| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0390/Э |
| Дугаар | 396 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 396
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Б.Батсүх,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч Ө.Ө.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.С-д холбогдох эрүүгийн 1918004490411 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, “Дархан” захад худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Ө.С-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ө.Ө.С- нь 2016 оны 03 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, “Дархан зах” дотор үйл ажиллагаа явуулдаг Л.Л.О-ийн эзэмшлийн тоглоомын лангуун дээр худалдагчаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу бараа борлуулсан орлогын мөнгөнөөс 20.639.200 төгрөгийг завшиж бусдад хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Ө.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. 2013 оноос хойш 3 жилийн хугацаанд, Л.Л.О- эгчийн лангуун дээр ажиллаж байх хугацаандаа 20 639 000 төгрөгийг завшсан нь үнэн болно, хохирол төлбөрийг төлж барагдуулна” гэв.
Эрүүгийн 1918004490411 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ө.Ө.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2016 оны 03 дугаар сараас эхлэн Л.Л.О-ийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын лангуунд худалдагчаар ажиллаж эхэлсэн юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор “худалдан авагч тоглоом худалдаж аваад мөнгөө шилжүүлэх” гэхэд нь өөрийнхөө Хаан банкны 5108018284 гэх дансыг тухайн хүнд нь өгөөд мөнгийг нь авчихдаг байсан юм” гэх мэдүүлэг /2-р хх 124/,
Хохирогч Л.Л.О-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...зарагдсан бараагаа тулгаж үзэхэд зохих хэмжээнд дутдаг байсан ч одоогийнх шиг иим ноцтой их зөрүү гардаггүй байсан. Би 4 дүгээр сард сарын хугацаатай Англи улс руу явах гээд Ө.С-д “би явлаа намайг байхгүйд ажлаа сайн хийгээд орлогоо манай нөхөр болох Ганзүрхийн данс руу хийж байгаарай" гэж хэлээд явсан. Эргэж ирээд нөхрийнхөө данснаас орлогын мөнгөө харахад маш бага хэмжээтэй өдөр тутамд ордог орлогоос эрс бага байсан. Тэр үеэс нь хардаж эхэлсэн. Тэгээд 5 дугаар сард би өөрийн лангуун дээрээ очоод байж байтал “Капитрон банк”-ны хуримтлал үүсгэдэг явуулын касс явж байсан. Тэр үед хүн мөнгө өгч байхад нь санамсаргүй хартал Ө.Ө.С- гээд нэр нь байхаар нь өөр дээр нь очин чи мөнгө хийдэг юм уу? гэж асуухад шууд миний урдаас уучлаарай эгчээ гэж байсан. Тэр үед нь би миний мөнгөнөөс тухайн банкны дансанд хийж байсныг ойлгосон. Гэхдээ энэ дансанд Ө.С- мөнгийг нь өгч манай хажуу лангууны Б.С-гаар хийлгэдэг байсныг Ө.С- өөрөө надад хэлсэн. Тэгээд би Ө.С-од надад Капитрон банкны дансныхаа хуулгыг аваад өгчих гэтэл за гэж хэлэн авч өгсөн. Тэгээд дансных нь хуулгыг үзтэл 5 484 000 төгрөг байсан. Энэ үйл явдлын дараа Ө.С-о чи “Хаан банк”-ныхаа дансны хуулгыг надад авч үзүүл би чамайг хардаж байна гэж хэлтэл 10 хоногийн дараа надад дансныхаа сүүлийн 3 жилийн хуулгыг авч өгөхөд 81 000 000 төгрөгний орлого орсон байсан. Үүнээс 28 400 000 төгрөг орсон байсан нь гүйлгээний утга дээр нь тодорхой тоглоомны нэртэй байсан. Миний хардах болсон шалтгаан нь зарагдсан барааны мөнгийг зөвхөн миний дансанд хийж байгаарай гэсэн байхад тийм утгатай маш олон гүйлгээ тухайн хүний дансаар хийгдсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх 9/,
“...Пийк Ом Аудит ХХК-ийн санхүүгийн шинжээчийн гаргасан 20 663 341 төгрөгийн мөнгөн дүн нь баримт нотолгоотой учраас санал нийлж байна. Харин би энэ мөнгөн дүн дээр санхүүгийн шинжилгээ хийлгэсэн төлбөр болох 800 000 төгрөг болон Хаан банкны дансны хуулга авсан 30 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх 155/,
Гэрч Б.Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх би өөрөө мөнгө хуримтлуулдаг байсан. Тэгтэл нэг өдөр Ө.С- над дээр ирээд “чи банканд хуримтлал үүсгээд байгаа юм уу? би бас хадгалдаг юм бил үү” гэхээр нь яаж тэгж болдог юм бэ баригдчихваа би л лав мэдэхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд маргааш өдрөөс нь эхлэн дансаа нээлгүүлчихсэн гэж над дээр ирэн 20 000 төгрөг чи хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд л би тухайн мөнгийг хийж эхэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 11/,
Гэрч П.П.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би заримдаа дэлгүүрээс хоол хүнсний юм авах гэсэн юм хэдэн төгрөг явуулчих гэж хэлдэг байсан. Тэгээд миний данс руу явуулдаг байсан. Зарим тохиолдолд дэлгүүрийнх нь данс руу хийдэг байсан. Нэг шилжүүлэхдээ 10 000-20 000 төгрөг над руу шилжүүлдэг байсан. Би ямар ч байсан мөнгө хийж хуримтлал хийдэг байсныг нь мэднэ. Тэгэхдээ яг хаанаас мөнгө авч хуримтлал үүсгэдэг байсныг нь би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх 12/,
“Пийк Ом Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх 160-162/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 5/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 15/,
Арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /1-р хх 17-23/
Шүүгдэгч Ө.Ө.С-ын Хаан банкны дансны хуулга /1-р хх 24-141/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх 142-153/
Ц.Эрхсарангийн төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх 131/,
Шүүгдэгч Ө.Ө.С-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх 132-136/
П.П.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх 137/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ө.Ө.С- нь 2016 оны 03 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, “Дархан зах” дотор үйл ажиллагаа явуулдаг Л.Л.О-ийн эзэмшлийн тоглоомын лангуун дээр худалдагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу бараа борлуулсан орлогын мөнгөнөөс 20.639.200 төгрөгийг завшиж бусдад хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Ө.С- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Ө.Ө.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Л.Л.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 20.639.200 төгрөг, шууд бус хохиролд шинжээчийн дүгнэлт гаргуулсан 800.000 төгрөг, Хаан банкны дансны хуулганы шимтгэл 29700 төгрөг, нийт 21.468.900 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчээс 1.500. 000 төгрөг төлж барагдуулсан ба үлдэх 19.968.900 төгрөгийг шүүгдэгч Ө.Ө.С-ос гаргуулан хохирогч Л.Л.О-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Ө.С- нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр охин Ц.А- төрүүлсэн, одоо 02 сартай болох нь төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно” гэсэн хуулийн заалтад харшлах шалтгаан үгүй байна.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэхэд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө.С-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө.С-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө.С-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ө.Ө.С-ос 19.968.900 /арван есөн сая есөн зуун жаран найман мянга есөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Г.Л.О- -д олгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө.С-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Ялтан Ө.Ө.С- шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх, санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ө.С-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ