Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2016/05381

 

2016 оны 10 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05381

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Сүхбаатарын гудамж, 8/5 байр 208 тоотод байрлах “Брайт сити” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороо, 23В байрны 130 тоотод оршин Мөнхжаргалын Мөнх-Оч /РД:ЧМ88022517/ холбогдох 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа,  хариуцагч М.Мөнх-Оч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн захирал байсан Ариунаа иргэн Мөнх-Очтой компанийн эзэмшилд байдаг Бэлхэд байрлах 1.5 га газрыг жуучлан зарах, эзэмших эрхийг шилжүүлэх, газрын зориулалт солиулах ажил хийлгэхээр тохиролцож, ажлын хөлсөнд 2014 оны 3-р сарын 21-ний өдөр 8 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Мөнх-Оч нь дээрх ажлыг гүйцэтгээгүй бөгөөд ажлаа хийгээгүй болохоор авсан мөнгөө буцааж өг гэсэн шаардлага тавихад “таны мөнгийг өгнө” л гэдэг. Бид мөнгөө авах шаардлагыг олон удаа тавьсан боловч одоохон өгнө, машин зараад өгнө, мөнгөө цуглуулж байна, хэд хоногийн хугацаа өгчих гэж худлаа шалтаг тоочсоор байгаад сүүлдээ утсаа ч авахгүй болж, эхнэр нь уурлаж загнадаг болсон. Мөнх–Оч нь манай мөнгийг өгөхгүй гэдэггүй, өгнө гэсэн бичиг ч хийж өгч байсан ч мөнгө өгөхгүй өдийг хүртэл хохироож байгаа тул М.Мөнх-Очоос 8 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Брайт сити” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн М.Мөнх-Очид холбогдох 8 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв. Хариуцагч 8 000 000 төгрөгийг 2016 оны 12-р сарын 12-нд 1 500 000 төгрөг, 2017 оны 2-р сарын 12-нд 2 500 000 төгрөг, 2017 оны 4-р сарын 12-нд 4 000 000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэв. Энэхүү эвлэрлийг талууд харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан, төлбөрийг үл маргах журмаар төлнө гэжээ.

 

Хариуцагч М.Мөнх-Оч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Брайт сити” ХХК-ийн нэхэмжилсэн 8 000 000 төгрөгийг 2016 оны 12-р сарын 12-нд 1 500 000 төгрөг, 2017 оны 2-р сарын 12-нд 2 500 000 төгрөг, 2017 оны 4-р сарын 12-нд 4 000 000 төгрөгийг төлөхөөр тохирлоо. Энэхүү эвлэрлийг талууд харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан, төлбөрийг үл маргах журмаар төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Брайт сити” ХХК нь М.Мөнх-Очид холбогдох 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, 8 000 000 төгрөгийг  хариуцагч М.Мөнх-Оч 2016 оны 12-р сарын 12-нд 1 500 000,  2017 оны 2-р сарын 12-нд 2 500 000 төгрөг, 2017 оны 4-р сарын 12-нд 4 000 000  төгрөг төлөхөөр харилцан тохирсон байна.

 

Хэдийгээр талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулсан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М.Мөнх-Оч нь “Брайт сити” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 8 000 000  /найман сая/ төгрөгийг 2016 оны 12-р сарын 12-нд 1 500 000,  2017 оны 2-р сарын 12-нд 2 500 000 төгрөг, 2017 оны 4-р сарын 12-нд 4 000 000  төгрөг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнх-Очоос 71 500  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА