Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 685

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б-ы М-д холбогдох эрүүгийн 1910000000698 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины ... тоотод оршин суух иргэн Н.С-ын гэрт архи ууж байгаад 32 инчийн “Hitachi” маркийн зурагт, DDISH агаарын суваг хүлээн авагчийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 359.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910000000698 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,

Гэрч Н.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Гэрч С.Б-ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Гэрч П.Ц-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25-р хуудас/,

Шүүгдэгч Б.М-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Н.Ж-ын мэдүүлэг  /хх-ийн 21-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/, Сүхбаатарын дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 50-54-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины ... тоотод оршин суух хохирогч Н.С-ын гэрт архи ууж байхдаа 32 инчийн “Hitachi” маркийн зурагт, DDISH агаарын суваг хүлээн авагчийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 359.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.С-ын ...2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр намайг ажил дээр байхад нөхөр Б- над руу залгаад “зурагт байхгүй байна. А- согтуу унтаж байна” гэхээр нь ажлаасаа чөлөө аваад гэртээ иртэл зурагт, агаарын суваг хүлээн авагч байхгүй байсан. А-аас “зурагт яасан юм бэ” гэхэд “мэдэхгүй, би Б-, М- хоёртой хамт архи уугаад сууж байсан. Сэрэхэд Б-, М- болон зурагт  байхгүй байсан. Тэр хоёр л авсан байх” гэж хэлсэн. Манай гэрээс алдагдсан хар өнгийн 32 инчийн “Hitachi” маркийн зурагтыг 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр “Номин ХХК-аас 350.000 төгрөгөөр, “DDISH” агаарын суваг хүлээн авах төхөөрөмжийг 130.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,

 

Гэрч Н.А-ын ...Би 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ Б-, М- нарын хамт архи уусан юм. Тэр үед Ц-, Н-, Г- гурав ирээд хамт архи ууж байгаад гараад явсан. Би согтоод унтчихсан байсан. Намайг унтахад Б-, М- хоёр байсан. Тэгээд сэрэхэд Б-, М- хоёр байхгүй, мөн гэрт байсан 32 инчийн “Hitachi” маркийн зурагт, агаарын суваг хүлээн авагч байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

Гэрч С.Б-ий ...Би Хан-Уул дүүргийн 12-р хороо 10-р сургуулийн урд ангийнхаа М-тэй таарсан. Тэрээр “32 инчийн LCD маркийн зурагтаа зарах гээд байна, чи авах уу, 150.000 төгрөгөөр зарна” гэхээр нь “өө яахын бэ” гэхэд “тэгвэл 90.000 төгрөгөөр ав” гэхээр нь “ямар нэгэн асуудал байхгүй биз дээ, хулгайн зурагт биш биз дээ, сүүлд энэ тэндээс дуудуулаад яршиг төвөг болоод байв” гэхэд “юу гэж дээ” гэж хэлсэн. Тэгээд би 110.000 төгрөгөөр зурагт, төхөөрөмжтэй нь хамт авахаар болоод М-д мөнгийг нь бэлнээр өгсөн. Гэтэл орой 22 цаг 30 минутын үед Хан-Уулын дүүргийн Цагдаагийн газраас над руу залгаад “та хулгайн зурагт авсан байна, ирж уулз” гэхээр нь Цагдаагийн хэлтэст ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

 

Гэрч П.Ц-ы ...А-ын гэрт 0.75 литрийн савлагаатай “Хараа” архи хувааж ууж байтал 12 цагийн үед Г-, Б- М- гурав нэг шил 0.75 литрийн савлагаатай “Монгол стандарт” архи авч орж ирсэн. Өдөр 13 цагийн үед эхнэр Н-, Г- бид гурав “харьлаа” гээд гасан. Хашааны үүдэнд А-ын хажуу айлын эмэгтэйтэй таараад “А- нилээн согтсон байна, харж байгаарай” гэж хэлсэн. Гэтэл 16 цагийн үед цагдаа нар ирээд А-ын зурагт алга болсон гэх асуудлаас болж намайг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Hitachi” брэндийн 32 инчийн хар өнгийн зурагт 251.940 төгрөг, “DDISH” –ын хар өнгийн хүлээн авагч 108.000 төгрөг, нийт 359.940 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 24-25-р хуудас/,

Шүүгдэгч Б.М-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Б-, Г- бид нар А-ын гэрт очиж архи уусан. ...Сүүлд Б- согтоод унтахаар нь түүнийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байхаар нь гэрт нь байсан хар өнгийн зурагт, Дидиш агаарын суваг хүлээн авагчийн хамт аваад явсан. Тэгээд Б-тэй таараад “миний зурагт байгаа юм. Надад яаралтай мөнгөний хэрэг байна, зурагт авах уу” гэж шалгаасаар байгаад зурагтаа 110.000 төгрөгөөр зарж, мөнгөөр нь архи уугаад дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.М- болон түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Б.М- нь 251.940 төгрөгийн үнэтэй “Hitachi” брэндийн 32 инчийн хар өнгийн зурагт, 108.000 төгрөгийн хар өнгийн “DDISH” агаарын суваг хүлээн авагчийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины ... тоотод оршин суух хохирогч Н.С-ын гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:

                Хохирогч Н.С-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 251.940 төгрөгөөр “Hitachi” брэндийн 32 инчийн хар өнгийн зурагт, 108.000 төгрөгөөр “DDISH” агаарын суваг хүлээн авагч, нийт 359.940 төгрөгөөр Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 24-25-р хуудас/ ба хохирогч нь “эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 11-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

       

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгөөс “учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон ам бүл 5-уул амьдардаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн санал гаргав.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. /хх-ийн 50-54-р хуудас/

 

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлоо биет байдлаар төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Б-ы М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-д 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР