Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 639

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

Хохирогч Г.О-,

шүүгдэгч М.Б-, Ө.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оймууд овогт М-ын Б-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Ө-ын Т- нарт холбогдох эрүүгийн 1910006250630 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянавал:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

  1. Монгол Улсын иргэн

 

                                    Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гадна иргэн Ч.Т-, Г.О- нарыг зодож, Ч.Т-ын биед хамрын зүүн хэсэгт, нуруунд шарх, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, Г.О-ийн биед баруун дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 1-р шүд, зүүн доод үүдэн 1-р шүдний паалангийн эмтрэл, уруулийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Ө.Т- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гадна иргэн Э.Э-ыг зодож биед нь тархи доргилт, дух, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, завьжинд язрал, дух, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

                                           

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Шүүгдэгч Ө.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Хохирогч Г.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн орой эмийн сан орохоор явж байтал найз Э-, Т- хоёрыг шүүгдэгч Б-, Т- нарт зодуулж байхыг харсан. Би очоод зодооныг салгах явцад шүүгдэгч Б-д өшиглүүлсэн. Болсон бүх зүйл камерын бичлэгт тодорхой бичигдсэн байсан боловч цагдаагийн ахлах дэслэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад “бичлэг устгасан байна” гэж хэлсэн. Би шүүгдэгч нарыг танихгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б-эс гаргуулах хүсэлттэй байна. Би эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Эрүүгийн 1910006250630 дугаартай хэргээс:

 

Хохирогч Э.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

         Хохирогч Ч.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

         Хохирогч Г.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Гэрч Н.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

Гэрч Ч.Х-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №3052 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №3083 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №3051 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гаргасан №533 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62-р хуудас/,

Шинжээч эмч Ө.С-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гаргасан №758 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-73-р хуудас/,

 

Шүүгдэгч М.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “...” бааранд Г-, Б-, Т-, Б-, М- нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэнд 3 цаг орчим суугаад гарах гээд би тооцоогоо хийгээд зогсож байхад намхан бор залуу ирээд надтай хэрүүл маргаан хийх гээд байхаар нь “согтуу байж боль, уусан идсэн зүйлээ шингээ” гэж хэлсэн. Намайг гарахад Т-, Г- хоёр хүмүүстэй муудалцсан байдалтай, нааш цаашаа гүйгээд нөгөө талын хамт явсан хүмүүс салгаж байсан. Б- цаана газар хэвтэж байсан. Г- Т-тай заамдалцаад зогсож байхаар нь “боль” гээд салгахад Т- над руу дайраад байхаар нь нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Газар байсан машины дугуй тайлахад хэрэглэдэг дорцовыг О- авах гээд байхаар нь “цохих гэж байна” гэж бодоод түүний нүүр рүү өшиглөсөн. Удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/,

Шүүгдэгч Ө.Т- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “...” бааранд Г-, Б-, Б-, Б-, М- нарын хамт караоке орж дуулсан. Тэнд 3 цаг орчим суугаад гарахдаа Б- тооцоо хийчихээд бид хоёр гартал хүмүүс орилоод муудалцаад байсан. Тэгтэл Т- “Нисэхэд та нарыг алхуулахгүй” гээд Г-ийг заамдсан байсан. Б- Т-ыг цохисон. Тэгтэл Б- рүү Э- дайрахаар нь би Э-ын толгой руу нь гараараа 3-4 удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 123-124-р хуудас/,

Шүүгдэгч М.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: ял шалгах хуудас /хх-ийн 110-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 112-р хуудас/, 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 114-115-р хуудас/, “Mана баганат констракшн” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 116-р хуудас/, бусад /хх-ийн 117-р хуудас/,

Шүүгдэгч Ө.Т-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: ял шалгах хуудас /хх-ийн 127-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 128-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 129-р хуудас/, “Mана баганат констракшн” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 130-р хуудас/, суурь боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 131-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Б-, Ө.Т- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг, “...” баарны үүдэнд хохирогч Ч.Т-, Г.О- нарыг зодож, Ч.Т-ын биед “хамрын зүүн хэсэгт, нуруунд шарх, нуруунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Г.О-ийн биед “баруун дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 1-р шүд, зүүн доод үүдэн 1-р шүдний паалангийн эмтрэл, уруулийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Ө.Т- нь хохирогч Э.Э-ыг зодож биед нь “тархи доргилт, дух, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, завьжинд язрал, дух, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл  учруулсан болох нь:

Хохирогч Ч.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой найз Э-, М-, М-гийн эхнэр, А-, А- нарын хамт Нисэхийн эцэст “...” нэртэй караокед 2 шил 0.75 литрийн “Хараа” архи уусан. Шөнө 23 цагийн үед караокенаас гараад Нисэхийн байрны дунд байрлах “...” бааранд ороод 1 шил 0.75 литрийн архи авч хувааж уусан. Би бүжгийн талбайд бүжиглэж байхдаа караокенээс гарч ирсэн залууг анзааралгүй мөргөчихсөн юм. Тэгтэл нэг залуу “яагаад байгаа юм бэ” гэхээр нь “уучлаарай” гэж хэлэхэд манай найз Э- ирээд тэр залуугаас уучлалт гуйгаад салцгаасан. Бид нар “...” баарнаас гартал надтай дотор мөргөлдсөн залуу /Г-/ намайг заамдаад авахаар нь “чи намайг Нисэхэд заамддаг хэн бэ” гэхэд цаанаас том түрийтэй гуталтай залуу /Б-/ ирээд миний нүүр, хамар хэсэгт нэг удаа цохиод шууд толгой дээр дараад үсдэж чирээд газар унагааснаа нүүр рүү 2 удаа цохисон. Энэ үед миний багын найз О- хаанаас юм мэдэхгүй ирчихсэн Б-ийг салгах гэж оролдож байсан. Би зугатаагаад машин тойроод буцаад иртэл Э-ын толгой, нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байдалтай байсан. Харин О- үүдэн 2 шүд нь хугарчихлаа гэж хэлж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Надад ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

Хохирогч Г.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой 00 цагийн үед эмийн сангаас өвчин намдаах лаа авахаар явж байтал “...” баарны урд хүмүүс шуугилдаад байхаар нь хартал танил Т-, Э- хоёрыг хоёр хүн унагаачихсан зодож байсан. Би эхлээд Э-ыг зодож байсан хар хувцастай залууг /Т-/ салгахад Э-ын толгой, нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан. Т-ыг том гуталтай залуу /Б-/ газар унагаачихсан дээрээс нь цохиж байхаар нь “больцгоо” гээд дундуур нь ортол машины дорцов унасан. Тэгэхээр нь “согтуу хүмүүс нэгнийгээ цохичихож магадгүй” гэж бодоод дорцовыг авах гээд тонгойтол миний ам хэсэгт том гуталтай залуу /Б-/ өшиглөсөн. Босоод ирэхэд хар хувцастай залуу /Т-/ миний хоолойноос боохоор нь ноцолдож байгаад замын хашлаганд тээглээд баруун өвдөг хэсгээрээ газарт унасан. Би босож ирээд “та нар салгаж байгаа хүн рүү дайраад байна, учраа мэдэхгүй” гэж хэлэхэд миний үүдэн 2 шүд хугарчихсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. ...Шүдний эмчид үзүүлэхэд “ломбо тогтох боломжгүй, үүдэн шүд болохоор залгаа хийвэл юм хазахад л унадаг, эсхүл сар болоод буцаад унана. Байнга шүдэндээ залгаа хийлгүүлээд байх боломжгүй, залгаа хийхэд 800.000-900.000 төгрөг болдог. Тиймээс импланд шүд хийнэ. Энэ нь зах зээлийн үнээр 3.000.000 төгрөгийн үнэтэй. Чи үүдэн 2 шүдээ алдчихсан байна” гэсэн зөвлөгөө өгсөн. Одоо миний шүд зовиуртай, өвдөнө, юм хазахад хөндүүрлэнэ, хүний урдаас хараад юм ярихаар эвгүй санагдаж, гоо сайхнаараа хохирч байна. Би 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31, 86-87-р хуудас/,

 

Хохирогч Э.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой найз Т-, О-, М-, М-гийн эхнэр, А-, А- нарын хамт Нисэхийн эцэст “...” нэртэй пабд орж 2 шил 0.75 литрийн савлагаатай “Хараа” архийг М-гийн эхнэр жирэмсэн болохоор уугаагүй, бусад нь хувааж уусан. Т- бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байгаад караокены VIP өрөөнөөс гарч ирсэн залуутай шүргэлцээд муудалцахаар нь би очиж салгасан. Бид “...” баарнаас 00 цаг өнгөрч байхад гартал гадаа Т-тай муудалцсан залуу нь /Г-/ Т-ыг заамдсан. Гэтэл түүнтэй хамт явсан барилгын гуталтай залуу /Б-/ Т-ын нүүр рүү нэг удаа гараараа цохихоор нь салгах гээд очтол хар өнгийн хувцастай өндөр залуу нь /Т-/ миний үснээс зулгааж доош дараад толгойны зүүн хэсэгт хатуу зүйлээр олон удаа цохисон. Т-ын ам, хамар хэсгээс нилэнхүйдээ цус гоожсон байдалтай, О-ийн үүдэн 2 шүд нь хугараад эмтэрсэн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би толгойн компьютер томографийн зургаа авахуулсан 80.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

Гэрч Ү.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний оройн 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “...” бааранд Б-, Б-, Т-, Б-, М- нарын хамт ороод өрөө авч караокед дуулсан. Тэнд 3 цаг орчим суугаад гартал гадаа зодоон болж байсан. Намхан шар үстэй, хамрынх нь хажуу талаас цус гарчихсан байсан залуу над руу дайраад байсан. Би тэр хүнээс салаад байж байтал хар саравчтай малгай хойшоо харуулаад өмсчихсөн залуу нь намайг барьж аваад бид хоёр зууралдаад салсан. Удалгүй цагдаа нар ирэхэд тэнд байсан хүмүүс зугатаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч М.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой төрсөн ах Б-, ажлын Т-, Г- болон дүү Б-, Б-ийн нөхөр Б- нарын хамт “...” караокед 1 шил 0.5 литрийн 2 шил 0.75 литрийн “Соёрхол” архи хувааж уусан. Тэнд 3 орчим цаг дуулаад гарсан. Намайг гарахад Б-, Т- хоёр хүмүүстэй зодолдоод байх шиг байсан. Харин нөгөө хэд нь сайн харагдахгүй, хаана байгааг нь мэдээгүй. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор тэднийг салгах гэж бодсон боловч бие маань сайн хөдөлж өгөхгүй байсан болохоор салгаж чадаагүй. Удалгүй цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Гэрч Н.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой эхнэр Б-, хадам ах Б-, түүний ажлын Г-, Т-, Б-, эгч М- нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны караокед 3 цаг гаран дуулсан. Бид нар 1 шил 0.75 литрийн 2 шил, 0.5 литрийн савлагаатай “Соёрхол” архи болон пиво ууцгаасан. Би шөнө 00 цаг өнгөрч байхад караокеноос гараад тамхи татаад зогсож байгаад бөөлжсөнөө санаж байна. Тэр хооронд надтай гарсан хүмүүс өөр хүмүүстэй зодолдоод байх шиг байсан. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг сэрэхэд гэртээ ирсэн байсан. Дараа нь уулзахад Т-, Б- ах хоёр хүмүүстэй зодолдсон. Бусад хүмүүс нь зодолдоогүй гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

Гэрч Ч.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “...” бааранд нөхөр Б- болон Г-, Б-, Т-, Б- нарын хамт орж 2 цаг гаруй караокед дуулж байгаад гарсан. Нөхөр Батсуурийн хамт караокенаас гартал гадаа зодоон болж байсан. Б-, Т- хоёр газар уначихсан байсан. Би очиж салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байж байтал цагдаа ирсэн. Б- ах нэг залуугийн нүүр рүү өшиглөж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

Гэрч М.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “...” бааранд Г-, Б-, Т-, М- нарын хамт орсон. Дотор сууж байхад манай нөхөр Б-гийн зүрх нь өвдөөд М-, Б- бид гурав гадаа салхинд гарсан. Гадаа гарсны дараа Б- ухаан алдаад 103-т дуудлага өгсөн. Түргэн тусламж ирэхийг хүлээж байтал баарны гадаа Б-, Т- нар 4-5 хүнтэй зодолдож байхаар нь очоод салгах гэсэн боловч чадаагүй. Тэгж байтал цагдаа, эмнэлгийн машинууд ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №3052 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ч.Т-ын биед хамрын үзүүр хэсэгт, нуруунд шарх, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 55-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №3051 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.О-ийн биед баруун дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ шэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 57-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гаргасан №533 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.О-ийн биед баруун өвдөгт зулгаралт гэмтэл, баруун дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Баруун өвдөгний зулгарал гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Учирсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай, үлдэц уршигтай гэмтэл биш болно.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

7. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №3051 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. /хх-ийн 61-62-р хуудас/,

Шинжээч Ө.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хоёр шүдний эмтрэл нь ямар шалтгааны улмаас хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дахин шинжилгээнд Г.О- нь шүдний талаар үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт байгаагүй. Баруун өвдөгний зулгарал 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр үзүүлсэн үзлэг онош нь гэмтлийн эмчийн үзлэг байсан. Тус үзлэгт гэмтэлтэй холбоотой өөрчлөлтүүд тусгагдах ёстой. Гэтэл шүдний талаар онош байгаагүй. Баруун өвдөгний үений халдварлагдсан шарх гэсэн онош байна...гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гаргасан №758 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Г.О-ийн биед баруун дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 1-р шүд, зүүн доод үүдэн 1-р шүдний паалангийн эмтрэл, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Баруун дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 1-р шүд, зүүн доод үүдэн 1-р шүдний паалангийн эмтрэл, уруулын зөөлөн эдийн няцрал Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун өвдөгт зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай гэмтэл биш болно.

6. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх эмчилгээнээс хамаарна.

7. Урьд гаргасан №3051 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэг үндэслэлтэй, №533 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна /хх-ийн 72-73-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №3083 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Э.Э-ын биед тархи доргилт, дух, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, завьжинд язрал, дух, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 56-р хуудас/,

мөрдөн байцаалтанд М.Б- яллагдагчаар өгсөн: Намайг караокенаас гарахад Т-, Г- хоёр хүмүүстэй муудалцсан байдалтай, нааш цаашаа гүйгээд нөгөө талын хамт явсан хүмүүс салгаж байсан. ...Г- Т-тай заамдалцаад зогсож байхаар нь “боль” гээд салгахад Т- над руу дайрахаар нь түүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Газар байсан машины дугуй тайлахад хэрэглэдэг дорцовыг О- авах гээд байхаар нь “цохих гэж байна” гэж бодоод түүний нүүр рүү өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/,

мөрдөн байцаалтанд Ө.Т- яллагдагчаар өгсөн: Караокенаас гартал Т- “Нисэхэд та нарыг алхуулахгүй” гээд Г-ийг заамдахад Б- Т-ыг цохисон. Тэгтэл Б- рүү Э- дайрахаар нь би Э-ын толгой руу нь гараараа 3-4 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 123-124-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Хэрэгт авагдсан баримтаар: 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааранд хохирогч Ч.Т- Ү.Г- нар нь хоорондоо “хажуугаар гарахдаа шүргэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэсэн ба улмаар тус баарны үүдэнд Ү.Г-тэй хамт явсан энэ хэргийн шүүгдэгч М.Б-, Ө.Т- нар нь хохирогч Э.Э-, Ч.Т- нартай харилцан зодолдох явцдаа шүүгдэгч М.Б- нь хохирогч Ч.Т-ын нүүр рүү цохиж биед нь “хамрын зүүн хэсэгт, нуруунд шарх, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн зодооныг салгахаар очсон хохирогч Г.О-ийн нүүр рүү нь өшиглөж “баруун дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 1-р шүд, зүүн доод үүдэн 1-р шүдний паалангийн эмтрэл, уруулийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Ө.Т- нь хохирогч Э.Э-ын толгой руу гараараа цохиж биед нь “тархи доргилт, дух, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, завьжинд язрал, дух, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Б- нь хохирогч Ч.Т-ын нүүр рүү цохиж биед нь “хамрын зүүн хэсэгт, нуруунд шарх, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан, мөн хохирогч Г.О-ийн нүүр рүү нь өшиглөж биед нь “баруун дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 1-р шүд, зүүн доод үүдэн 1-р шүдний паалангийн эмтрэл, уруулийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Ө.Т- нь хохирогч Э.Э-ын толгой руу гараараа цохиж биед нь “тархи доргилт, дух, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, завьжинд язрал, дух, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

          

           Шүүгдэгч М.Б-, Ө.Т- нар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Хохирогч Ч.Т- “гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 25-р хуудас/ гэж, хохирогч Э.Э- нь “гомдолгүй. Харин толгойн томографийн зураг авахуулсан 80.000 төгрөг нэхэмжилнэ” /хх-ийн 19-р хуудас/ гэж мэдүүлсэн байна.

Хохирогч  Г.О- нь “шүүгдэгч М.Б-эс имплант шүд хийлгэх зардал 6.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэж баримтаар “Сайхан шүд” ХХК-ийн үйлчилгээний үнэ ханшийн талаарх мэдээллийг фото зургаар бэхжүүлж хэрэгт хавсаргажээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан боловч “Сайхан шүд” ХХК-ийн үйлчилгээний үнэ ханшийн талаарх мэдээлэл нь хохирогч Г.О-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах зардлыг нотолсон баримт гэж үзэхгүй юм. Иймд хохирогч Г.О- нь эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б-, Ө.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тэрээр тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлыг нь харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч нарт торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-, Ө.Т- нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Б-, Ө.Т- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон      

                                                                                                  ТОГТООХ НЬ:

 

1. Оймууд овогт М-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

 Хатгин овогт Ө-ын Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 950 /есэн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 /есэн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-ийг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-, Ө.Т- нарт мэдэгдсүгэй.

 

            4. Хохирогч Г.О- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.Б-эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            5. Шүүгдэгч М.Б-, Ө.Т- нар нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Б-, Ө.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР