Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 16

 

             Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

             Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, .... дугаар хороо, ........., ......... палас ..... давхар, ..... тоотод байрлах “А И” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,  

             Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал,  Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох,

             Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 68, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ууд, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 тоот тогтоолын, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын  23-ны өдрийн 01 тоот тогтоол болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолын, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот тогтоолын “А И” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З,  хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал, Б.Эрдэнэбаяр, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бямбасүрэн, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Баярцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “А И” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь Дорнод аймгийн Гурванзагал сумын Хөшиг нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026811 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

            2017 оны 06 сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/4351 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар буюу Аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг мэдэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт бичгээр хүсэлт тавин 2017 оны 8-р сарын 21-ний өдөр хариу хүлээн авсны үндсэн дээр Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 68 тоот болон 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 139 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-уудыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлсэн болохыг мэдсэн. Иймд манай компани дор дурдсан үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

            1. Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн засаг даргаас саналыг авахаар явуулсан.

             2. Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан “хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан “... хариу...”-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр хариу өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно гэж тус тус заасан байхад Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал” нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгийн “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Худаг усны цэг олонтой, 22 өрхийн өвөлжөө хаваржаа, газрын тосны хайгуулын “Эм Пи Ай” ХХК-ийн БХГ-тай талбайтай давхцаж байна. Иймд газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт” гэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:” гээд 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар” гэсэн байна. Бэлчээр, уст цэг гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52.7 дах хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Усны сан, газрын тосны хайгуулын газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт байхгүй. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 68 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байгаа тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй.

            Мөн Гурванзагал сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 23-ны 01 тоот тогтоол, Гурванзагал сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоол буюу “санал” нь Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой байхад худаг, малын хашаа байрладаг, газрын тосны “Эн Пи Ай” ХХК-ийн талбайтай давхцаж байгаа зэрэг үндэслэлийг дурьдаж татгалзсан нь мөн л дээрх УДШ-ийн тогтоолыг зөрчиж байна.

             Ийнхүү Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 68 тоот санал болон 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 139 тоот “дэмжихгүй” санал нь үндэслэлгүй байна.

             Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 68 тоот санал болон 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 139 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулж, №026811 дугаарт бүртгэгдсэн “Хөшиг” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан захиргааны 7 актын үндэслэл бол ойролцоо юм. Дорнод аймгийн Засаг дарга 2015, 2016 онд 2 удаа татгалзсан санал гаргасан. Уг дэмжихгүй саналдаа ус цэг олонтой, 22 айлын өвөлжөө хаваржаа байгаа, мөн 18 дугаар талбайтай давхцсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар татгалзсан. Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгдчийн 2016 оны 02 сарын 04-ний өдрийн 16 тоот тогтоолын хувьд уг хуралдаанаар 6 аж ахуй нэгжийн асуудлыг оруулсан боловч 1 асуудлыг шийдвэрлэж, нөгөө 5 асуудлыг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байдаг юм. Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 11 сарын 23-ны 01 тогтоолд  22 өрхийн 8853 толгой мал, 14 худаг, 22 малын хашаа байрладаг учраас дэмжих боломжгүй гэсэн санал гарсан байдаг. Мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолоор дээрх үндэслэлээр дэмжихгүй гэсэн санал гаргасан. Тус сумын 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолын тэмдэглэлээс харахад тодорхой үндэслэл дурдаагүй татгалзсан байдаг. Харин 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  07 тогтоолыг гаргахдаа өмнө нь энэ асуудлаар хэлэлцсэн учраас дахин татгалзах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Чойбалсан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 43 тоот тогтоолд тодорхой үндэслэл байхгүй 54.1 хувийн саналаар татгалзсан байдаг. Чойбалсан сумын ИТХ-н Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 25-ны 07 тоот тогтоолд газар тариалангийн газартай давхцаж байгаа учраас татгалзсан санал гаргасан байдаг. Ер нь бол уг захиргааны актууд нь өвөлжөө хаваржаа, тариалангийн газар, бусдын эзэмшил газартай давхцсан, мөн Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 18 дугаар талбайтай давхцсан үндэслэлийг дурдсан байдаг юм. Эдгээр үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан хууль зүйн татгалзах үндэслэл болохгүй гэдэг талаар тайлбарлах нь зүйтэй байх. Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын явцад худаг, өвөлжөө хувийн болон нийтийн зориулалтай орон байр бусад барилга байгууламж болон түүх соёлын дурсгалт зүйлд гэм хор учруулсан бол хохирлыг нь эзэмшигчид нь бүрэн хэмжээгээр нь нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна гэж заасан байдаг. Үүнээс дүгнээд үзэхэд өвөлжөө хаваржааны газар болон ашигт малтмалын хайгуулын газартай давхцаж болохоор, харин энэ явцад гэм хор учруулбал түүнийг нөхөн төлөх зардлыг хариуцах боломжтой байдал харагдаж байна. Ашигт малтмалын хайгуул хийх бол газрын хэвлийг ашиглахтай холбоотой асуудал юм. Газрын тухай хуулийн 3.1.1-т газар гэж түүний хөрс, газрын гадаргуу, ургамал бүхий орон зайн давхаргыг ойлгоно гэж заасан байдаг. Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай түүнийг эзлэн орших бүх материаллаг зүйлсийг газрын хэвлийн гэж заасан. Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д газрын хэвлийн ашиглах зориулалтыг геологийн судалгаа хийх, ашигт  малтмал олборлох гэсэн төрөлтэй байдаг. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар газрын хэвлий ашиглагчид нь эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авсан байхыг шаардана. Үүнээс харахад газрын хэвлий ашиглагч гэдэг нь ашигт малтмалын хайгуул хийх гэж байгаа эрх бүхий этгээд. Эзэмшигч, ашиглагч гэдэг нэр томъёог хэрэглэхийн тулд тухайн этгээд нь хуульд заасан үндэслэлээр зөвшөөрөл авсан байх ёстой. Үүнээс харахад газрын хэвлий ашиглагч буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газар эзэмшигч хоёрын газар давхцаж болно. Харин газрын хэвлий ашиглагч нь газар эзэмшигчээс зөвшөөрөл авах хуулийн зохицуулалт байна. Газрын тосны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т Түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан гэрээ байгуулж, бие биенийхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллана гэж заасан. Үүнээс харахад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл газрын тосны тусгай зөвшөөрөл давхцаж болох нь харагдаж байна. Хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь зохицож чадахгүй бол мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын талбайтай бусад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбай давхацсан тохиолдолд нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн Засгийн газар зохицуулалт хийнэ. Иймд газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй талбайтай давхцсан гэдэг үндэслэлээр татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх шүүх хурал дээр Ашигт малтмал Газрын тосны кадастрын хэлтсээс 18 дугаар талбайг тусгай хэрэгцээнд авсан эсэх талаар лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан боловч Ашигт малтмал, Газрын тосны кадастрын хэлтэс уг хүсэлтэнд хариу ирүүлээгүй байсан. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газар байгуулна. Харин тусгай хэрэгцээнд авах эсэх асуудлыг Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Засгийн газар тогтооно. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан газар болгоныг Засгийн газар тусгай хэрэгцээнд авдаггүй гэж байсан. Тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах талаараа Засгийн газар шийдвэрлэнэ. Ер нь 18 дугаар талбайг Засгийн газар тусгай хэрэгцээнд аваагүй гэж үзэж байна. 2015 оны хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солиболцлыг Засгийн газар 2014 оны 239 дүгээр тогтоолоор тогтоож өгсөн. Тиймээс Засгийн газар өөрийнхөө тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тогтоол гаргах үндэслэлгүй.  Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад  бүртгүүлэх ёстой байсан. Иймд “Аурора Инвестмент” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь ямар нэгэн давхцалгүй учраас орон нутгаас нь санал авахаар ирүүлсэн. Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд нь “дэмжихгүй байя гэсэн саналаар дэмжээгүй” түүнээс биш 22 өрхийн өвөлжөө, хаваржаа давхацсан талаар кадастрын зургаар ямар нэгэн байдлаар шүүж үзсэн зүйл байхгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

             Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хот, “А И” ХХК-ийн “аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 68 дугаар санал, 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 139 дүгээр санал болон Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Гурванзагал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 сарын 29-ний 07 дугаар тогтоолын “Аурора Инвестмент” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, №026811 дугаарт бүртгэгдсэн Хөшиг нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

             1. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтад “аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх”-өөр заасан. Энэ дагуу аймгийн Засаг даргаас албан бичгээр Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал авахад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн уг Хөшиг нэртэй талбайд 22 өрхийн 8853 толгой мал, 14 худаг, 22 малын хашаа байрладаг бөгөөд тусгай хэрэгцээний газар болох газрын тосны “Эм Пи Ай” ХХК-ийн 18 дугаар талбайтай давхцалтай үндэслэлээр дэмжихгүй гэсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дугаар тогтоол болон 2016 оны 07 дугаар тогтоол ирсэн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга Ашигт малтмал газрын тосны газарт 2015 оны 11 сарын 27-ны 68 тоот, 2016 оны 02 сарын 15-ны 139 тоот “дэмжихгүй” гэсэн санал хүргүүлсэн болно. Аймгийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хянах өөрчлөх эрхгүй болно.

            2. “А И” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Гурванзагал сумын Хөшиг нэртэй газар нь тусгай хэрэгцээний газар болох газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт “Эм Пи Ай” ХХК-ийн 18-р талбайтай давхцалтай байгаа нь Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын, газрын даамлаас гаргасан зургаас харагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 7.4 дүгээр заалтад “нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно” гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 16.1.8 дугаар заалтад заасан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай нь тусгай хэрэгцээний газарт хамаарах бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.2-т тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэж заасан байдаг тул татгалзсан санал өгсөн.

             Иймд “А И” ХХК-ийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А И” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын “Хөшиг” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн боловч тус аймгийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан санал ирүүлээгүй гэж байна. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”. Дорнод аймгийн Засаг дарга нь уг татгалзсан саналдаа Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоол, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгдчийн 2016 оны 01 сарын 25-ны өдрийн 07 тоот тогтоолыг үндэслэж тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн санал өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д зааснаар бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай хамаарна. Тиймээс “Эм Пи Ай” ХХК-ийн 18 дугаар талбай нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байхыг шаардана. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэх талаар тодруулах үндэслэлтэй. Гэтэл уг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь “Эм Пи Ай” ХХК-ийн 18 дугаар талбайтай давхцаж байгаа учраас дэмжээгүй санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтсээс ирүүлсэн албан бичигт “А И” ХХК-ийн Дорнод аймгийн Гурванзагал сумын “Хөшиг” нэртэй газар хайгуулын зөвшөөрөл хүссэн өргөдөл нь “Эм Пи Ай” ХХК-ийн 18 дугаар талбайтай давхцалтай байна гэж хариу ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “А И” ХХК-ийн Дорнод аймгийн Гурванзагал сумын “Хөшиг” нэртэй газар хайгуулын зөвшөөрөл хүссэн өргөдөлд “Эм Пи Ай” ХХК-ийн 18 дугаар талбайтай давхцалтай гэдэг үндэслэлийг дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж байна. 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын 238 дугаар тогтоолоор “Эм Пи Ай” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан байна. Дорнод аймгийн Засаг дарга нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэж хариу хүргүүлнэ гэж заасан. Тиймээс уг дэмжихгүй саналдаа Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг тусгасан. Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын явцад худаг, өвөлжөө хувийн болон нийтийн зориулалтай орон байр бусад барилга байгууламж болон түүх соёлын дурсгалт зүйлд гэм хор учруулсан бол хохирлыг нь эзэмшигчид нь бүрэн хэмжээгээр нь нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна гэж заасан нь тусгай зөвшөөрөл, хайгуулын болон ашиглалтын явцад гэж байгааг анхаарах нь зүйтэй. Тиймээс энэ хуулийн зохицуулалт хэрэгт ач холбогдолгүй гэдгийг хэлмээр байна гэв.

             Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг миний бие даргалсан юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн зургаан аж ахуй нэгжийн санал, хүсэлтийг хэлэлцсэн. Бидний баримталдаг нэг зарчим бол анхан шат буюу тухайн сумын шийдвэр ямар гарсан байна гэдэг зарчмыг баримталдаг юм. “А И” ХХК-д Дорнод аймгийн Гурванзагал сумын “Хөшиг” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос 6 тэргүүлэгч татгалзаж, 1 тэргүүлэгч дэмжье гэсэн саналтай байсан. Бид сумын хурал нь саналаа ирүүлээгүй учраас хэлэлцэхгүй орхисон. Хурлын тогтоолын тайлбар хэсэгт “сумын санал ирэхэд дахиж хэлэлцэх” гэж байсан. Гэтэл Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 сарын 29-ний 07 тоот тогтоол нь гарсан мөртлөө манайд ирээгүй байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны журмын 3 дугаар зүйлийн 3.9 дэх заалтыг тус тус үндэслэн хуралдаанд ирвэл зохих 11 тэргүүлэгчээс 7 тэргүүлэгч оролцож 63.6 хувийн ирцтэйгээр уг асуудлыг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн. Иймд “А И” ХХК-ийн нэхэмжлэлийн хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.

             Хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А И” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0417/08/24/04 тоот албан бичигт тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоол нь “Хөрөнгө бүртгэж авах тухай” нэртэй тогтоол байгаа тул нэхэмжлэлийн утга санаатай холбоогүй байгаа болно. Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдсан ээлжит 09 дүгээр хуралдаанаар тус сумын нутаг дэвсгэр болох “Хөшиг” нэртэй талбайд хайгуул, судалгааны ажил явуулахыг дэмжихгүй гэж үзэн “Санал уламжлах тухай” 01 тоот тогтоолыг гаргасан болно.

             Учир нь хайгуул судалгааны ажил явуулах уг талбайд манай сумын 22 өрхийн 8853 толгой мал, 22 өрхийн өвөлжөө, хаваржааны хашаа, 14 худаг уст цэг байгаагаас гадна тусгай хэрэгцээний газар болох Газрын тосны “Эм Пи Ай” ХХК-ийн 18 дугаар талбайтай давхацсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны ээлжит 09 дүгээр хуралдаан болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны хуралдаанаар хэлэлцээд татгалзсан шийдвэр гаргасан. Ер нь одоогоор тухайн газарт 30 гаруй айл өрхийн 200000 гаруй мал нутагшиж байна. Мөн тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь атаршсан газартай хил залгаа оршиж байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй.

             Иймд “А И” ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

             Хариуцагч Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Баярцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “А И” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын “Хөшиг” нэртэй газар хайгуулын зөвшөөрөл хүссэн талбайд Чойбалсан сумын 36 га талбай хамаарч байгаа юм. Яагаад манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаас дэмжээгүй санал гаргасан бэ гэхээр тус газарт манай сумын малчид өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж амьдран нутагладаг. Хөшиг нэртэй газар нь газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа газартай 2.8 км ойрхон байсан учраас хуралдааны 54.1 хувийн саналаар дэмжээгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч “Аурора Инвестмент” ХХК нь Дорнод аймгийн Засаг даргын 2015  оны 11 дүгээр сарын 27-ны  өдрийн 68,  2016 оны 02 дугаар сарын 15-ны 139 дүгээр  “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн санал”-ууд, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулж, 026811 дүгээрт бүртгэгдсэн “Хөшиг” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд  заасны дагуу дэмжсэн санал  гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1] Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...026811 дугаарт бүртгэгдсэн “Хөшиг” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа багасган хасаж, “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 тоот тогтоолын, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолын “Аурора Инвестмент” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.[2]

             Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд өгсөн “Дэмжихгүй” саналыг Ашигт малтмал, Газрын тосны газар, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн ...эцсийн хариуг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан байна.

             Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

              Нэхэмжлэгч “А И” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал, Чойбалсан сумдын нутаг дэвсгэрийн M-50-111, M-50-99 кодтой планшетэд заасан, өргөдлийн бүртгэлийн NE-026811/XA-019829-001-NE/ дугаарт бүртгэгдсэн “Хөшиг” нэртэй 4195.87 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу, Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн 026811 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, дээрхи талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар тухайн талбай байрших Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

             Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Засаг дарга нь мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай  байрших сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны төв байгууллагад хариу өгөх талаар зохицуулсан, Дорнод аймгийн Засаг дарга нь Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43,[3] 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоол,[4] Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн 09 дүгээр хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 [5] болон Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний  өдрийн 07 дугаар тогтоол[6], Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоол[7] зэргийг тус тус үндэслэн, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68,[8] 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр[9] “Дэмжихгүй” саналыг хүргүүлжээ.

            Тэрээр дэмжихгүй үндэслэлээ: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.2.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт болон  Ашигт малтмалын хайгуул хүссэн талбай нь, ... 22 өрхийн 8853 толгой мал, 22 өвөлжөө, хаваржааны хашаа, 14 худаг уст цэг, малчин өрхийн өвөлжөө, хаваржааны эзэмшил газар, ...газрын тосны 18 дугаар талбайн тусгай хэрэгцээ болон тариалангийн талбайтай,  хайгуулын  “Эм Пи Ай” ХХК-ийн талбайтай тус тус давхцалтай гэжээ.

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар сум, дүүргийн Хурлын саналыг авч, Хурлын Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” заасны дагуу, Гурванзагал, Чойбалсан сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох эсэх асуудлын талаар аймаг, сумын Хурлын саналыг авч, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн шийдвэр тогтоолыг аймгийн Засаг даргад уламжилсан нь хуульд нийцжээ.

             Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох Гурванзагал, Чойбалсан сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн, “Хөшиг” нэртэй 4195.87 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” саналыг Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтэст хүргүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай  хуулийн 30 дугаар зүйлийн  30.1.13-т  харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” хуулийн заалтыг хэрэгжүүлсэн байна.

             Нэхэмжлэгч “А И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... дээрх талбайд Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс ... ямар нэгэн газар, талбайтай давхцалгүй, ... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой  гэж  үзсэн байхад  ... хариуцагч талаас тус компанийн өргөдөл гаргасан “Хөшиг” нэртэй талбай нь Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуух 18 дугаар талбай буюу тусгай хэрэгцээний газартай давхцалтай байна гэж үзэн холбогдох Кадастрын зураглалыг нотлох баримтаар ирүүлсэн байгааг дурдаж, Ашигт малтмал газрын тосны газраас ... манай компанийн NE-026811 дугаар бүхий өргөдөлтэй талбай нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй талбайтай ... давхцаж байгаа эсэх талаар тодруулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.[10]  

             Тус шүүхээс Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ... нотлох баримт гаргуулах тухай 3/52 дугаар албан бичгийг явуулсны дагуу, дээрх газраас 8/7726 дугаар бүхий албан бичгээр, ... Кадастрын зураг зүйн сангаас шүүж үзээд “А И” ХХК-ийн NE-026811/ /XR-019829/ тоот өргөдлийн талбай нь газрын тосны хайгуулын 18-р талбайтай бүхэлдээ давхцаж байна. ... 18-р талбайд Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар тогтоолоор, “Эм Пи Ай” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан талаарх хариуг тойм зургийн хамт ирүүлсэн байгаа болно.[11]

             Нэхэмжлэгч “А И” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Хөшиг” нэртэй газрын 4195.87 гектар талбай нь ... газрын тосны хайгуулын 18-р талбайтай бүхэлдээ давхцаж байгаа болох нь хэргийн оролцогчийн тайлбар болон Ашигт малтмал, Газрын тосны газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны  8/7726 тоот албан бичиг болон Кадастрын тойм зураглал, Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн давхцалыг харуулсан Кадастрын зураглал, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, хуралдааны тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

             Ийнхүү “А И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 4195.87 гектар талбай нь бүхэлдээ давхцалтай байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул Дорнод аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.3-ийн е-д ”нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход  хууль тогтоомжид заасны  дагуу санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” саналыг хүргүүлсэн нь хуульд нийцэж байна.

             Иймд  Дорнод аймгийн Засаг даргын “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн 68, 139 дүгээр саналууд болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гурванзагал, Чойбалсан сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, “Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолын, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолын “Аурора Инвестмент” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                                            

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ   ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 84-85-р хуудас

[3] Хавтаст хэргийн 8-р хуудасны арын нүүр

[4] Хавтаст хэргийн 9-р хуудас

[5] Хавтаст хэргийн 8-р хуудас

[6] Хавтас хэргийн 7-р хуудас

[7] Хавтаст хэргийн 114-р хуудас

[8] Хавтаст хэргийн 6-р хуудас

[9] Хавтас хэргийн 7-р хуудасны арын нүүр

[10] Хавтаст хэргийн 86-87-р хуудас

[11] Хавтас хэргийн 108-109-р хуудас