| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0684/Э |
| Дугаар | 684 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 684
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,
шүүгдэгч М.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сахалт овогт М-ийг О-т холбогдох эрүүгийн 1910012710691 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч М.О- нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод бага насны хүүхэд /13 настай/ өөрийн хүү О.Г-г “хичээлээ хийсэнгүй, тоглоом тоглосон” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газарт нь алгадаж, зүүн гуяанд нь тэлээгээр ороолгож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910012710691 дугаартай хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч О.Г-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14, 46-р хуудас/,
Гэрч Е.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19, 21, 49-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6101 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 34-42-р хуудас/,
Шүүгдэгч М.О- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч Д.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, гэрч М.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 63-66-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 67-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70-р хуудас/, Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 71-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 79-р хуудас/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 81-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.О-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч М.О- нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод байрлах өөрийн гэртээ 13 настай хүү О.Г-г “хичээлээ хийсэнгүй, гар утсаар тоглолоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь алгадаж, зүүн гуяанд тэлээгээр ороолгож, биед нь “зүүн хацар, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн алга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч О.Г-гийн ...Би 2019 оны 5 дугаар сарын 15-ны оройн 18 цагийн үед унтлагын өрөөндөө ээж, дүү нарын хамт хэвтэж байхад аав О- орж ирээд “миний хүү хичээлээ хий” гэхээр нь “за, тэгье” гэж хэлэхэд аав өрөөнөөс гарсан. Намайг өрөөнөөс гарах гэтэл дүү Э- “ахаа, энэ тоглоомыг татаад өг” гэхээр нь гар утсыг нь аваад тоглоом татаж байхад аав О- орж ирснээ “хичээл хий гэсэн яасан бэ, босоод ир” гэхээр нь босоод очтол миний зүүн хацар, зүүн чих рүү алгадсан. Намайг газар унахад аав тэлээгээрээ миний зүүн хөл, зүүн гар руу цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч Е.А-гийн ...Би 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нөхөр О- нь хүү Г-д “хичээлээ хий” гэж хэлэхэд “за” гээд босох гэтэл дүү Э- нь “ахаа тоглоом татаад өг” гэж хэлсэн. Хүү Г- тоглоомыг нь татаж байхад аав нь ирээд “миний үгэнд яагаад орохгүй байгаа юм бэ, босоод ир“ гээд хүү Г-г алгадаж, тэлээгээр цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №6101 дугаартай дүгнэлтэнд: Г-гийн биед зүүн хацар, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн алга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 34-42-р хуудас/,
Шүүгдэгч М.О- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны ... тоот гэртээ эхнэр А- болон хүүхдүүдийнхээ хамт байсан. Би том хүү О.Г-д “хичээлээ яагаад хийхгүй байгаа юм бэ” гэж хэлэхэд үл ойшоосон байдалтай “хийх гэж байна” гээд утаснаасаа салахгүй байхаар нь уурандаа бөгс рүү нь тэлээгээр 2 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Насанд хүрээгүй хохирогч О.Г-гийн биед учирсан “зүүн хацар, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн алга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч М.О- түүнийг алгадаж, тэлээгээр цохиж зодсон нэг бус удаагийн үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Насанд хүрээгүй хохирогч О.Г- нь 2006 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 13 настай буюу бага насны бие хамгаалах чадваргүй болохыг шүүгдэгч мэдэж байсан, шүүгдэгч М.О- нь насанд хүрээгүй хохирогч О.Г- болон түүний төрсөн ээж Е.А- нарын хамт амьдардаг тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон бөгөөд шүүгдэгч М.О- нь төрсөн хүү О.Г-г “хичээлээ хийсэнгүй, гар утсаар тоглолоо” гэх шалтгааны улмаас зодож, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэнд эрх чөлөөнд нь халдсан бие махбодийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-т заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Г-гийн биед хөнгөн гэмтэл учирсан байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 14-р хуудас/ гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.О-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч М.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.О-т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахалт овогт М-ийг О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.О-т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР