| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0391/Э |
| Дугаар | 397 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 397
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогч О.О.С-,
Шүүгдэгч Э.Э.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-од холбогдох эрүүгийн 1918000000437 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 сарын сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн баяжуулахын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт урьд Дархан-Уул аймгийн Сум дундын 7-р шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.Т-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Э.Т- нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархын сум, 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эгийн уулс” нэртэй зочид буудлаар үйлчлүүлээд гарахдаа буудлын ажилтан О.О.С-ийн эд зүйлсээ хийсэн “Michael kors” брэндийн гар цүнх, LV брэндийн жижиг хэтэвч, “Honda Insight” маркийн автомашины чиптэй түлхүүр 1ш, биет 630 000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 255 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч О.О.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр унтаж байхдаа дэрэн доогуураа цүнхээ хийсэн байсан. Миний бие тухайн үед буудалд ресепшнээр ажиллаж байсан. Өглөө үүрээр 04:30 цагийн үед шүүгдэгч манай буудалд орж ирээд өрөө захиалсан. Шүүгдэгч нь манай өрөөнд 2-3 удаа орж ирээд байхаар нь хаалгаа түгжээд унтсан. Шүүгдэгч нь өглөө 06:30 цагт буудлаас гарсан байсан. Тухайн үед шүүгдэгчээс “танаас юу үнэртээд байгаа юм бэ?” гэхэд “би мах зардаг гэж” хэлж байсан. Миний цүнхэн дотор түрийвч байсан ба түрийвч дотор 500 000 төгрөг нийтдээ бэлнээр 650,000 төгрөг байсан. Миний бие шүүгдэгчээс нийт 1 200 000 төгрөгийг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”гэв.
Эрүүгийн 1918000000437 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Э.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...”Эгийн уулс” зочид буудалд 4 цагийн орчим шөнө орсон. Тэнд нэг хүүхэн байсан тэгээд тухайн хүнээс хүүхэн байна уу гээд асуусан чинь 100 000 төгрөг гэж хэлсэн. Тэр 100 000 төгрөг дээр буудлын 30 000 төгрөг гээд надаас 130 000 төгрөг авсан. Тэгээд би нэг өрөөнд нь ороод унтаад өгсөн байсан. Өглөө 06 цагийн орчим сэрээд би чамд мөнгө төлсөн унтъя гэсэн чинь юу яриад байгаа юм. Шөнө унтаа биздээ гэхээр нь би уурлаад өөрийнхөө байсан өрөөнд ороод цүнхээ аваад гарсан чинь миний цүнхтэй хамт нэг цүнх байсныг мэдээгүй хамт аваад гарсан байсан тэгэхээр нь буудлаас гараад цүнхийг нь үзсэн чинь цөөхөн хэдэн төгрөг байхаар нь тэр цүнхийг нь хаячихсан хаана хаяснаа санахгүй байна. Тухайн үед миний уусан архи гараагүй байсан” гэх мэдүүлэг /хх 28/,
Хохирогч О.О.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний хөлний орчим орон дээр суугаад аль эсвэл толгойны орчим ирж зогсоод байсан би өөрийнхөө цүнхийг дэрэлж байсан дэрнийхээ доор хийсэн байсан. Тэр залуу тэгж байгаад гараад явсан тэгэхээр нь би унтаад өгсөн. 08 цаг өнгөрч байхад зочид буудлыг хариуцдаг Ж.Д- эгч орж ирээд буудлын өрөөний 25 000 төгрөгөө өгөө гэхээр нь цүнхэн дотроос мөнгө авч өгөх гээд цүнхээ үзсэн чинь миний цүнх алга болсон байсан. Тэгэхээр нь нөгөө залуугийн байсан өрөөнд яваад ороход тэр залуу гараад явчихсан байсан. Өрөөнд нь дотуур өмд, хөлийн жийрэг, куртек нь үлдсэн байсан. Тэр залуу надад хэлэхдээ махны ченж хийдэг өглөө мах зарна гэхээр нь би буудлаас гараад зах орж тэр залууг хайсан чинь олдохгүй байхаар нь буцаж буудал дээрээ ирээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх 10/,
Гэрч А.А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Э.Э.Т- нь 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн. Эхээсээ 5-уулаа айлын бага хүүхэд байгаа юм. Бид хоёр 2011 онд танилцсан түүнээс хойш хамт амьдарч байна. Манай нөхөр дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй. Манай хүүхэд 2017 онд төрсөн одоо 2 настай өөр хүүхэд байхгүй. Манай нөхөр Дархан Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаад чөлөө авсан байгаа. Манай нөхөр хувиараа мал зарж борлуулах ажил хийдэг юм. Зан харьцааны хувьд дөлгөөн ажилсаг, гэр бүлдээ хайр халамжтай. Айлын ганц хүү болохоор аав, ээждээ сайн тусалдаг” гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч Ж.Ж.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09-р сарын 11-ний өглөө буудал руу орсон чинь М-- гэж дууддаг О.С- унтаж байсан юм. Буудалд хүн хоносон гэхээр нь өрөөний мөнгө авах гээд орсон чинь М-- цүнхээ хулгайд алдсан байна манай буудалд нэг хүн хоносон юм. Тэр хүн авчихлаа гээд гарч яваад хайгаад байсан” гэх мэдүүлэг /хх 17/,
“Капитал зууч” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 19/,
Шүүгдэгч Э.Э.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 30-31, 33-36/,
Э.Т-ын А-н төрсний гэрчилгээний хуулбар, /хх 32/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Э.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархын сум, 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эгийн уулс” нэртэй зочид буудлаар үйлчлүүлээд гарахдаа буудлын ажилтан О.О.С-ийн эд зүйлсээ хийсэн “Michael kors” брэндийн гар цүнх, LV брэндийн жижиг хэтэвч, “Honda Insight” маркийн автомашины чиптэй түлхүүр 1ш, биет 630.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 255 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э.Т- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Э.Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч О.О.С- шүүхийн хэлэлцүүлэгт... “нийт 1 200 000 төгрөгийг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгч Э.Э.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэхэд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Э.Э.Т-ыг зан үйлээ засах үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь Э.Э.Т- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.Т-од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ