоциклтой явж байсан. Гэтэл шорлог зардаг хэсгээр Э- нэг хүүхэд хөтлөөд зам хөндлөн гарч байгаад зогсчихоор нь би сигнал дарсан. Э-ыг зам хөндлөн гарчихлаа гэж бодоод явах гэтэл мотоцикл руу тийрэхэд нь би эсрэг урсгал руу ороод жолоодлогоо алдах гээд зогссон. Урдаас ирж байсан машиныг явуулчихаад мотоциклоо замаас холдуулчихаад Э- дээр очоод “яагаад тийрч байгаа юм бэ” гэж хэлтэл миний нүүр рүү цохисон. Миний каск дээш сөхөгддөг ба тухайн үед миний нүүрэн хэсэг ил харагдаж байсан. Би манаралтын байдалтай доош хараад сууж байхад манай найз нар ирсэн. Э- тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай найз нар намайг “согтуу хүнтэй муудалцаад хэрэггүй” гэж хэлсэн. Тэр үед Э- гол гараад зугтаачихсан. Би эмчилгээний зардалд 2.842.300 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 4.000.000 төгрөг, нийт 6.842.300 төгрөг нэхэмжилж байна гэв.
Эрүүгийн 1910020310669 дугаартай хэргээс:
Хохирогч С.С-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч О.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Г.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №10280 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,
Шинжээч эмч Г.Х-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 46-48-р хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 64-72-р хуудас/,
Шүүгдэгч А.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч А.Э- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” руу явах уулын замд 2019 оны 8 дугаар сарын 24-ний орой зам хөндлөн гарахдаа мотоциклтой явж байсан хохирогч С.С-тай “хүүхэд дайрлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр рүү цохиж биед нь “хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч С.С-гийн ...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... рүү явах уулын замаар мотоциклтой явж байхад үл таних залуу /Э-/ явган хүн зохицуулдаггүй газраар хүүхдээ дагуулаад удаан явж байсан. Би тухайн залууд /Э-/ сануулах зорилгоор сигналдаад араар нь тойрч гарах гэтэл намайг тийрсэн. Гэтэл би мотоциклтойгоо унах шахан зогсоод мотоциклоо замын хажууд тавьчихаад нөгөө залуу /Э-/ дээр очоод “яагаад өшиглөөд байгаа юм бэ” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар 3 удаа цохиж хамар мурийлгаж гэмтээсэн. Намайг Цагдаагийн байгууллагад дуудлага өгч байхад нөгөө залуу /Э-/ гол гараад зугтаагаад яваад өгсөн. Би хамраа хугалуулсандаа гомдолтой байна. Хагалгаа хийлгэсэн зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 10, 55-р хуудас/,
Гэрч Ц.Г-ийн ...Би 2019 оны 8 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд Зайсангаас ... рүү явах уулын замаар явж байсан. Миний урд С- мотоциклтой явж байхад голын эрэгээс нэг залуу /Э-/ хүүхдээ дагуулаад зам хөндлөн гарч ирсэн. Тухайн залуугийн /Э-/ араар С- гарч байтал нөгөө залуу /Э-/ С-гийн мотоцикл руу тийрсэн. С- цаана очиж зогсоод мотоциклоо тавиад бууж иртэл нөгөө залуу /Э-/ С-гийн нүүрэн тус газарт 3 удаа цохисон. Би нөгөө залууд /Э-/ “хөөе чи нааш ир, одоо цагдаа ирж байгаа” гэж хэлтэл тэрээр гол гараад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч О.М-ын ... 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо ...ийн аманд дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт голын эрэг дээр амраад харих гээд машин руугаа юмаа зөөгөөд зам хөндлөн гарсан. Тухайн үед Э- /Э-/ хүүхдээ хөтлөөд том гудас сугандаа хавчуулсан явж байсан. Тэгтэл мотоциклтой залуу /С-/ бараг 10 метрийн зайнаас сигналдаад Э- /Э-/ рүү тулж ирээд ар талд нь зогссон. Тухайн үед Э- /Э-/ уурлаад “хүүхэд дайрч аллаа ш дээ” гээд баруун хөлөөрөө мотоцикл унасан залуугийн /С-/ шилбэ рүү тийрсэн. Нөгөө залуу /С-/ мотоциклоо замын голд унтраагаад бууж ирээд Э- /Э-/ руу “гарцаар гараач пизда минь, хөл рүү өшиглөдөг чи хэн бэ” гэж хэлсэн. Тухайн үед замд машинууд түгжирээд байхаар нь мотоциклтой залууд /С-/ “за уучлаарай, наадах чинь уусан байна. Хүүхэд дайрлаа гээд чам руу хашгираад өшиглөсөн байх, хаячих” гэж хэлэхэд тэрээр мотоциклоо асаагаад миний машины урд талд тавьснаа гар утсаараа мотоциклтой явж байсан хүмүүсийг дуудсан. Нөгөө хүмүүс ирээд Э-д /Э-/ “чи яасан овоо пизда бэ” гээд касктай толгойгоороо Э-ын дух руу тулгаад байсан. Харин Э- зөрүүлээд “чи муу пизда минь, хүүхэд дайраад алсан бол яах юм” гэж хэлээд касктай толгой руу нь хоёр удаа цохисон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Г.Ц-гийн ...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр танил эгч М-гийн төрсөн өдөр болоод нөхөр Э-, найз М-, Т-, Т-, О-, М- эгч бид нар Нисэхийн амралтын газарт очиж хоносон юм. Маргааш нь бид нар амралтаасаа гараад буцаж явах замдаа голын эрэг дээр сууж байгаад явъя гээд Туул голын эрэг дээр очиж сууцгаасан. Тэнд бид нар 1 шил архи хувааж уусан. Манай дүү “манайд ирчихлээ” гээд залгахаар нь би хүүхдээ аваад гэр рүүгээ явсан. Тэр үед Э- найз нартайгаа хамт голын эрэг дээр үлдсэн. Тэр шөнө Э- гэртээ ирж хоноогүй. Орой нь найз М- манайд ирээд “Э- хүнтэй муудалцаад хүн цохичихсон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №10280 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: С.С-гийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 22-р хуудас/,
Шинжээч эмч Г.Х-гийн ...Шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан гэмтлүүд хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц, ирмэг, үзүүр бүхий зүйлээс бусад гар, хөл зэрэг зүйлс хамаарч болно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамар ясны хугарал гэмтэл, зүүн зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь ойролцоо түвшинд байрлалтай учир нэг удаа нүүрэн тус газар цохиход үүсэх боломжтой гэмтлүүд байна...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: ...Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвараар зүүн гар тийш эргэж чигээрээ 1.8 км орчим газар яваад замын хойд хэсэгтээ модон сүүдрэвчтэй тохой байх ба А.Э- энд зодоон болсон гэж заав. /хх-ийн 46-48-р хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 64-72-р хуудас/,
Шүүгдэгч А.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Би зам хөндлөн гарах гээд М- эгчийн хүүхдийг хөтлөөд явж байтал мотоциклтой хүн /С-/ сигналдаад миний араар гарахаар нь би “хүүхэд дайрлаа” гэж хэлээд хөлөө хойшоо савсан чинь миний хөл мотоциклд нь хүрчихсэн юм. Тэгтэл нөгөө залуу /С-/ мотоциклоо зам дээр тавьчихаад над дээр ирснээ “чи гарцаараа гараач” гэж хэлээд каскаараа миний дух руу нэг удаа мөргөхөөр нь түүний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч А.Э- нь хохирогч С.С-гийн нүүрэн тус газарт гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогч С.С-гийн биед “хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам хөндлөн гарахдаа мотоциклтой явж байсан хохирогч С.С-г “хүүхэд дайрлаа” гэж шалтаглан нүүр рүү нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч А.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Э- болон түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.С-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны цалин 4.000.000 төгрөг, эмчилгээ болон эм тарианы зардалд нийт 2.842.300 төгрөг, нийт 6.842.300 төгрөг нэхэмжилж /хх-ийн 68-72-р хуудас, 101-102-р хуудас/ баримтаа ирүүлжээ.
Хохирогч С.С-гийн хагалгааны зардал болон эмчилгээнд зарцуулсан гэх хавтас хэргийн 68-72, 101-102 дугаар талд авагдсан баримтуудыг тооцож үзэхэд нийт 2.849.739 төгрөгийг баримт авагдсан байх тул дээрх хохирлыг шүүгдэгч А.Э-оос гаргуулж, хохирогч С.С-д олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч С.С- нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч ч эмнэлгийн чөлөөтэй байсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.
Хохирогч С.С- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой цаашид гарах зардлаа болон дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжаваас “миний үйлчлүүлэгч шүүхээс тогтоосон хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа, тэрээр Нарантуул зах дээр хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүхээс шүүгдэгч А.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр тогтмол орлогогүй хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Э-од мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бамбартайж овогт А-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Э-од мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-оос 2.849.739 төгрөг гаргуулж, хохирогч С.С-д олгосугай.
5. Хохирогч С.С- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой цаашид гарах зардлаа болон дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч А.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР