Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2016/05391

 

2016 оны 10 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05391

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, 19-р хороо, Рокмон бюлдинг А тоотод байрлах “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо, 61-45 тоотод оршин суух Ядамсүрэнгийн Орхонсэлэнгэд /РД:ГЮ76083003/ холбогдох 2 350 176 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү,  хариуцагч Я.Орхонсэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Я.Орхонсэлэнгэ нь 2008 оны 6-р сарын 26-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201081102 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 800 000 төгрөгийн цалингийн зээлийн 12 сарын хугацаатай 3,1 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч гэрээний хавсралтад заасан үндсэн зээл хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэл өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул өөрт учирсан хохирлоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүнд үндсэн зээлийн үлдэгдэл 800 000 төгрөг, үндсэн зээлийн хүүний үлдэгдэл 1 320 186 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 229 990 төгрөг нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн   2 350 176 төгрөг байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын нэхэмжлэлтэй Я.Орхонсэлэнгэд холбогдох нэхэмжлэл дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү би хариуцагч Я.Орхонсэлэнгэтэй харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 2 350 176 төгрөгөөс 350 176 төгрөгөөс татгалзаж үлдэх 2 000 000  төгрөгийг 2016 оны 10-р сарын 30-наас 2018 оны 05-р сарын 30 хүртэл сар бүр 100 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирон эвлэрч байна гэв. 

Хариуцагч Я.Орхонсэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2 000 000  төгрөгийг 2016 оны 10-р сарын 30-наас 2018 оны 05-р сарын 30 хүртэл сар бүр 100 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирон эвлэрч байна гэв. 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ нь “Я.Орхонсэлэнгэд холбогдох 2 350 176 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“Сар шинэ интернэшнл” ББСБ нь Я.Орхонсэлэнгэтэй 2008 оны 6-р сарын 26-ны өдөр ЗГ1201081102 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 800 000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,1 хувийн хүүтэй зээлүүлжээ. 

Нэхэмжлэгч нь үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 2 350 176 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, талууд нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, хариуцагч мөнгийг 2016 оны 10-р сарын 30-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 30-ны өдөр сар бүр 100 000 төгрөг төлөхөөр тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ нь Я.Орхонсэлэнгэд холбогдох 2 000 000 төгрөг /хоёр сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2016 оны 10-р сарын 30-наас 2018 оны 05-р сарын 30-ны өдөр төлөхөөр тохирсон зохигчийн  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгччэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 553 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Я.Орхонсэлэнгээс 26 276 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА