Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 410

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ц.Ц.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-д холбогдох эрүүгийн 1918006880468 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Пауэр бласт ХХК-д тэсэлгээчин ажилтай, урьд 2016 оны 11 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126-р зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Ц.Ц-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ц.Ц- нь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд иргэн О.О.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ц.Ц.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө жолооны эрх сэргээх шалгалтаа өгчихөөд гэртээ эргэж ирээд байж байтал эхнэр шалгалттай гээд дуудагдсан. Эхнэр шалгалтаа өгчихөөд ажил руугаа шууд явсан бөгөөд оройн ээлжтэй байсан. Би эхнэрийг явсны дараа гэрт байсан том савтай пивыг уучихаад эхнэрээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд орой 19 цагийн үед эхнэрийнхээ ажил дээр очсон. Намайг очиход хүмүүсийн даралтыг үзэх гэж байсан. Хүмүүсийн даралтыг үзсэнийх нь дараа эхнэр бид хоёр хувцасны өрөөнд орсон. Хувцасны өрөөнд байхдаа ах дүү нараасаа болж маргалдаж би эхнэрээ 3-4 удаа цохисон. Тухайн үед ухаан балартсан байсан. Эхнэрийнхээ ажлаас гараад зам дагуу явж байгаад цагдаад баригдсан” гэв.

Эрүүгийн  1918006880468 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Ц.Ц.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.О.Г- надруу яриад шөнийн ээлжээр яваад байхаар ядраад байна аа, намайг өдрийн ээлжинд оруулахгүй байна аа гэж хэлэхээр нь би тэгвэл ажлаасаа гарахгүй юу даа, би одоо танай ажил дээр очлоо гэж хэлээд О.Г-ийн ажил дээр нь буюу Цанид эмнэлэг дээр очиход О.Г- намайг хүлээж байгаараа би хэдэн хүний даралт үзчихээд ирье гэж хэлчихээд нэлээн удаж байгаад буугаад ирсэн. Тэгээд хувцас солих өрөө рүү нь бид хоёр хамт ороод байж байгаад О.Г-тэй үл ойлголцлоос болоод маргалдсан. Учир нь О.Г- манай ээж Баярааг архи уудаг энэ тэр гээд байдаг юм. Тэгээд би ээжийгээ өмөөрөөд О.Г- рүү дайрч давшилж байгаад нүүр рүү нь 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд нэг мэдэхэд би хана налаад суучихсан, миний хажууд О.Г- ажлынхаа хүн рүү би явлаа гээд яриад зогсож байсан ба О.Г-ийн зүүн хацар бага зэрэг хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 24/,

 

            Хохирогч О.О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөхөр рүүгээ залгаад манай дарга 10 сарын 01-нээс өдрийн ээлжээр явуулна гэж хэлчихээд оройн ээлжээр ажил гээд байна, дандаа шөнөөр ажиллахаар ядраад байна гэж ярихад тэгвэл чи наад ажлаасаа гараа, одоо би танай ажил дээр яваад очъё гэж хэлэхээр нь тэгвэл чи хүрээд ирээ гээд утсаа тасалсан. Тэгэхэд манай нөхөр 19 цаг нэлээн өнгөрөөд манай эмнэлэг дээр нэлээн өндөр зэргийн согтолттой ирсэн. Тэгэхээр нь би дагуулаад нэг давхарт суулгачихаад хэдэн хүний даралт үзчихээд гэр рүүгээ хамт явъя гэж хэлээд 2 давхар руу гараад өвчтөнгүүдээ үзчихээд бууж ирээд хувцас солих өрөө рүү ороод хувцсаа сольж байгаад хамаатан садангуудынхаа хүмүүсийн хэлсэн ярьсан үгнээс болоод бид хоёрын дунд үл ойлголцол болоод хоорондоо маргалдсан. Тэгэхэд манай нөхөр миний нүүр рүү 3-4 удаа гараараа цохиж, баруун, зүүн гуя хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж цохисон.” гэх мэдүүлэг /хх 04/,

 

            Гэрч М.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“Цанид” эмнэлэгт ажилладаг нэг эмэгтэй М- ахаа туслаарай гээд гүйгээд ороод ирэхээр нь би М- ах чинь буугаад явчихсан яасан юу болсон юм бэ гэж асуухад та цагдаа дуудаад өгчихөөч гэхээр нь юу болсон яасан бэ гэж асуухад манай нөхөр ирээд намайг зодоод байна одоо гадаа байгаа би гарч чадахгүй байна гэж хэлэхээр нь би цагдаагийн газар руу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 9/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 840 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.2.О.О.Г-ийн биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхи, хацар, дух, зүүн шанаа, баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 11-12/,

Хохирогч О.О.Г-ийн яаралтай тусламжийн хуудас /хх 13-14/,

 

Шүүгдэгч Ц.Ц.Ц-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 25-36/, шийтгэврийн хуулбар /хх 39-40/, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Капитрон банкны депозет дансны хуулга/ хх 51-58/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 60-61/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ц.Ц.Ц-гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Ц.Ц.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон хохирогч О.О.Г- гомдол саналгүй гэснийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Ц.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын санал болгосон 600 000 төгрөгийн торгох ялыг “2019 оны 12 дугаар сардаа багтаагаад төлнө” гэж мэдүүлж байх  тул шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Ц-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Ц- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.Ц-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ