| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0453/Э |
| Дугаар | 690 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 690
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,
шинжээч эмч С.О-,
гэрч Б.Х-,
шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамц овогт Д-ийн Э-т холбогдох эрүүгийн 1910010030438 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Д.Э- нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний газарт тус төвийн ажилтан Ч.У-тай маргалдан нүүрэн тус газар нь тортой зүйлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүүхэддээ гадаад паспорт захиалах гээд ... төвийн нэг цэгийн үйчилгээн дээр очсон. Үйлчилгээний ажилтанд гадаад паспорт захиалах талаараа хэлэхэд дугаар өгсөн. Би тухайн дугаарыг аваад 30 гаруй минутын турш хүлээж дугаарлаж байгаад цонх дээр очтол “таны авах үйлчилгээний дугаар биш байна” гэхээр нь би Ч.У- дээр очоод “чи надад буруу дугаар өгсөн байна” гэхэд “дахиад дугаар авчих, ямар сүртэй юм бэ” гээд намайг загнасан байдалтай харьцсан. Бид маргалдаад цагдаагийн өрөө рүү явж байхад Ч.У- “энэ хавиар дандаа ийм архичин царайтай, хачин юмнууд үйлчлүүлдэг” гэж доромжилсон. Бид муудалцаад бие биенийгээ түлхэлцээд цагдаагийн өрөө рүү орсон. Цагдаагийн өрөөнд ороод байж байтал хохирогч намайг алгадсан. Би буцаагаад түлхсэн энэ үед цагдаа дундуур орсон. Хохирогчийн уруул нь хагарсан байсан тул ноцолдож байх үед уруулнаас нь цус гарсан. Түүнээс биш миний гар дээшээ хохирогчийн нүүр рүү нь хүрээгүй. Тухайн үед хохирогч бид хоёрыг цагдаа шууд салгасан. Тэгээд Ч.У- өрөөнөөс гараад явсан. Ч.У- буцаж орж ирээд “уруулнаас цус гарчихлаа” гэж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад байцаагчид “камерын бичлэгийг шүүж өгнө үү” гэж хэлж байсан. Ч.У-гийн уруул нь хагарсан байсан уу гэдэг нь камерт харагдах байсан. Би Ч.У-гийн талаар ахлах менежерт нь гомдол гаргасан. Би Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед би 6-7 недельтэй жирэмсэн байсан. Хохирогч над руу 2019 оны 4 дүгээр сарын 05, 06-ны үед залгаад “би ч гэсэн жирэмсэн, би удаа дараа зулбаж байсан, одоо энэ хүүхдээ гаргахгүй бол надад хэцүү байна. Намайг уучлаарай” гэсэн. Тухайн үед би эмнэлэгт үзүүлээд явж байсан, хүүхдийн зүрхний цохилт орж ирэхгүй байсан. Би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд энэ талаарх баримтаа аваачиж өгөөгүй. Наранбаатар байцаагчид би жирэмсэн байсан талаараа хэлж байсан. Би Ч.У-гийн эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй. Би анхнаасаа камерын бичлэгийг шүүж, гэрч Х-гээс дахин мэдүүлэг аваад өг гэсэн хүсэлт гаргаж байсан боловч шалгаж өгөөгүй гэв.
Гэрч Б.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст ажилладаг. Тухайн өдөр “... эксто” төвийн теле камерыг хянах үүрэгтэй ажиллаж байсан. Намайг камер хянаад сууж байтал цайны цагийн үеэр Ч.У- өрөөнд орж ирээд “энэ хүн хэрүүл маргаан үүсгээд байна” гэсэн. Би шалтгааныг нь тодруулах гэж байтал Ч.У-, Д.Э- нар хоорондоо маргалдаад байсан. Д.Э- нь “би гадаад паспорт захиалах гэтэл надад буруу дугаар өгсөн байна” гэсэн. Тэгэхээр нь би “маргалдах зүйл байхгүй, материалыг чинь одоо бүртгүүлээд өгье” гэхэд Ч.У-, Д.Э- нар хоорондоо маргалдаад би биеэ түлхээд байсан. Харин сүртэй зодолдоогүй. Би дундуур нь ороод “боль” гээд салгаж байх үед Д.Э-ийн барьж байсан тортой зүйл нь газар унаад аяга нь хагарсан. Тэр үед Ч.У- “миний нүүр рүү цохичихлоо” гэсэн. Би Д.Э- Ч.У-г цохихыг хараагүй, түлхэлцэж байсан. Д.Э- надад тайлбар хэлж байхдаа энэ ингээд байсан гээд Ч.У-гийн гар руу нь чичээд байсан. Тэр үед Ч.У- та миний биед битгий хүрээд бай гээд Д.Э-ийн цээжин хэсэг рүү нь нэг удаа түлхсэн гэв.
Шинжээч эмч С.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хэт авиан оношлогоо хийсэн топорхойлолтоос гадна ургийн гэрэл зураг байх хэрэгтэй. Мөн ураг зулбасан бол Өвчний түүх заавал байх ёстой. Мөн хэрэв жирэмслэлтийг тасалсан гэвэл өвчний түүхээс гадна ургийн үлдэгдлийг Шүүх эмгэг судлалын шинжилгээнд хүргэдэг. Ингэснээр бид энэ хүнийг жирэмсэн байсан гэж тодорхойлно. Түүнээс зөвхөн хэт авиа хийсэн тодорхойлолтоор Д.Э-ийг жирэмсэн байсан гэдгийг баталж чадахгүй. Ер нь ургийн зүрхний цохилт тодорхойлогдохгүй, өсөлтгүй жирэмслэлт гэдэг нь хоёр өөр ондоо ойлголт юм. Өсөлтгүй жирэмслэлт нь дотоод шалтгаантай холбоотой байдаг. Өсөлтгүй жирэмслэлт гэдэг нь гэмтэлтэй холбоогүй. Хэрэв эмнэлэгт үзүүлээд өсөлтгүй жирэмслэлт гэсэн онош тавьж байгаа бол өвчний түүх нээхгүйгээр явуулна гэсэн ойлголт байхгүй. Ургийн зүрхний цохилт тодорхойлогдохгүй гэвэл ураг зулбаад цэвэрлэсэн болж таарна. 6-7 недельтэй үед зулбаад доошоо цус гараад цэвэрлэх хэмжээнд хүрсэн тохиолдолд өвчний түүх бичигдэх ёстой. 3, 4 хоногтой байсан ч заавал өвчний түүх дээр тэмдэглэгдэх ёстой байдаг.
Хохирогч Ч.У-гийн хувьд дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хурсан байсан. Няцарсан гэдэг нь хавагнаад шарх үүсч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зөөлөн эдийн няцрал гэдгийг яагаад баталж байна вэ гэвэл тухайн үед үзлэг хийх үед хавантай байсан байна. Нүдэнд харагдахгүй боловч хавдсан тохиолдол байдаг. Яагаад гэвэл шархны хэмжээ жижиг ч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д оруулахгүй. Өнгөц шарх эдгэхэд тодорхой хугацаа шаардлагатай. Хүний нүүр хэсэгт үүссэн шархыг хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэж үзэж болохгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах юм. Жишээлбэл: уруулын язарсан шарх гэж яриад байгаа асуудал нь зөөлөн эд тодорхой хэмжээгээр гэмтээд тодорхой хугацаа шаардах тул эрүүл мэндийг түр хугацаагаар хөдөлмөрийн тогтонги алдалтыг сарниулдаг. Хүч үйлчилсэн тул арьс бүрэн бүтэн байдлаа алдаж байгаа. Хуурайшилтаас няцрал, цус хуралт үүсэхгүй гэв.
Эрүүгийн 1910010030438 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Ч.У-гийн ...2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “...” төвийн нэг цэгийн үйлчилгээн дээр угтах үйлчилгээний ажилтан А- цайндаа орох хооронд би угтах үйлчилгээнд зогссон юм. А- хоёр цагаас орж ирэхээр нь би өөрийнхөө ажлын байр болох 4 дүгээр цонхонд очоод байж байхад нэг эмэгтэй /Э-/ хүрч ирээд “чи буруу дугаар өгсөн байна, би гадаад паспорт захиалах гэж байсан юм, мал минь” гээд хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгснээ “та нарыг харахаар дургүй хүрээд байна” гэхээр нь “та дугаараа өгөөд гадаад паспортын дугаар авчих” гэхэд “би өөрөө дугаар авсан” гэж хэлээд маргалдаж байгаад зүүн мөрөнд гараараа цохисон. Тэгээд хажуугийн цагдаагийн өрөөнд нөгөө эмэгтэйг /Э-/ дагуулж ороод болсон явдлыг хэлээд гарах гэтэл Э- миний цээж рүү түлхэхээр нь зөрүүлээд гарыг нь түлхсэн чинь гартаа барьсан зүйлээрээ миний уруул орчимд нэг удаа цохисон. Миний амнаас цус гарахаар нь зөрүүлж Э-ийг нэг удаа хацарт нь алгадсан. Би ариун цэврийн өрөө орж угаачихаад буцаад ажлын байрандаа ирэхэд нөгөө эмэгтэй /Э-/ намайг хэл амаар доромжилж “зураг авна” гэх мэтийн юм ярьсан. Гэтэл цагдаа Э-т “торгуулийн арга хэмжээ авна” гэхэд тэрээр хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул бид хоёр Хан-Уул дүүргийн хэсгийн байцаагчийн өрөөнд мэдүүлэг өгөөд дараа нь шинжээч томилох тогтоол авч шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний дээд уруул язарч цус гарсан, баруун эрүүний хэсэг хавдартай байсан. Цагдаагийн өрөөнд Э- миний толгой руу цохиж байхад хажууд цагдаа Х-, мөн зааланд маргалдаж байх үед захирагчийн ажлын албаны ажилтан Э-, Э- нар байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
Гэрч Б.Х-гийн ...2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “...” худалдааны төвийн теле камерын цагдаагаар ажиллаж байх хугацаанд 15 цагийн орчимд Нийслэлийн тамгын газрын ажилтан Ч.У- жижүүрийн өрөөнд Д.Э- гэх эмэгтэйг дагуулан орж ирээд “энэ эмэгтэй намайг ажил хийлгэхгүй хэл амаар доромжлоод байна” гэсэн гомдол гаргасан. Ч.У- надад болсон асуудлын талаар тайлбарлаж байхад Д.Э- “чи ингэж хэлж болохгүй” гэж хэлээд биед нь хүрээд байсан. Ч.У- Э-т “та битгий миний биед халдаад бай” гэж хэлээд түлхсэн чинь Д.Э- гартаа барьж байсан тортой зүйлээрээ У-гийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Ч.У-гийн уруул орчмоос цус гарахад тэрээр цэвэрлэхээр өрөөнөөс гарсан. Би Д.Э-ийг тайвшруулж байгаад өрөөнөөс гаргасан. Ч.У- Д.Э-ийг иргэний бүртгэлээр үйлчилгээ авах гэж байхад нь өөр үйлчилгээний дугаар өгсөнөөс нь болж маргалдсан гэж тайлбарласан. Өрөөнд орж ирэхдээ Д.Э- шаазан аяга таваг авч явсан тортой зүйлээрээ Ч.У-г цохиход нэг шаазан аяга нь унаад хагарч байсан. Ч.У- нөгөө эмэгтэй өөрийг нь гараараа түлхэж биед нь халдаад байсан учир цээж рүү нь гараараа түлхэж байсан. Түүнээс тэр эмэгтэйн /Э-/ зүүн хацарт гараараа алгадсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Б.Э-ын ...2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 13-14 цагийн орчимд “...” худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний Улаанбаатар хотын захирагчийн албаны 7 дугаар номерын цонхон дээр сууж байтал манай ажилтан Ч.У- над дээр ирээд юм яриад сууж байтал хажууд танихгүй эмэгтэй /Э-/ ирээд Ч.У-д хандан “чи түрүүн үүдэнд сууж байсан эмэгтэй мөн үү” гэхээр нь “тийм” гэхэд “чи надад буруу номер өгөөд өөр газар зогсож байгаад ирсэн, чи муу мал авгай” гэх мэтийн зүйл яриад маргалдаж эхэлсэн. Ч.У- нөгөө эмэгтэйг /Э-/ дагуулаад өөрийнхөө суудаг ширээний зүг явсан. Миний хажууд бие биенийгээ цохисон зүйл болоогүй. Ч.У- нөгөө эмэгтэй /Э-/ хоёр яваад 2-3 минут болоход ямар нэгэн шил газар хагарч байгаа чимээ сонсогдохоор нь хэсэг хугацааны дараа гарч харахад нэг цэгийн үйлчилгээний хамгаалалт хариуцсан цагдаагийн ажилтны өрөөнд Ч.У-, нөгөө эмэгтэй /Э-/, цагдаа эмэгтэй /Х-/ нар байгаа харагдаж байсан боловч юу ярьж байгааг нь сонсоогүй. Тэр өрөөнөөс гарч ирээд маргалдахыг хараагүй. Уг асуудал болоод дууссаны дараа Ч.У-гийн ширээн дээр очиход уруул нь язарсан шархтай хавдсан байсан. Надад хэлэхдээ “нөгөө хүүхэн барьж байсан зүйлээрээ цохисон” гэсэн. Чухам хаана юугаар цохисон талаар хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №4231 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ч.У-гийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, уруулын дээд хэсгийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 27-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №4222 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Д.Э-ийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 28-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №1217а дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ч.У-гийн биед тухайн үед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, уруулын дээд хэсгийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Эдгэрэл нь хүний биеийн онцлогоос шалтгаалдаг. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Ч.У-гийн биед үзлэг хийсэн 4231 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 179-180-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №1217б дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Д.Э-ийн биед үзлэг хийсэн 4222 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Э-ийн биед тухайн үед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн эрүүл мэндийг сарниулахгүй гэмтэл болно. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар жирэмсэн байсан гэх шинжилгээ, жирэмслэлтийн хугацааг тодорхойлсон шинжилгээ байхгүй байна. Ураг амьгүй болсон, жирэмслэлтийг зогсоосон гэх өвчний түүх, шинжилгээ зэрэг байхгүй байна. /хх-ийн 177-178-р хуудас/,
Шүүгдэгч Д.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Хэргийн зүйлчлэлийг ойлгохгүй, зөвшөөрөхгүй байна. ...2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “...” худалдааны төвийн байранд үйлчилгээ авах гэж очоод тус төвийн ажилтан Ч.У- надад буруу үйлчилгээний номер өгч чирэгдэл учруулсан тул маргаан үүссэн. У- бид хоёр цагдаагийн өрөөнд ороод маргалдаж байгаад би гартаа барьж явсан тортой зүйлээ савах үед У-гийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-45-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50-р хуудас/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 52-53-р хуудас/, “Нутгийн Ундарга” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 54-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 56-85-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 1910010030438 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад: Хохирогч Ч.У- нь анх Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “...намайг олон удаа цохиж, биед халдаж улмаар гартаа барьж байсан ууттай шаазан аягануудаараа нүүр рүү цохисон” гэж /хх-ийн 6-р хуудас/ гомдол гаргасан ба тэрээр Д.Э-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийн дагуу холбогдогчоор мэдүүлэхдээ “...цээж рүү түлхээд байхаар нь биед битгий хүрээд бай гэсэн чинь миний нүүр рүү цохиод авсан. Намайг юугаар цохисон талаар би мэдэхгүй байсан чинь хажууд байсан цагдаа гартаа байсан юмаараа цохисон гэхээр нь харсан чинь хоолны сав, шаазан аяга зэрэг цаасан ууттай зүйлээр цохисон байсан” гэж /хх-ийн 9-10-р хуудас/ харилцан зөрүүтэй мэдүүлэг гаргаж байжээ.
Гэрч Б.Х- мөрдөн байцаалтанд “...Ч.У- маргаан болсон талаар тайлбар хэлж байхад Д.Э- гэх эмэгтэй “чи ингэж болохгүй” гээд биед нь хүрээд байсан. Гэтэл Ч.У- нөгөө эмэгтэйг “битгий миний биед халдаад бай” гээд түлхсэн чинь Д.Э- гартаа барьсан тортой зүйлээрээ нүүрэн тус газар нь нэг удаа цохих үед Ч.У-гийн уруул орчмоос цус гарсан” гэж мэдүүлсэн /хх-ийн 18-р хуудас/ бол шүүхийн хэлэлцүүлэгт гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулж мэдүүлэг авахад “Ч.У-, Д.Э- хоёр бие биеэ харилцан түлхэлцээд байсан. Д.Э- нь Ч.У-г цохисныг хараагүй” гэж эрс зөрүүтэй мэдүүлэг гаргав.
Хохирогч Ч.У-, гэрч Б.Х- нар нь Хан-Уул дүүргийн “...” төвд хамт ажилладаг, танилын харьцаатай гэх ба гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.
Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй эрхтэй субьект хэдий ч тухайн хэргийн талаар шүүгдэгч Д.Э- нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, мөн өдрөө хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “хохирогч Ч.У- “буруу дугаар өгч” чирэгдүүлсэн төдийгүй энэ талаар нь шаардлага тавихад “дахин дугаар авч, оочерло” гэж үл тоомсорлосон хохирогчийн зохисгүй байдалд бухимдаж маргаан үүссэн ба маргалдах явцдаа харилцан бие биеэ түлхэлцэж байхдаа Ч.У- нь түүний зүүн хацар руу алгадахад барьж явсан цаасан тортой аягаар савж цохисон” талаар удаа дараа тогтвортой мэдүүлжээ.
Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар: шүүгдэгч Д.Э-, хохирогч Ч.У- нарын хооронд урьдын өс хонзон, хувийн таарамжгүй харьцаа байгаагүй бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “...” төвд байрлах Нэг цэгийн үйлчилгээний салбарт Д.Э- нь гадаад паспорт захиалахаар очоод үйлчилгээний ажилтан хохирогч Ч.У-тай “буруу дугаар өгч хүлээлгэж, чирэгдүүллээ” гэж маргалдаж, улмаар цагдаагийн өрөөнд орж хэн аль нь тайлбар тавих үедээ маргалдаж, харилцан түлхэлцэж байхдаа Ч.У-гийн биед “дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, уруулын дээд хэсгийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг, Д.Э-ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийг харилцан бие биедээ учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Э-ийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу хохирогч Ч.У-гийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг зориуд хүсч, учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Д.Э- нь хохирогч Ч.У-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцож хуульчлаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Э-ийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дэх хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамц Д-ийн Э-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Э-ийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Д.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
3. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба цагаатгагдсан этгээд, хохирогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
4. Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР