Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 406

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин ,

Улсын яллагч  Г.Яндаг,

Шүүгдэгч Ц.Ц.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-д холбогдох эрүүгийн 1918005950451 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын 1-р ангид замчин ажилтай, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц.Э-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ц.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, Оргил худалдааны төвийн урд талын хатуу хучилттай авто зам дээр 92-5*УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16-р бүлэг 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ш.О.Т-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ц.Ц.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.

Эрүүгийн  1918005950451 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Ц.Ц.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...20 цаг өнгөрч байхад хуучин Дарханаас шинэ Дарханы чиглэлд 2 зорчигч суулгаад “Анд” авто засварын харалдаа явж байхад замын зүүн талаас буюу “Оргил” худалдааны төв талаас явган зорчигч гэнэт урдуур гарч ирэхээр нь би тормосоо гишгээд явган зорчигчийг мөргөөд зогссон. ...Тэгээд би машинаасаа буугаад нөгөө мөргөсөн явган зорчигчийг машиндаа суулгаад нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэн эмнэлгээс дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх 18/,

 

            Хохирогч Ш.О.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...”Оргил” худалдааны төв талаас ертөнцийн зүгээр зүүн тал руу буюу Дэвшил рүү явах гээд ганцаараа явж байсан. Толгойн арын хэсэгт 2 газар хагарсан. Мөн нуруу шалбарсан. Бас бүсэлхий нуруу орчмоор хугарсан. Би явган хүний гарцаар гарч байх үед машин мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх 12-13/,

           

            Гэрч Б.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ц.Ц.Э- нь гэр бүлдээ халамжтай, найрсаг, илүү дутуу зан байхгүй төлөв даруу зан ааштай хүн байдаг. Манай эгч Энхцэцэгтэй сүүлийн жилийн хугацаанд хамт амьдарч байгаа. Ц.Ц.Э- ах архи уудаггүй, тамхи татдаггүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх 20/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 715 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

“1.Ш.О.Т-ын биед бүсэлхийн 1-р нугаламн их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Ш.О.Т-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.Ш.О.Т-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 25-26/,

 

Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Ганзоригийн гаргасан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоосон дүгнэлт:

1.Жолооч Ц.Э- нь МУ-ын замын хөдөлгөөний '5-р бүлэг 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө., гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.Явган зорчигч Ш.О.Т- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

3.Зам тээврийн ослын үндсэн шалтгаан нь жолооч Ц.Ц.Э- нь хурдыг тохируулж яваагүй, мөн явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүйгээс уг зам тээврийн осол гарсан байна.

4.Жолооч Ц.Ц.Э- нь В ангиллын 1295047 дугаарын жолооны үнэмлэхтэй байна. Үнэмлэх хүчинтэй байна./хх 31/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 043 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.92-5* УНО дугаартай Fit маркийн тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Зураг 01-03.

2.Техникийн хувьд бүрэн бүтэн, үндсэн болон туслах эд ангиуд эвдрэл гэмтэлгүй байсан. Зураг №01-05,

3.Техникийн хувьд бүрэн бүтэн тул, осол үйлдэхэд нөлөөлсөн зүйлгүй байна. Зураг 01-05,

4.Автомашинд хөдөлгүүрийн хаалт /копут/ хонхойсон ослын дараах эвдрэл байна. Зураг 01,

5.92-5* УНО дугаартай Fit маркийн тээврийн хэрэгслийн тормосны систем бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байсан, осол үйлдэхэд нөлөөлсөн зүйлгүй байна. Зураг 02-03-05,

6.Ослын шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй./хх 35-36/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 08-09/,

Зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх 10/

Хохирогч Ш.О.Т-ын эмчилгээний зардалтай холбоотой баримт /хх 23/, яаралтай тусламжийн хуудас /хх 27/, өвчний түүх /хх 48-55/,

Шүүгдэгч Ц.Ц.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Э.Энххүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 62-69/,

92-5*УНО улсын дугаартай Honda Fit маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх 73/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Ц.Э- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16-р бүлэг 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ш.О.Т-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Ш.О.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Ц.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, Оргил худалдааны төвийн урд талын хатуу хучилттай авто зам дээр 92-5*УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16-р бүлэг 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ш.О.Т-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Ц.Ц.Э-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ц.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч Ш.О.Т-ын эмчилгээний зардалтай холбоотой 372 000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан ба шүүгдэгч Ц.Ц.Э-өөс “эм тарианы мөнгө гэж 500 000 төгрөг өгсөн. Хохирлын мөнгө гэж 300 000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх 14/-ээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэн хохирогч Ш.О.Т- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Ц.Э- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ./хх 69/

Зам тээврийн осол гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.

 

Шүүх шүүгдэгч Ц.Ц.Э-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Ц.Э-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Э-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Э-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг дөрвөн сарын хугацаанд сар бүрийн 112 500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Хохирогч Ш.О.Т- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.Э-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ