| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05527/И |
| Дугаар | 102/ШШ2016/05392 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2016/05392
2016 оны 10 сарын 12 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05392 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, Партизаны гудамж “Транскапитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 34-р байр 6 тоотод оршин Дамбийнямын Ичинхорлоод /РД:ЧЖ57112064/ холбогдох 44 918 881 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансүх, хариуцагч Д.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Транскапитал” ББСБ иргэн Д.Ичинхорлоотой 2015 оны 09-р сарын 03-ны өдөр 041509030222 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 40 000 000 төгрөгийг сарын 2.8 хувийн 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2015 оны 09-р сарын 03-ны өдрийн 041509030222 дугаар барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд И.Юмжирмаагийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол төмөр замын 34-р байрны 6 тоот байршилтай 56 м2 талбайтай 3 өрөө орон сууц /Г-2205025566/-ыг барьцаалсан. Зээлийн гэрэээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн болно. Бидний зүгээс Д.Ичинхорлоогоос гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх графикийг зөрчиж өдийг хүрлээ. Д.Ичинхорлоо нь 2016 оны 5-р сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 38 181 759 төгрөг, хүү 5 605 519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 121 104 төгрөг, авлага 10 000 төгрөг нийт 44 918 881 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлб дуусгах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурьдах нь зүйтэй байна. Иймд 453-р зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан Д.Ичинхорлоогоос зээлийн гэрээний төлбөр 44 918 881 төгрөгийг гаргуулж,
барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Транскапитал” ББСБ нь хариуцагч Д.Ичинхорлоогоос 48 895 893 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Д.Ичинхорлоо нь 2016 оны 10-р сарын 12-ноос 2017 оны 4-р сарын 30-ний өдрийн дотор эвлэрлийн гэрээний 3-р зүйлд заасны дагуу 48 895 893 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна. Гэрээний 3-т заасан хугацааг 2 сараар хэтрүүлж гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд Шүүхийн шийдвэрийг албадах буюу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирон эвлэрч байна гэв.
Хариуцагч Д.Ичинхорлоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 9-р сарын 3-ны өдөр Транскапитал ББСБ-ын 40 сая төгрөгний зээлийг 2 жилийн хугацаатай зээлж авсан. Графикийн дагуу зээлээ төлөөд өгч байтал эмийн сангуудын борлуулалт муудаж зах зээлийн эдийн засгийн хямралд орсоноос болж буцааж төлхөд хүндрэлтэй болсон. Хүүний мөнгөө боломжийнхоо хирээр өгч байна. Миний зээлийн хугацаа дуусах болоогүй 1 жил дутуу байгааг харгалзан үзэж, үлдсэн хугацаандаа зээлээ төлөх боломжтой. Гаднаас авах авлага 157 сая гаруй төгрөгний эд барааг зээлээр тараасан тул үлдсэн хугацаандаа зээлээ төлөх боломж олгоно уу. Зээлийн 44 918 881 төгрөгөөр тооцож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ нь Д.Ичинхорлоод холбогдох 44 918 881 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“Транскапитал” ББСБ нь Д.Ичинхорлоотой 2015 оны 09-р сарын 03-ны өдөр 041509030222 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 40 000 000 төгрөгийг сарын 2.8 хувийн 24 сарын хугацаатай зээлжээ.
Зээлдэгч нь гэрээнд заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөөгүйн улмаас талуудын хооронд маргаан гарчээ.
Нэхэмжлэгч нь үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 44 918 881 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, талууд 48 895 893 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, хариуцагч мөнгийг 2016 оны 10-р сарын 12-ны өдрөөс сар бүр 2 000 000 төгрөг төлөхөөр тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ нь Д.Ичинхорлоод холбогдох 48 895 893 төгрөг /дөчин найман сая найман зуун ерин таван мянга найман зуун ерин гурав/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2016 оны 10-р сарын 12-ны өдрөөс сар бүр 2 000 000 төгрөг төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгччэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 544 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Ичинхорлоогоос 191 272 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА