Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, хд 37 дугаар байрны 193 тоот хаягт оршин суух Хиад боржигин овогтой Зундуйн Эрдэнэболд /РД: НЮ75062771/ гэв.

Хариуцагч: Хан Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө өөрийн байранд байрлах Дэлгэр интернэшнл ХХК /РД: 2083086/-д холбогдох

7.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Эрдэнэболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Отгончимэг нар оролцов.                                                                                                                          

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Эрдэнэболд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэлгэр интернэйшнл” ХХК надаас байрны түрээсийн төлбөрт 4.000.000 төгрөг нэхэж байгаа тул уг түрээсийн байр дотор миний худалдаж авч ашиглаж байсан зурагт /нэг ширхэг/, хөргөгч /нэг ширхэг/, модон ширээ /11 ширхэг/ зэрэг эд хөрөнгийг зарахад “Дэлгэр интернэйшнл” ХХК надаас нэхээд байгаа мөнгийг нь хангалтай төлөх боломжтой юм. Нойлын өрөөнөөс нь муухай үнээр гараад байсан болохоор сантехникч авч ирээд үзүүлэхэд нойлын суултуур хагарсан байсан тул нойлын суултуурыг 100 айл дээрээс 80.000 төгрөгөөр авч байсан. Текний тавиур хийхэд 160.000 төгрөг, сэнс, аяганы төмөр тавиур, таваг, шарагч, халуун баригч, өлгүүр чулуун суурьтай 3 ширхэг 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нийт 7.940.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Нэхэмжлэгч өмнө нь нэхэмжлэлээ гаргах хангалтай хугацаа байсан гэдэг нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар харилцан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж уг нэхэмжлэл гаргасан байгаа нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ямар нэгэн баримтыг хавтас хэрэгт хавсаргаагүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргахад үнийн дүн тодорхой бус байна гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан гэдгийг нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан. Нэхэмжлэгч өөрөө уг эд хөрөнгийг худалдаж авсан юм бол хэдэн төгрөгөөр худалдаж авснаа мэдэхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй үндэслэл нь болж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ уран зураг нэхэмжлэхдээ үнийг нь 100.000 төгрөг гэж тавьсан байснаа шүүх хуралдаан дээр амаар гаргасан тайлбартаа 5.000.000 төгрөгийг үнэ бүхий зураг гэх мэтээр ярьж байгаа байдал нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага эргэлзээ бүхий байна. “Дэлгэр интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Болд, Дэлгэрзаяа нараас З.Эрдэнэболдод байрыг түрээслэн авахдаа баар ресторан, нийтийн хоолны үйл ажиллагаа явуулахад илүү тохиромжтой байна гэж үзэж түрээсийн гэрээ байгуулсан. Хөргөгч, гал тогооны иж бүрдэл, сандал ширээгүй байсан юм бол иргэн З.Эрдэнэболд уг байрыг үйлчилгээний зориулалтаар түрээслэхгүй байсан гэдэг нь тодорхой байгаа тул З.Эрдэнэболд нь худлаа нэхэмжлэл гаргаж байна. Уг маргаан 2010 онд талуудын хооронд үүссэн маргаанаас үүдэлтэй байгаа. Одоог хүртэл уг байранд маш олон түрээслэн авагч нар солигдсон байгаа. Уг байранд ямар зориулалтаар үйл ажиллагаа явуулах этгээд орно тэнд юмнуудаа аваачиж тавиад үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо уг байранд нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа зүйлээс юу ч байхгүй. З.Эрдэнэболд нь манайд тийм зүйл орхиогүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжилж байгаа эд хөрөнгөө нэхэмжилж байгаа юм уу? эд хөрөнгийнхөө үнийг нэхэмжилж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Түрээсийн гэрээ нэг талын санаачлагаар дуусгавар болж түрээсийн төлбөр нэхэхэд түрээслэгч түрээсийн төлбөрөөс бултах үүднээс нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжилж байгаа эд хөрөнгө нь нэр төрлийнхөө хувьд тодорхойлогдох боломжтой. Эдгээр хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

       Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч З.Эрдэнэболд нь хариуцагч “Дэлгэр интернэшнл” ХХК-д холбогдуулан 7.940.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгийн үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байхдаа хариуцагч байгууллагад зурагт 1 ширхэг 680.000 төгрөг, хөргөгч 1 ширхэг 600.000 төгрөг, ширээ 11 ширхэг 2.150.000 төгрөг, хөшиг 3 ширхэг 550.000 төгрөг, шувуу нэртэй зураг 1 ширхэг 100.000 төгрөг, суултуур 1 ширхэг 80.000 төгрөг, текний тавиур 1 ширхэг 160.000 төгрөг, сэнс 1 ширхэг 60.000 төгрөг, гаазны холболт 1 ширхэг 50.000 төгрөг, гал тогооны иж бүрдэл 1 ширхэг 3.000.000 төгрөг, өлгүүр 3 ширхэг 210.000 төгрөг, нийт 

7.490.000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэж тодруулжээ. 

 

Нэхэмжлэгч хариуцагч Дэлгэр интернэшнл ХХК-ийн эзэмшлийн байрыг 2012 оны 1 дүгээр сарын 30-нд түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаад уг байранд өөрийн худалдаж авсан эд зүйлсийг аваагүй тул дээрхи эд зүйлсийн үнэ 7.490.000 төгрөгийг шаардаж байна гэдэг нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 7740 дугаартай Шүүхийн шийдвэр /хх5-6/, Түрээсийн гэрээ /хх7-9/ болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тэдгээрийн хооронд эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний үүргийн харилцаа хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн гэдэг нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг түрээсийн гэрээний дагуу түрээслэгч болох  Дэлгэр интернэшнл ХХК нэхэмжлэгчийн 7.490.000 төгрөгийн миний эд зүйлсийг буцааж өгөөгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байна гэжээ.

Хариуцагч хэлэхдээ “...Нэхэмжлэгч өмнө нь нэхэмжлэлээ гаргах хангалтай хугацаа байсан боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан “ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” байна гэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар харилцан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ямар нэгэн баримтыг хавтас хэрэгт хавсаргаагүй буюу дээрхи эд зүйлсийг худалдаж авсан гэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж татгалзсан татгалзал нь хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 7740 дугаартай Шүүхийн шийдвэр /хх5-6/, Түрээсийн гэрээ /хх7-9/, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх, нотлох үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд ирүүлсэн дээрхи баримтуудаар нэхэмжлэгч 7.940.000 төгрөгийн эд зүйлийг худалдаж авсан болон хариуцагчийн түрээсийн байранд үлдээсэн гэж шаардах эрхтэй гэдэг нь тогтоогдохгүй  байна гэж шүүх үзлээ.  

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний дагуу үлдээсэн гэх 7.490.000 төгрөгийн эд хөрөнгө үлдээсэн гэж 7.490.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч З.Эрдэнэболд нь хариуцагч Дэлгэр интернэшнл ХХК-аас 7.490.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Эрдэнэболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

           

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

 

 

 

 

я