| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2434 00348 0154 |
| Дугаар | 2026/ХШТ/69 |
| Огноо | 2026-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2026/ХШТ/69
Б.З-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.*******,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч С.Базардорж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 543 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар магадлалтай Б.З-д холбогдох 2434 00348 0154 дугаартай эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Базардоржийн гаргасан гомдлоор 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Б-ын З, 2003 оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Г” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 7, ...-ийн хамт Сэлэнгэ аймгийн ... сумын ... дүгээр баг, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, (РД: ... ).
Холбогдсон хэргийн талаар:
Б.З нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 124 дүгээр даваа гэх газарт 00-00 УБР улсын дугаартай “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчиж, иргэн Ю.Ж-ы жолоодон, хурд сааруулагчаар гарч явсан 00-00 УНО улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас “Toyota Aqua” загварын 00-00 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас Б.З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жил жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-аас нийт 32.475.479 (гучин хоёр сая дөрвөн зуун далан таван мянга дөрвөн зуун далан ес) төгрөг гаргуулж, хохирогч Б.А-д 4.615.484 (дөрвөн сая зургаан зуун арван таван мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөг, иргэний нэхэмжлэгч Ю.Ж-д 11.319.500 (арван нэгэн сая гурван зуун арван есөн мянга таван зуу) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5.760.495 (таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Н-д 10.780.000 (арван сая долоон зуун наян мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5.760.495 (таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөг,
иргэний нэхэмжлэгч Г.Н-оос нийт 25.495.479 (хорин таван сая дөрвөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун далан ес) төгрөг гаргуулан хохирогч Б.А-д 8.415.484 (найман сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөг, иргэний нэхэмжлэгч Ю.Ж-д 11.319.500 (арван нэгэн сая гурван зуун арван есөн мянга таван зуу) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5.760.495 (таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөг тус тус олгохоор,
шүүгдэгч Б.З нь хохирогч Б.А-д 3.800.000 (гурван сая найман зуун мянга) төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч Б.А нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхин,
шүүгдэгч Б.З-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар захирамжаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “... Шүүгдэгч Б.З-аас нийт 32.475.479 (гучин хоёр сая дөрвөн зуун далан таван мянга дөрвөн зуун далан ес) төгрөг гаргуулж, хохирогч Б.А-д 4.615.484 (дөрвөн сая зургаан зуун арван таван мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөг …” гэснийг,
“… Шүүгдэгч Б.З-аас нийт 36.275.479 (гучин зургаан сая хоёр зуун далан таван мянга дөрвөн зуун далан ес) төгрөг гаргуулж хохирогч Б.А-д 8.415.484 (дөрвөн сая зургаан зуун арван таван мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөг …” гэж залруулсан байна.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлоор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд, 33 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж,
6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-аас нийт 32.475.479 (гучин хоёр сая дөрвөн зуун далан таван мянга дөрвөн зуун далан ес) төгрөг гаргуулж хохирогч Б.А-д 8.415.484 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ю.Ж-д 11.319.500 (арван нэгэн сая гурван зуун арван есөн мянга таван зуу) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5.760.495 (таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Н-д 10.780.000 (арван сая долоон зуун наян мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5.760.495 (таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөг” гэснийг
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-аас нийт 36.275.479 (гучин зургаан сая хоёр зуун далан таван мянга дөрвөн зуун далан ес) төгрөг гаргуулж, хохирогч Б.А-д 8.415.484 (найман сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөг, иргэний нэхэмжлэгч Ю.Ж-д 11.319.500 (арван нэгэн сая гурван зуун арван есөн мянга таван зуу) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5.760.495 (таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Н-д 10.780.000 (арван сая долоон зуун наян мянга) төгрөг” гэж өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч С.Базардорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч Б.З нь 2024 оны 06 сарын 14-ний өдөр 00-00 УБР улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.А-д хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Ю.Ж-д 21.350.000 төгрөгийн хохирол, Г.Н-д 9.823.000 төгрөгийн хохирол тус тус учирсан.
Шүүгдэгчийн гэм буруу, түүний үйлдэл нийгмийн аюулын шинж чанарт тохирсон. Гэмт хэргийн зүйлчлэл тохирсон. Харин анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгт иргэний хариуцагчаар Г.Н-г татан оролцуулан, гэмт хэргийн хохирол, хор уршгийг зөв хуваарилж шийдвэрлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Шүүгдэгч Б.З нь 00-00 УБР улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байсан. Г.Н болон Б.З нарын хооронд 2024 оны 06 сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 4.1.4-д түрээслүүлэгч нь зөвхөн мотор, хроп, баттерей хариуцах бөгөөд бусад явах эд анги болон бусад хохирол, зардлыг хариуцахаар, мөн гэрээний 5.1.4-т түрээслэгч нь ашиглалтын явцад гарсан бүхий л зардлыг хариуцахаар тохиролцсон.
Г.Н нь тухайн зам тээврийн осол болохоос 3 хоногийн өмнө шүүгдэгч Б.З-д түрээсийн эд хөрөнгийг буцаан хүлээлгэх өгөх талаар удаа дараа мэдэгдэж байсан талаар шүүх хуралдаан дээр мэдүүлэх бөгөөд Б.З нь тухайн түрээсийн эд хөрөнгийг буцаан өгөх шаардлага тавьж байсан талаар мэдүүлдэг. Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд иргэний хариуцагч гэмт хэрэг гарахаас өмнө түрээсийн эд хөрөнгийг буцаан хүлээлгэж өгөхийг шаардаж байсан ба хүлээлгэж өгөөгүйн улмаас бусдад учирсан хохирлыг Г.Н-д хариуцуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “3орчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Тухайн гэмт хэрэг гарах үед тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Ү” ББСБ буюу хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй, эзэмшигч Б.З нар байсан бөгөөд шүүх Г.Н-г тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 89.3 дахь хэсэгт “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж эзэмшигчийг хуулиар тогтоосон.
Тухайн зам тээврийн осол гаргасан 00-00 УБР улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч нь шүүгдэгч Б.З байх бөгөөд иргэний хуулийн дээрх зохицуулалтыг буруу хэрэглэж, Г.Н-г иргэний хариуцагчаар тогтоож шийдвэрлэсэн хуульд нийцэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд иргэний нэхэмжлэл болон хохирлыг хянан шийдвэрлэхдээ иргэний эрх зүйн диспозитив зарчим мөн адил үйлчилнэ.
Тодруулбал хохирогч Б.А өөрт учирсан хохирол, мөн иргэний нэхэмжлэгч Ю.Ж нь иргэний нэхэмжлэлээ шүүгдэгч Б.З-аас гаргуулах талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд мэдүүлдэг, хэлдэг.
Дээрх тайлбар мэдүүлгээс дүгнэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээр хохирол хор уршгийг хэнээс нэхэмжилж байгаа талаар хэлсэн байхад Г.Н-оос хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 сарын 26-ны өдрийн 2026/ДШМ/33 магадлалд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-оос 39.651.458 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч С.Базардорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-оос тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хувь тэнцүүлэн гаргуулсан нь үндэслэлгүй байна гэдэг агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан. Шүүгдэгч Б.З болон Г.Н нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээгээр “Toyota Aqua” загварын 00-00 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өдрийн 50.000 төгрөгийн түрээсээр ашиглуулна, Г.Н нь тухайн тээврийн хэрэгслийн мотор, хроп, баттерейны бүрэн бүтэн байдлыг хариуцна, түрээслэгч Б.З нь явах эд анги болон тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад учруулсан гэмтэл, хохирол хор уршгийг хариуцна гэдэг байдлаар талууд гэрээндээ тусгасан байдаг. Хоёр шатны шүүх гэрээний эрх зүйн харилцааг анхаарч үзээгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Талууд өөрсдөө хэн, ямар хэмжээгээр хариуцах вэ гэдгийг тохиролцсон асуудлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэж Г.Н-оос гаргуулж байгаа нь үндэслэлгүй.
Хоёрдугаарт, анхан шатны шүүх хуралдаанд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар “тухайн хохирлыг буруутай этгээдээс гаргуулъя” гэж мэдүүлж байсан. Буруутай этгээд гэдэг нь тухайн зам тээврийн ослыг гаргасан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээд буюу Б.З-аас гаргуулна гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа императив зарчмаар явагдаж байгаа боловч иргэний нэхэмжлэлтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үйлчлэх ёстой, хэн хэнээс юу шаардаж байгаа гэдгийг нотлох болон тодорхойлох эрх, үүрэгтэй гэж үзэж байна. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар хохирлыг Б.З-аас гаргуулна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хоёр шатны шүүх Г.Н энэ асуудлыг давхар хариуцах нь зүйтэй гэдэг байдлаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас хоёр шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Н-оос 25.495.479 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.З-д хариуцуулж өгнө үү” гэв.
Прокурор А.******* хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт, Эрүүгийн хуулийн хэрэглээ, хуульд заасан эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байгаа учраас прокурорын зүгээс дэмжсэн байр суурьтай оролцож байна. Харин гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн гэм хор, зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх бүсчлэлийг буруу тогтоосон нь хууль болон Улсын дээд шүүхийн тогтоолоос зөрүүтэй байгаа тул хоёр шатны шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Нэгдүгээрт, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь талд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 15.000.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.З болон иргэний хариуцагч Г.Н нараас хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Иргэний хуулийн холбогдох заалт болон хяналтын шатны шүүхийн тогтоосон хууль хэрэглээний практикт сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд буюу шүүгдэгч өөрөө хариуцах ёстой. Тийм учраас иргэний хариуцагч Г.Н-оос 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Б.З-аас 100 хувь гаргуулах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч Ю.Ж-ы хувьд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан хариуцлагыг түрээсийн гэрээнд заасан үүргээр шилжүүлэх боломжгүй учраас иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг Г.Н-оос гаргуулж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.З-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх бүсчлэлийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон байдаг. Энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул ялын бүсчлэлийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээр багасган тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч С.Базардоржоос “... иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-оос 39.651.458 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан нь үндэслэл бүхий байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирогч Б.А-д учирсан 16.830.968 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ю.Ж-д учирсан 22.639.000 төгрөгийн хохирлыг бүхэлд нь шүүгдэгч Б.З-аас гаргуулахаар шийдвэрлэж байгааг дараах байдлаар тайлбарлаж байна.
Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа хууль бус халдлагаас хамгаалах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
Бусдын нөлөөллөөс тусгаарлан өөрийн болгосон өмч, хөрөнгийг хэн нэгний халдлагаас хамгаалах нь зүй ёсоор өмчлөгчид тавигдах эрх юм.
Өмчлөх эрх нь зөрчигдсөн этгээд хууль бусаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэх шаардлагыг хэнд тавьж, хэнээс нэхэмжилж байгаагаас үл хамаарч шүүх хохирол хариуцвал зохих этгээдийг зөв тогтоон, эрх зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээх, эсхүл гэм хорыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүргийг хүлээлгэх бөгөөд энэ нь хуульд үндэслэх, шударга ёсны зарчмын нэгэн хэсэг болно.
2.1.Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ын сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтоогдсон (1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал)-ыг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд зааснаар нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлэн тооцож 15.173.400 төгрөг, эмчилгээ хийлгэсэн гэх баримтуудаас шаардлага хангасан 5.457.968 төгрөг, мөн иргэний нэхэмжлэгч Ю.Ж-ы тээврийн хэрэгсэлд учирсан 22.639.000 төгрөгийн хохирол (1 дүгээр хавтаст хэргийн 84, 85, 88 дахь тал)-ыг тус тус шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н нарт хувь тэнцүүлэн хариуцуулсан нь үндэслэлгүй байна.
А.Гэм хороос үүсэх үүргийн нэг төрөл болох тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорыг арилгахад хууль тогтоогч гэм хор үүссэн объектоос хамаарч хуулиар тусгайлан зохицуулсан тул “тээврийн хэрэгслийн эзэмшигч”-ийг зөв тогтоох нь гэм хорыг шударгаар нөхөн төлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын бүртгэл нь гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй.
Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тодорхойлоход тээврийн хэрэгслийн бүртгэл тодорхой үүрэгтэй байж болох хэдий ч энэ бүртгэлийг өөрчлөх үндэслэл болсон гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байх ба гэрээний дагуу үндсэн үүрэг хангагдаж, гэрээний хугацаа дууссанаар эд зүйлийг буцаан шилжүүлэх үүргийг үүрэг гүйцэтгэгч хүлээдэг.
Тодруулбал, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч байхаар тодорхойлсон агуулгаас үзвэл тээврийн хэрэгслийг байнга буюу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлган хөдөлгөөнд оруулж, ашиглаж байгаа этгээдийг эзэмшигч гэж тодорхойлсон.
Б.Шүүгдэгч Б.З нь иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-той 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ” (1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал)-ний үндсэн дээр 00-00 УБР улсын дугаартай “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгслийг мөн өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 2 сарын хугацаагаар түрээслэн авч, өөрийн ашиг сонирхлын дагуу ашиг олох үйл ажиллагаа явуулан, үр шимийг нь олж авч байсан учраас шууд эзэмшигч гэж үзнэ.
Ийнхүү Б.З нь аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай салшгүй холбогдох тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчин бусдад гэм хор учруулсан тул нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүйгээс гадна иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хамтран хариуцах үүрэг хүлээхгүй юм.
Хэдийгээр Г.Н өөрөө Б.З-д тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн боловч тус тээврийн хэрэгслийн эзэмшигчийг Г.Н-той гэрээ байгуулан эзэмшилдээ авсан Б.З гэж үзэх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу эзэмшигчийн хувиар гэм хорыг хариуцан арилгах үндэстэй.
В.Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н нь тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу зохих ёсоор ашиглахад сөргөөр нөлөөлсөн, нийтийн эрх зүйн хэм хэмжээ хийгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх гэм буруутай үйлдэл хэргийн хүрээнд тогтоогдоогүй болно.
2.2.Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн тээврийн хэрэгсэлд учирсан 9.823.000 төгрөгийн хохирол (1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал), мөн үнэлгээ, оношилгоо хийлгэсэн зардал 958.000 төгрөг (1 дүгээр хавтаст хэргийн 110, 113 дахь тал)-ийг шүүгдэгч Б.З-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь тэдний хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ний 5.1.3, 5.1.4, 6.2, 7.2 дахь заалт, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүд дэх гэм хор арилгах зохицуулалтууд, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасанд нийцсэн байх тул хэвээр үлдээв.
3.Шүүгдэгч Б.З нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сум, Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 124 дүгээр даваа гэх газарт 00-00 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасны дагуу урдаа яваа тээврийн хэрэгслийг хурдаа хасахад нь түүнийг мөргөхгүй байх хэмжээний зайг жолоодон явсан тээврийн хэрэгслийнхээ хурднаас хамааруулан сонгож яваагүйн улмаас Ю.Ж-ы жолоодон явсан 00-00 УНО улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөсөн осол гаргаснаар Б.З-гийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримтыг хоёр шатны шүүх зөрүүгүй тогтоож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нас, ажил эрхлэлт зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын заримыг төлсөн бөгөөд үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж буйг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь хуульд нийцжээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хохирогч Б.А-д эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалд 11.520.990 төгрөгийг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал) Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргасан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилсан байхад шүүх шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан нь буруу байх тул энэхүү зардлыг шүүгдэгчид бүхэлд нь хариуцуулах нь зүйтэй.
5.Шүүх зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нутаг дэвсгэрийг Дархан-Уул аймгийн хэмжээгээр тогтоож, тус хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй байх ба энэ талаарх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн прокурорын хууль зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэв.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг давхар агуулдаг.
Уг ял нь хорих ялын сөрөг талуудыг даван туулж, түүнийг орлох, нийгмээс тусгаарлахгүйгээр хүний эрхийг хамгийн боломжит хэмжээнд эдлүүлэхийн зэрэгцээ чөлөөтэй зорчин явах эрхийг нь хязгаарлах замаар цээрлэлийг үзүүлэх тэнцвэртэй байдлаар хэрэгжсэнээр зорилго нь биелнэ.
Иймээс ялтны гадагш зорчихгүй байх хязгаарлалтын бүсийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрээр тогтоох нь ялын зорилго, хэрэгжилт, тэнцвэрт байдалд сөрөг нөлөөтэй юм.
Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа эрүүл мэндийн тусламж авах, ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ шаардлага, нийгмийн оролцоо, боловсрол эзэмших зэрэг нөхцөл, боломж хадгалагдаж байгаа эсэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмын шалгуурууд хангагдаж байгаа эсэхийг харгалзах учиртай.
Дархан-Уул аймаг нь Монгол Улсын бусад аймгуудтай харьцуулахад нийт 4 сумыг багтаасан, харьцангуй жижиг нутаг дэвсгэртэй боловч зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг хууль хэрэглээний жишигт нийцүүлэн шүүгдэгчийн оршин суугаа сум болох Дархан-Уул аймгийн Дархан сумаар тогтоох нь дээр дурдсан өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай, хүний эрхийн үндсэн баталгаатай холбогдох амин чухал хэрэгцээ хангагдах, уг ялын биелэлтэд эрх бүхий байгууллага зохих хяналтыг хэрэгжүүлэх боломжтойн зэрэгцээ шударга ёсны зарчим, ялын зорилго хангагдана гэж үзэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов.
6.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтын “... Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр ...” гэснийг “... Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээр ...” гэж,
6 дахь заалтыг “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.З-аас 61.771.958 (жаран нэгэн сая долоон зуун далан нэгэн мянга есөн зуун тавин найм) төгрөг гаргуулж, 11.520.990 (арван нэгэн сая таван зуун хорин мянга есөн зуун ер) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, 16.830.968 (арван зургаан сая найман зуун гучин мянга есөн зуун жаран найм) төгрөгийг хохирогч Б.А-д, 22.639.000 (хорин хоёр сая зургаан зуун гучин есөн мянга) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ю.Ж-д, 10.781.000 (арван сая долоон зуун наян нэгэн мянга) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Н-д тус тус олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгосугай.
3.Шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч С.Базардоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ