Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2016/05380

 

2016 оны 10 сарын 12 өдөр

 

 

Дугаар 102/ШШ2016/05380

            

       Улаанбаатар хот

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Хандгайтын 42-517 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр УХ79122305, Боржигин овогтой Нямхүүг төлөөлж Ө.Рэнцэнпэлжидийн гаргасан нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, Гурвалжингийн гүүр, “Буд-Оюу” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж Ө.Рэнцэнпэлжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Энэбиш нь 2015 оны 7-р сарын 28-ны өдөр “Буд-Оюу” ХХК-ны бартераар авсан Баянзүрх дүүргийн 16-р хороолол, “Монгол хотхон”-д байрлалтай 2 өрөө байрыг харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 м.кв-ыг 1 680 000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тэгээд “Байр худалдан авах урьдчилгаа төлөх хэлцэл” хийж, 2015 оны 7-р сарын 28-наас эхлэн нийт 16 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл У.Батхүү нь байрныхаа 1 м.кв-ыг 1 850 000 төгрөгөөр захараар болоо гэснээс болж маргаантай болж, гэрээнээсээ татгалзаж мөнгийг буцааж өгөхөөр болсон. Мөнгийг цувуулж буцааж өгсөөр одоо 1 000 000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг удаа дараа шаардсан боловч “удахгүй өгнө, мөнгө орж ирэхээр өгнө, ажил орж ирэхгүй байна” гэсээр өдий боллоо. Иймд “Буд-Оюу” ХХК-иас 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Энэбишийг төлөөлж Ө.Рэнцэнпэлжид нь “Буд-Оюу” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Н.Энэбиш нь 2015 оны 07-р сарын 28-ны өдөр “Буд-Оюу” ХХК-тай “Байр худалдан авах урьдчилгаа төлөх хэлцэл” хийж,  Баянзүрх дүүргийн 16-р хороолол, “Монгол хотхон”-д байрлалтай 2 өрөө байрыг худалдан авахаар амаар тохирч, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр /хх 4/ тохирчээ.  

Харин сууцны 1 м.кв талбайн үнийг 1 680 000 төгрөгөөр тохирсон боловч худалдагч үнийг 1 850 000 төгрөг болгосноос маргаан гарч, худалдан авагч гэрээнээс татгалзсан, улмаар шилжүүлсэн 16 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй байгаа 1 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч “Буд-Оюу” ХХК-ний захирал У.Батхүү нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 8-р сарын 16-ны өдөр гардан авчээ. 

Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 8-р сарын 16-ны өдөр хүлээн авсан боловч ирээгүй байх тул 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 249-р зүйлийн 249.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Буд-Оюу” ХХК-иас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулж Нямхүүгийн Энэбишт олгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 850 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Буд-Оюу” ХХК-иас 28 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Р.АЛТАНТУЯА