| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0703/Э |
| Дугаар | 697 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 697
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Б-ы М-т холбогдох эрүүгийн 1903000000479 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны орой 20 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ...ийн хойд талын замд “Тоёота Приус” маркийн ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1903000000479 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Д.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №12770 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33-р хуудас/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэг төвийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №075942 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-42-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №456 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 6-13-р хуудас/,
Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 72-р хуудас/,
Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Н.О-ийн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, гэрч Б.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны оройн 20 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ...ийн хойд талын уулзвар дээр “Тоёота Приус-30” маркийн ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж явган зорчигч хохирогч Б.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь “өсгий тахилзуурын урд холбоосны бүрэн урагдал, шагайн дотор холбоосны суналт, зүүн шагайн дотор хашлага, өсгий болон куб ясны хэмт эдийн хаван, хурууны булчингийн суналт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Б.Н-ийн ...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг Алтай хотхоны зүүн талын гарцаар баруунаас зүүн тийш зам хөндлөн ногоон гэрлээр гарч байхдаа машинд мөргүүлсэн. Намайг мөргүүлээд газарт унахад уг машинаас нэг хүн гарч ирээд “та яаж байна, хөл нь зүгээр үү” гэж хэлсэн. Тэгээд тэр хүнтэй хамт Гэмтлийн эмнэлэг рүү хамт явж зургаа авахуулахад миний зүүн хөлийг шохойдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Д.М-гийн ...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчимд нөхөр Б.М-ын хамт “Тоёота Приус-30” маркийн ... УНК улсын дугаартай автомашинтай Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллоос гэрийнхээ явж байсан юм. Б.М- бид хоёр Нарны гүүр рүү явдаг 4-н замын уулзвараар улаан гэрэл ассан байхаар нь хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь хөдлөөд явж байхад дараагийн явган хүний гарцаар нэг эмэгтэй /Н-/ гүйгээд гарахад нь түүнийг машиныхаа хажуу талаар мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №12770 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Н-ийн биед өсгий тахилзуурын урд холбоосны бүрэн урагдал, шагайн дотор холбоосны суналт, зүүн шагайн дотор хашлага, өсгий болон куб ясны хэмт эдийн хаван, хурууны булчингийн суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31-33-р хуудас/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэг төвийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №075942 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Тоёота Приус” маркийн ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Эвдрэл, гэмтэлтэй эд анги байхгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат, АВS тоормосны системтэй. Тоормос бүрэн ажиллаж байна. Тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр тасалдах байдлаар үүснэ. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байна. /хх-ийн 38-42-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №456 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Тоёота Приус-30” маркийн ... УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б- овогтой М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Баярдалай овогтой Н- нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 46-47-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 6-13-р хуудас/,
Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны оройны 20 цаг өнгөрч байхад эхнэр М-гийн хамт “Тоёота Приус-30” маркийн ... УНК улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн автомашинтай Хан-Уул дүүргийн нутаг 120-н мянгатаас Хан-Уул дүүргийн хуучин цагаан хаалгатай уулзвараар баруун гар тийш эргээд хойшоогоо чигээрээ Нарны гүүрний уулзвар руу явж байсан. Тухайн үед би замын 2 дугаар эгнээгээр зорчиж байгаад нэгдүгээр эгнээ рүү ороод уулзвар руу дөхөхөд ногоон гэрэл ассан. Би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд уулзвар нэвтэрээд явган хүний гарцаар гарах үед эхнэр М- гэнэт орилсон. Тэр үед миний нүдний буланд нэг хүн байгаа юм шиг харагдахаар нь тоормос гишгэсэн. Би машинаасаа буугаад хартал миний машины арын зүүн хойд талд буюу газарт нэг эмэгтэй /Н-/ газарт унасан сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж явган зорчигч хохирогч Б.Н-ийг мөргөж, биед нь “өсгий тахилзуурын урд холбоосны бүрэн урагдал, шагайн дотор холбоосны суналт, зүүн шагайн дотор хашлага, өсгий болон куб ясны хэмт эдийн хаван, хурууны булчингийн суналт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой 286.947 төгрөгийн баримтыг /хх-ийн 53-р хуудас/ ирүүлсэн боловч тэрээр “эмчилгээний зардалд 286.000 төгрөг, бусад зардалд 350.000 төгрөг, нийт 630.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 88-р хуудас/ гэж мөрдөн байцаалтанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Б.Н-, шүүгдэгч Б.М- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.М- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон группт байдаг эрүүл мэндийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.М-т торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт Б.М-ын В ангилалын №1183755 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол овогт Б-ы М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.Н-т 630.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт Б.М-ын В ангилалын №1183755 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР