| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0125/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ө.Д-д холбогдох эрүүгийн 1920002400143 тоот хэргийг 2019 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Н дүүрэгт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С овогт Ө.Д,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ө.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах М баарны гадна талд иргэн Д.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би хамт ажилладаг Б, Ч хоёртой хамт архи уусан. Бид гурав эхлээд Б гэрт, дараа нь гадаа, сүүлд нь “М” бааранд орж архи уусан. Нилээн ч согтсон. Б-г зодох болсон шалтгаан нь Б надад еөрөө л дээрэлхүү хандаад байсан л даа. Эхлээд баарны гадаа Б миний мөрнөөс татаад миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Би зөрүүлээд Б-г 1 алгадаад 1 удаа гараараа нүүр лүү нь цохисон. Салхинд гараад согтсон байна лээ. Дараа нь Б-тай маргаж түүнийг зодсон асуудал байгаа. Би Б-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ эхнээс нь шударгаар хүлээн зөвшөөрч байгаа. Хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад гомдолгүй. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглсэнээс л буруу зүйл хийчихлээ. Миний хэргийг шуурхай, хөнгөн шийдвэрлэж өгөхийг хүсье. Учир нь миний эхнэр Улаанбаатар хотод элэгний хатуурлын сүүлийн шатанд орчихсон, амь нас нь аюултай байдалд байгаа. Яг одоо бол комд орчихоод байна. Би яг үнэнийг хэлэхэд яахаа мэдэхгүй, их л хэцүү байна. Байгууллага болоод хамаатан садантайгаа нийлээд хандивын аян эхлүүлэх гэж байгаа ч нэг л бүтэл муутай байна. Энэ байдлыг маань Б сайн мэддэг. Б-д үнэн учираа хэлж, уучлалт гуйсан. Хохиролдоо нэхэмжлэх мөнгийг нь шүүх яаж тогтооно тэрүүгээр нь төлөх болно. Сардаа үндсэн цалин болоод шагнал цалин гэж гар дээр 960,000 төгрөг авдаг. Бас хажуугаар нь энэ тэнд ачаанд ачигчаар орж ажиллаад сардаа 200,000 орчим төгрөг олчихдог гэжээ. /хх-ийн 42-43/
Шүүгдэгч Ө.Д шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 09 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б гэрт нь 1 шил архи уусан. Тэгээд гэрээс нь гараад бааранд орсон. Баарнаас гараад явлаа гэсэн чинь мөрнөөс татсан. Эргээд хартал намайг цохисон. Би гадаа гараад салхинд цохиулсан байна лээ. Би нилээд согтсон байсан. Яг юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Б-д учирсан хохирлоо би сар болгон төлж барагдуулахаар бид хоёр тохиролцсон байгаа гэв.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 09 сарын 23-нд 17 цагийн үед ажлаас буугаад хамт ажилладаг Ч, Д нартай гэртээ ирсэн. Бид 3 орой жаахан хүйтэн пиво ууя гэж ярилцсан. Ч бид 2 манайд хоол идээд үлдсэн. Д үсээ засуулчихаад пиво аваад ирье гээд явсан. 19 цагийн орчим Д 1 шил 0,75 граммын У архи бариад ирсэн. Тэрийг нь манай гэрт Ч, Д бид 3 хувааж уусан. Архи дуусаад бид 3 манай гэрээс гарч дэлгүүрээс 1 шил 0,75 граммын У архи аваад гадаа зогсож байгаад бас хуваагаад уучихсан. Тэгээд би ухаангүй согтчихсон байсан. Нэг ухаан орохнээ би М бааранд ширээн дээр Ч-той хамт сууж байсан. Гаднаас Д орж ирж байгаа харагдсан. Би Ч-с архи хийгээд өг гэж хэлээд 1 хундага архи уусан санагдаж байна. Тэгээд ахиад л тасарчихсан. Яаж бааранд орсоноо ч санахгүй байгаа. Ингээд нэг сэрсэн чинь би хүнд зодуулчихсан бололтой эхнэрийн хамт эмнэлэг дээр ирж байсан. Үндсэндээ эмнэлэг дээр ирээд ухаан орсон бөгөөд эхнэрээсээ юу болсон талаар лавлахад чамайг хамт ажилладаг Д чинь М баарны гадаа дээр чинь гараад суучихсан зодож байсан. Ч бид хоёр салгасан гэж хэлсэн.” гэжээ. /хх-ийн 9-10/
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед манай нөхөр Б хамт ажилладаг Ч-н хамт ирсэн. Тэр 2 гар утасаараа тоглоод байсан ба 19 цагийн үед мөн манай нөхөртэй хамт ажилладаг Д нь 1 шил 0.75 граммын У архи, нэг ундаатай барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр архийг нь Б, Ч, Д 3 хувааж уусан. Архиа дуусгаад тэр гурав гадагшаа гарсан ба хаачих гэж байгаа юм бэ гэсэн чинь 1 архи аваад ирье, орж ирээд уунаа гэж Б хэлээд явсан. Тэр үед цаг 21 цаг болж байсан. Тэд гэрээс гараад 30 орчим минут болчихоод орж ирэхгүй болохоор нь би нөхөрлүүгээ утсаар залгатал “Ү” сургуулийн гадаа архи ууж байна. Одоо ингээд орлоо гэсэн. Тэгээд орж ирээгүй. 22 цагийн үед Б болон Д хоёрын утас руу залгатал хоёулангийнх нь утас холбогдохгүй байсан.” “...Тэгэхээр нь шинэ нээгдсэн гээд байгаа “М" бааранд орсон байж магадгүй гээд тэр баар луу очсон. Баарны гадаа очтол машиных нь зогсоол дээр Б-г газар дээш нь харуулаад хэвтүүлчихсэн Д нь дээр нь гараад суучихсан нэг гараараа заамдчихсан. Нөгөө гараараа 2-3 удаа Б толгой руу нь цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би очоод болиоч ээ, бие муутай хүн шдээ гээд салгасан. Д-тэй би маргасан ба уурандаа би Д-н хацар луу нь 2 удаа алгадсан. Б босч ирээд Д рүү дайрсан ба зөрүүлээд Д Б-г нүүрлүү түлхэж холдуулсан. Энэ үед Ч эхнэртэйгээ баарны цаанаас харанхуйгаас гараад ирсэн. Хоорондоо ахиад маргасан ба Д-г хөөгөөд явуулсан. Б намайг тамхи аваад ир гэхээр нь би Б, Ч, Ч-н эхнэр 3-ыг үлдээгээд гэр лүүгээ явсан.”гэжээ. /хх-ийн 11-12/
Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цаг гээд ажил тараад Б, Д нарын хамт Б ахын гэрийн гадаа очоод ярилцаж байгаад ганц шил юм уухаар тохирсон ба Д үсээ засуулчихаад, усанд орчихоод 1 шил архи аваад ирье гээд явсан. Тэгээд Б ах бид тэдний гэрт орсон ба 1 цаг орчимын дараа Д гаднаас 1 шил О.75 граммын У архи, нэг ундаатай барьчихсан орж ирсэн. Тэрийг нь бид гурав хувааж уусан. Архиа дуусгаад ахиад нэг шил архи авч уухаар гадагшаа гарцгаасан. Дэлгүүрээс 1 шил 0.75 граммын Улаанбаатар архи аваад “Ү” сургуулийн ард гадаа хувааж ууцгаасан. Тэгээд бааранд орцгооё гээд такси бариад М бааранд орсон. Энэ үед цаг 21 цагийн л үе байсан байх. Бааранд ороод 1 шил 0.75 граммын экс архи, 2 ширхэг лаазтай пиво, 1 устай захиалсан. Тэр архинаас нэг нэг л татсан. Удаагүй гадагшаа гарч тамхилачихаад ороод ирсэн чинь Б ах байдаггүй. Д архиа бариад өөр ширээн дээр очоод суучихсан байсан. Би Б ахыг 00-ийн өрөө орсон юм болов уу гээд үзтэл байгаагүй. Гадаа гартал Б ах тамхи татаад байж байсан Б ах хаачихваа та 2 гэхээр нь Д архиа аваад өөр ширээнд суучихсан байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр орж Д-г дуудаад ширээндээ ирж хугас шил архиа хувааж уусан. Би гадагшаа гарчихаад буцаад ороод ирсэн чинь манай Э ирчихсэн байсан. Тэндээ байж байгаад баар хааж байх үед гарцгаасан. Түрүүлээд Б, Д хоёр гарчихсан байсан. Би эхнэртэйгээ хувцасаа аваад хойноос нь гарсан чинь Б, Д хоёр баарны гаднаа зогсоол дээр бие бие заамдчихсан бие биеэ ээлжилж гараараа цохиод тонгойгоод байж байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр очиж салгасан ба Б газраас чулуу аваад Д-г хаана байна гээд дайрахаар нь би явчихсаан гэж хэлээд чулууг авч хаясан. Ингээд Д-г замын нөгөө тал руу гаргаад харь гээд үлдээсэн. Б баарны гадаа үлдсэн. Би эхнэртэйгээ харихаар төв замаар ороод алхтал ард А эгчийн дуу гарах шиг болсон. Тэгэхээр нь буцаад очтол Б дээшээ хараад газар хэвтчихсэн, Д дээр нь гараад суучихсан гараараа Б-г угсаруулаад цохиж байсан. Тэгэхээр нь очиж салгаад Д-г яваач гээд холдуулсан ба Д зам гараад яваад өгсөн.” гэжээ. /хх-ийн 14-15/
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 00:20 цагт “М" бааранд нөхөрөө хайж очсон. Нөхөр Ч ажилаа тараад гэртээ ирдэггүй, утсаар нь залгасан чинь болохгүй байж байгаад сүүлд нь ахиад залгатал цаана баарны чанга чанга хөгжил дуугарахаар нь бааруудаар хайж явсаар олоод очсон. Намайг тэнд очиход Б, Д, Ч гурав архи уучихсан, бүжиглээд байж байсан. Тэгэхээр нь Ч-г явъя гэтэл үгэнд орохгүй байсаар байгаад баар хаалгаад хүмүүс тарсны дараа гарсан. Тооцоо хийсэн чинь 10 гаран мянган төгрөг дутсан ба тэрийгээ хэн төлөх нь тодорхойгүй Б, Д хоёр маргаад байсан. Сүүлдээ Б барьцаанд орхих шиг болсон. Б агсараад Д рүү чи намайг зодож чадах уу гээд байсан. Б, Д хоёр түлүүлээд гарсан. Би нөхөртэйгээ ажлынх нь хувцасыг аваад араас нь гараад очтол гадаа Б, Д хоёр барилцаад авчихсан, духаа нийлүүлээд хэрэлдэж байгаад бие биенээ нилээн хэд толгой түрүүрүүгээ цохилцоод эхлэсэн. Б газар унасан чинь Д хөлөөрөө Б цээж хэсэг рүү 1-2 удаа өшиглөөд авсан. Тэгээд тэр хоёрыг би нөхөртэйгээ салгаад одоо явцгаа гэж хэлчихээд Ч бид хоёр зам дагаад алхсан. Тэгтэл ард Б эхнэр А хашгирах, хэрэлдэх сонсогдсон. Ч буцаад очихоор яваад өгсөн. Би А-г аймаар ууртай байхаар нь харагдахгүйг хичээгээд машины араас харж байсан. Д, Б хоёр зодолдоод байж байсан юм шиг байгаа юм. Ч салгаж өгч байх шиг байсан. А нөхөртэйгээ хэрэлдээд л байсан. Тэгээд би очсон ба А Б-г Ч бид хоёртой үлдээгээд тамхи аваад ирье гээд гэрлүүгээ явсан. Д хаашаа ч юм гудамжны харанхуй руу ороод алга болчихсон.”гэжээ. /хх-ийн 17-18/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23-24/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 357 дугаартай албан бичиг, Д.Б өвчний түүх /хх-ийн 26-30/
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 31-32/
M эмнэлгийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 33/
Шинжээчийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 04/29 дугаартай дүгнэлт: 1. Д.Б биед баруун нүдний дотор ханын хугарал, тархи доргилт, хоёр нүдний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын дорх цус хуралт, баруун бугалга болон цээжний хэсэгт зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүдийн нь баруун нүдний дотор ханын хугарал, тархи доргилт, хоёр нүдний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын дорх цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар Гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун бугалга болон цээжний хэсэгт зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй болно. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 40-41/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн дэлгэрэнгүй лавлагаа, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 45-46, 54/
Хохиролын баримтууд /хх-ийн 56-57/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 59-60/
Хуульд заасан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн яллагдагчид ял оногдуулах прокурорын санал /хх-ийн 65/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ө.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах М баарны гадна талд иргэн Д.Б-г зодож, эрүүл мэндэд баруун нүдний дотор ханын хугарал, тархи доргилт, хоёр нүдний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын дорх цус хуралт, баруун бугалга болон цээжний хэсэгт зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Б “...Архи дуусаад бид 3 манай гэрээс гарч дэлгүүрээс 1 шил 0,75 граммын У архи аваад гадаа зогсож байгаад бас хуваагаад уучихсан. Тэгээд би ухаангүй согтчихсон байсан. Нэг ухаан орохнээ би М бааранд ширээн дээр Ч-той хамт сууж байсан. Гаднаас Д орж ирж байгаа харагдсан. Би Ч-с архи хийгээд өг гэж хэлээд 1 хундага архи уусан санагдаж байна. Тэгээд ахиад л тасарчихсан. Яаж бааранд орсоноо ч санахгүй байгаа. Ингээд нэг сэрсэн чинь би хүнд зодуулчихсан бололтой эхнэрийн хамт эмнэлэг дээр ирж байсан. Үндсэндээ эмнэлэг дээр ирээд ухаан орсон бөгөөд эхнэрээсээ юу болсон талаар лавлахад чамайг хамт ажилладаг Д чинь М баарны гадаа дээр чинь гараад суучихсан зодож байсан. Ч бид хоёр салгасан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг болон хохирогч Д.Б биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 04/29 дугаартай дүгнэлт / хх-ийн 34/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23-24/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 357 дугаартай албан бичиг, Д.Б өвчний түүх /хх-ийн 26-30/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 31-32/, M эмнэлгийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 33/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл ... гэмт хэрэгт тооцоно”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...гэм буруутай үйлдэл ... улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцоно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Д-н үйлдэл, гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ө.Д-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч Д.Б-д учруулсан хөнгөн хохирлын эмчилгээний зардал 1,987,460 төгрөгийг сар бүр төлж барагдуулахаар харилцан тохиролцож төлөхөө илэрхийсэн баримтаа шүүхэд гаргаж өгсөн зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулах нь зүйтэй юм. Торгуулийн ял оногдуулахдаа түүний ар гэрийн байдал, бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж байгаа зэргийг харгалзан үзээд торгуулийн ялыг хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирлын хувьд:
Хохирогч Д.Б нь нийт 1,987,460 төгрөгийн хохиролын баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Шүүгдэгч Ө.Д нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ байгуулсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ө.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ө.Д-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1- д зааснаар шүүгдэгч Ө.Д-с 1,987,460 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б