Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 670

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчХ.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,

хохирогч Д.Б-,

шүүгдэгч /хохирогч/ Б.Ня-,

шүүгдэгч Г.На- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоньт овогт Б-ий Ня-, Тайжууд овогт Г-ийн На- нарт холбогдох эрүүгийн 1910014120580 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Ня- нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “...” хорооллын баригдаж буй барилга дээр “шилний хэмжээ буруу авлаа” гэж хохирогч Д.Б-тай маргалдан түүнийг газар унагаан тэлээгээр зүүн гарыг нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.На- нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “...” хорооллын баригдаж буй барилга дээр “нөхөр Д.Б-ыг зодсон” гэж өмөөрч Б.Ня-ыг тэлээгээр толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь “баруун чамархайн хуйханд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Б.Ня-, Г.На- нар шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэцгээв.

Хохирогч Б.Ня- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 03-ны өглөө эхнэр Г.На- бид хоёр ажил дээрээ хоцорч очсон юм. Тэгээд намайг шилний хэмжээ авч байтал Б.Ня- “шилний хэмжээ буруу авч байна” гээд маргалдахад Б.Ня- намайг тэлээгээр гар руу ороолгож, татаж унагаагаад элэг рүү өшиглөсөн. Тэгээд Г.На-тэй хамт амралтын өрөө рүү явж байхад Б.Ня- гартаа суран бүсээ барьсан ирээд дахиж өшиглөсөн. Одоо би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Эрүүгийн 1910014120580 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.Ня-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №6853, 6961 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19, 23-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1213 дугаарт дүгнэлт /хх-ийн 66-69-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 62-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ня-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн41-р хуудас/,

Шүүгдэгч Г.На-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн32-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ня-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 54-р хуудас/,

Шүүгдэгч Г.На-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ня- нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “...” хорооллын баригдаж буй барилга дээр “шилний хэмжээ буруу авлаа” гэж хохирогч Д.Б-тай маргалдан тэлээгээр зүүн гарыг нь цохиж, түлхэж унгааж өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн бугалганд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Б-ын ...2019 оны 6 дугаар сарын 03-ны өглөө ажлаа хийж байхад материал буугаад эхнэр Г.На- бид хоёр шилний хэмжээ авч байтал Б.Ня- ирээд “ингэж хэмжээ авна гэж юу байдаг юм” гэхээр нь эхнэр Г.На- “чи дандаа юманд оролцож байх юм” гэж хэлэхэд Б.Ня- манай эхнэрийг хэл амаар доромжилсон. Б.Ня- намайг цэргийн суран тэлээний төмөр аралтай хэсгээр цохьсон. Намайг гараа бариад зогсож байхад Б.Ня- миний нүүр рүү гараараа түлхэхэд би хойшоо савж унахад миний гэдэс рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэр үед Г.На- Б.Ня-ын толгой руу тэлээгээр нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

 

Гэрч Г.На-ийн ...Тухайн өдөр манай нөхөр Б- тооны машин бариад ирсэн шилний тооцоо гаргаж байтал Ня- ирээд “иймхэн юмыг тооны машинаар гаргана гэж юу байдаг юм” гэж хэлэхээр нь би “хүн ажлаа яаж хийх нь чамд ямар хамаатай юм бэ, дуугүй бай” гэхэд “ингэж ажил хийнэ гэж байхгүй” гэж хэлээд хувцсаа тайлчихаад яваад өгсөн. Тэгснээ Ня- гартаа цэргийн хүмүүсийг зүүж хэрэглэдэг бор өнгийн тэлээ барьчихсан буцаж ирээд манай нөхөр Б-ыг шилэн дээр сууж байх үед нь татаж газар унагаагаад тэлээгээрээ Б-ын зүүн талын гар руу цохисон. Тухайн үед нөхөр Б- Ня-той хэрүүл маргаан хийгээгүй. Тэгээд Ня-ыг явсны дараа Б- надад “миний гар өвдөөд хоёулаа амралтын өрөөнд очоод жаахан сууя” гэхээр нь “за” гээд явж байтал ирээд Б-ын хэвлий хэсэгт нэг удаа өшиглөөд, толгой хэсэгт гараараа нэг удаа цохиж унагаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №6961 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Д.Б-ын биед тархи доргилт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1213 дугаарт дүгнэлтэнд: Б.Ня- нь Сэтгэл цочирдолын органик эмгэг, Засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Ня- нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Ня- хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 66-69-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Ня- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа “...” хорооллын барилга дээр Г.На-, Д.Б- нарын хамт ажилладаг байсан. Тухайн өдөр Д.Б- шилний хэмжээ авч байхаар нь “буруу аваад байна” гээд хэлэхэд “чамд ямар хамаатай юм” гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би Д.Б-ыг газарт унагаагаад зүүн гар руу нь өшиглөсөн. Би тэлээгээр Б-ыг айлгах гээд барьж байх үед Г.На- ирээд миний гартаа барьсан тэлээг аваад миний толгой руу цохисон. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би Б-ыг газарт унагааж, гар руу нь өшиглөж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Г.На-ийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “...” хорооллын баригдаж буй барилга дээр “нөхөр Д.Б-ыг зодсон” гэх шалтгаанаар хохирогч Б.Ня-ыг толгойн тус газарт суран тэлээгээр цохиж биед нь “баруун чамархайн хуйханд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны  хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”  гэж хуульчилжээ.

2019 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “...” хорооллын баригдаж буй барилга дээр шүүгдэгч Б.Ня- нь Г.На- Д.Б- нартай “шилний хэмжээ буруу авлаа” гэж шалтаглан маргаан үүсгэж, улмаар нөхөр Д.Б-ыг нь тэлээгээр ороолгож, өшиглөж зодсон ба  хохирогч Д.Б-, Г.На- нарыг ажлын байрнаас гарч амралтын байр руу явах замд нь шүүгдэгч Б.Ня- Д.Б-ыг дахин өшиглөж зодсон байна.

Дээрх байдлаас үзвэл шүүгдэгч Б.Ня- нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийсэн байх бөгөөд түүний үйлдэл нь хохирогч Д.Б-ын эрх чөлөө, эрүүл мэндэд хохирол учруулсан, аюултай нөхцөл байдал бий болжээ.

Энэ утгаараа аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.

Өөрийн ойр дотны хүн болох нөхөр Д.Б-ыг хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээд болох Б.Ня-ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Г.На-ийн идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал Г.На-т холбогдох хэрэгт тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Харин шүүгдэгч Б.Ня-ын үйлдсэн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч Б.Ня-ын хохирогч Д.Б-ыг тэлээгээр цохиж, өшиглөж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархи доргилт, зүүн бугалганд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна.

 

          Шүүгдэгч Б.Ня-ын хохирогч Д.Б-ыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч Б.Ня- нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

             Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, толгойн томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, нийт 128.000 төгрөг нэхэмжилсэн баримт /хх-ийн 56-р хуудас/ гаргаж өгсөн хэдий ч тэрээр “эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдолгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Ня-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ня-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ня-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал болон хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ня-т мэдэгдэх нь зүйтэй.

 

Хавтаст хэрэгт 62 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолоор шүүгдэгч Б.Ня-оос гаргаж өгсөн суран тэлээг эд мөрийн баримтаар тооцов гэжээ./хх-ийн 62-р хуудас/

Шүүх хэлэлцүүлгийн шатанд эд мөрийн баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн суран тэлээг Б.Ня-ын хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тэлээ биш гэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн суран тэлээг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаан хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ня-, Г.На- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Ня- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Тайжууд овогт Г-ийн На-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.На-ийг цагаатгасугай.

 

2. Хоньт овогт Б-ий Ня-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ня-ыг 520 /таван зуун хорь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 /таван зуун хорих мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ня-т мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.На-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Б.Ня-, Г.На- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Ня- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөр өнгийн суран тэлээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаан хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ня-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР