Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 446

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч А.Б,  Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт А.Б, М овогт  Г.Л нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006450497 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, цахилгаанчин мэргэжилтэй, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д тоолуурын заалт авагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, ............ тоотод оршин суудаг, Х овогт Г.Л,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д тоолуурын инженер ажилтай, ам бүл 3, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, ........... тоотод оршин суудаг, М овогт А.Б,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас А.Б,  Г.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б,  Г.Л нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноёд” караокений гадна талбайд  В.Б маргалдан улмаар бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хэсгийн хуйх, баруун тохой, зүүн гарын 5 дугаар хуруу, бүсэлхийн баруун хажуу хэсэг, баруун өгзөг, зүүн гуянд  цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч В.Б “...2019 оны 09 сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд “Ноёд” караокед ороод 23 цагийн орчимд гараад гадаа зогсож байсан хэдэн залуутай маргалдсан чинь цагаан саарал цамцтай өндөр Б  гэх залуу миний толгой руу цохиод би газар унасан. Тэгсэн чинь дээрээс хар цамцтай Л  гэх залуу нь миний толгой руу гараараа цохисон чинь бөөн бужигнаан болоод явчихсан. Босоод буцаад орсон чинь нэг залуу араас татаад би газар унасан. Яг хэн татсан гэдгийг бол мэдэхгүй байгаа. Газар унахад намайг чирээд миний дээрээс хэд хэд цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Гэрч О.О “...Тухайн өдөр караокенаас гарч ирээд манай нөхөр Б 6-7 залуучуудтай маргалдаад, саарал цамцтай залуу Б цохиод авахаар нь би очоод салгасан чинь тэнд байсан залуучууд бүгдээрээ шаваад бужигнаад явсан. Баярманлай дотогш ороод би тэр хэдэн залуучуудыг оруулахгүй гээд хорьж байсан  чинь нэг өндөр залуу нь татаж гаргаж ирээд газар унагаад дээрээс өшиглөхөөр нь би очоод салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Гэрч Э.Э “...Б  очоод тэр залуугийн чихний ар тал руу алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Н.Г “...2019 оны 09 сарын 13-ны өдрийн 21 цагийн орчимд ажлынхантайгаа Ноёд караокед ороод 2 шил архи хувааж уугаад 23 цагийн орчим гараад гадаа байж байсан чинь улаан цамцтай Баярманлай гэх ах гарч ирээд цахилгаан түгээхийн лаларуудаа гэсэн чинь Э маргалдахаар нь салгаад, би болио гээд алхаад очсон чинь Б  миний хажуу талаас орж ирээд тэр Б гэх ахыг цохисон чинь араас нь Л  татаж унагаад толгой руу нь цохисон, манайхан гүйж ороод салгаад бөөн бужигнаан болоод Б гэх ах дотогш орсон, араас нь Л  татаад гаргаад ирсэн чинь Б  газар чирээд тэр 2 нийлээд өшиглөхөөр нь бид нар салгаад тэгээд ер нь намжаад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Гэрч А.А “...нэг харсан чинь Б  цохиж байхаар нь би очоод салгасан, Б гэх ах дотогшоо орсон чинь нэг нь татаад гаргаад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 791 дугаартай “...В.Б биед тархи доргилт, дагзны хэсгийн хуйх, баруун тохой, зүүн гарын 5 дугаар хуруу, бүсэлхийн баруун хажуу хэсэг, баруун өгзөг, зүүн гуянд цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад камерийн бичлэгт хийсэн үзлэгээр хэн аль нь хэрхэн хаана цохиж байгааг шүүгдэгч нар тайлбарлан хэлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Б,  Г.Л нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлджээ.

 

Иймд  А.Б,  Г.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч В.Б нь “...эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.Б,  Г.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан А.Б,  Г.Л нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт А.Б, М овогт  Г.Л нарыг “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт А.Б, М овогт  Г.Л нарт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б,  Г.Л нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч А.Б,  Г.Л нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б,  Г.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД