| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0689/Э |
| Дугаар | 699 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 699
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, А.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлйн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөвх овогт О-ын А-д холбогдох эрүүгийн 201626030805 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч О.А- нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хотхоны ... тоотод хохирогч А.Г-ын биед хүнд гэмтэл болгоомжгүй хутгалан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 201626030805 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч А.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтатс 16-18, 73-р хуудас, 2-р хавтас 44-46, 141, 181-182, 212-р хуудас, 3-р хавтас 44-45-р хуудас/,
Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 19-р хуудас, 3-р хавтас 39-р хуудас/,
Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 20-р хуудас/,
Гэрч Э.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-р хуудас, 2-р хавтас 59-р хуудас, 3-р хавтас 26-27-р хуудас/,
Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас, 2-р хавтаст 48-49-р хуудас, 3-р хавтас 24-25-р хуудас/,
Гэрч Т.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 79- 80-р хуудас, 2-р хавтас 50-51, 213-р хуудас, 3-р хавтас 32-33-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн хийсэн №7533 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 27-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №5395 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 31-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №9156 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 120-р хуудас/,
Шинжээч С.Ч-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтатс 121-122-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №759 дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 116-117-р хуудас/,
Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 85-88-р хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 4-10-р хуудас/,
Т.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 2-р хавтас 117-118, 221-222-р хуудас/,
А.Г-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 2-р хавтас 119-120, 221-222-р хуудас/,
Т.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 2-р хавтас 121-122, 221-222-р хуудас/,
Э.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 2-р хавтас 123-124, 221-222-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 132-147-р хуудас/,
Полиграф ашиглаж асуулга явуулсан үр дүнгийн тухай магадлагаа /хх-ийн 2-р хавтас 162-163-р хуудас/,
Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 96-115-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 1-р хавтас 149-161, 211-219-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 1-р хавтас 187-190, 195-196-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 209-р хуудас/, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 1-р хавтас 210-р хуудас/, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 1-р хавтас 220-228-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 1-р хавтас 63, 233-р хуудас/,
Шүүгдэгч О.А-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 91-р хуудас, 2-р хавтас 69-70, 190-193, 219-р хуудас, 3-р хавтас 36-37, 54-р хуудас/,
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ж.Б-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-р хуудас/, гэрч Ж.О-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-р хуудас, 2-р хавтас 47, 142-144-р хуудас/, гэрч Д.А-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-р хуудас/, гэрч Б.А-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 24-р хуудас/, гэрч Э.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтатс 51-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 59-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 61, 93-р хуудас/, гэрч Л.М-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 81-р хуудас/, гэрч С.Б-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 82-р хуудас/, гэрч Б.Б-ий мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-р хуудас/, гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 84-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 165-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.А-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч О.А- нь 2016 оны 5 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны ... тоот өөрийн хөлслөн амьдарч байсан байрандаа хохирогч А.Г-ыг хутгалж биед нь “хүнд” гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч А.Г-ын “2016 оны 5 дугаар сарын 29-ний шөнө би “харьлаа” гэхэд О.А- “чи согтуу явж яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр үед би үүдний хэсэгт буйдан дээр суугаад гутлаа үдээд босохдоо О.А-д хутгалуулсан...гэх мэдүүлэг,
Гэрч Э.Б-гийн “ ... шөнийн 01:00 цагийн үед намайг зурагт үзээд сууж байхад А.Г- “гэр рүүгээ харьлаа” гээд гутлаа үдээд байж байх шиг байсан. Тэр үед Т.Г- усанд ороод дөнгөж гарч ирж байсан. Харин Т.А- тагтан дээр тамхи татаад зогсож байсан. О.А- А.Г-од “харанхуй шөнө согтуу байж явж яах гээд байгаа юм бэ” гэж хэлж байсан. Гэтэл А.Г- маш чангаар “ёо ёо” гэж хашгирахаар нь хартал цээжнээс нь цус гарч байсан. Т.Г- цусыг нь цамцаар дарж байгаад Т.А-ыг энд дар гэж хэлсэн. А.Г-, О.А- хоёр тэр өдөр маргалдаж муудалцаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-р хуудас, 2-р хавтас 59-р хуудас, 3-р хавтас 26-27-р хуудас/,
Гэрч Т.Г-ийн “ ...А.Г- найз охинтойгоо утсаар ярьчихаад “манай найз охин миний төрсөн өдрөөр ирэхгүй байна” гэж жаахан бухимдалтай байсан. Би нилээн архи уучихсан байсан болохоор шөнө 23:40 минутын үед усанд орчихоод гарч ирээд толгойгоо алчуураар арчиж байсан. Бид нар элэгний нухаш, талх аваад идэх гэж байсан ба О.А- хутгаар талх зүсээд зогсож байсан. Тэгтэл А.Г- гэнэт “явлаа” гэхээр нь О.А- гартаа хутга барьсан чигээрээ очоод “хаачих гэж байгаа юм бэ, хөгшөөн” гэхэд “харьлаа” гэж хэлсэн. А.Г- үүдний хэсэгт буйдан дээр сууж байгаад босохдоо хальт О.А-гийн гарт барьсан хутгыг шүргэчих шиг л харагдсан. Тэгсэн А.Г-ын цээжнээс цус гарахаар нь би фудволкаараа цусыг нь дарж байгаад Т.А-т “энэ цусыг нь дарж бай” гэж хэлчихээд эмнэлэг дуудсан. О.А- А.Г- руу хутга бариад дайрч маргалдаж муудалцаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас, 2-р хавтаст 48-49-р хуудас, 3-р хавтас 24-25-р хуудас/,
Гэрч Т.А-ын “ ...2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 14:00 цаг өнгөрч байхад А.Г-, Т.Г-, Э.Б-, О.А- бид нар хамт архи ууж эхэлсэн. Ойролцоогоор 23:00 цагийн үед Т.Г- усанд ороод гарч ирж байхад О.А- талх, элэгний нухаш зүсээд зогсож байсан. Би шөнө 01:00 цагийн үед тагтан дээр тамхи татаад сууж байхад А.Г- “явлаа” гээд байх шиг байсан. Би тагтан дээрээс өрөөн доторхийг харж байтал О.А- А.Г-ыг “хаашаа явах гээд байгаа юм бэ, хоноод яв” гэж хэлэхэд А.Г- үүдний хажууд байдаг буйдан дээр суугаад гутлаа үдээд босож ирэхдээ огцом хурдан эргэж харах шиг болсон. Тэр үед О.А-гийн барьж байсан хутганд зүсэгдээд цээжнээс нь цус гарсан. Маргалдаж, муудалцсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 79- 80-р хуудас, 2-р хавтас 50-51, 213-р хуудас, 3-р хавтас 32-33-р хуудас/,
Гэрч Н.С-ийн ...2016 оны 5 дугаар сарын 30-ны шөнө 11:00 цагийн үед эмнэлгээс над руу залгаад “та Г-ын ээж мөн үү” гэхээр нь “тийм байна” гэхэд “та тэгвэл Баянзүрх дүүрэгт байдаг Цэргийн эмнэлэгт яаралтай хүрээд ирээч” гэхээр нь “яасан юм бэ” гэж асуухад “та ямар ч байсан яаралтай хурдан эмнэлэгт ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход эмчлэгч эмч нь манай хүү А.Г-ыг “хүнд хутгалсан байна, одоо яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна” гэж хэлээд нөхөр бид хоёроос хагалгаанд ямар нэгэн эрсдэл гарах буюу өөрөөр хэлбэл хүүгийн маань амь нас эрсдсэн тохиолдолд гомдолгүй гэх утгатай зүйл дээр гарын үсэг зуруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 19-р хуудас, 3-р хавтас 39-р хуудас/,
Гэрч Б.А-ийн “... манай хүүг О.А- хутгалж гэмтээсэн талаар сүүлд мэдсэн. Би эмчлэгч эмчтэй нь уулзаж байхад “амь насанд аюултай гэмтэл учирсан” гэж хэлээд эхнэр бид хоёроор амь нас нь эрсдэхийн бол гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж байгаад хагалгаанд оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 20-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн хийсэн №7533 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: А.Г-ын биед зүүн 3,4-р хавирганы цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушги, зүрхний баруун тосгуурын хатгагдсан шарх, зүрхний хөндийн цус хуралдалт, зүрх чихэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /хх-ийн 1-р хавтас 27-р хуудас/,
Шинжээч эмч Ц.-ий “...Гэмтэл аваад хугацаа алдалгүй анхны тусламж авсан тул амь насанд аюулгүй. Гэхдээ цаашид эмчилгээ болон гам барихаас шалтгаална. Тухайн гэмтлийг авсан хүн цаашид эмчийн хяналтанд байх ёстой. Тэмцээн уралдаанаас болж хүндрэл гарч болзошгүй амь насанд аюултай. Шархнаас үзэхэд хутга хатгагдах үед энэ гэмтэл үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 242-р хуудас ар/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №9156 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: А.Г-ын шингэн цус О /I/ бүлгийн харъяалалтай байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутганаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөржаргалын №5395 дугаартай шинжээчийн дүгнэлтэд О/I/ бүлгийн цус илэрсэн гэх тул хохирогч А.Г-ын цустай бүлгийн харъяалалын хувьд тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 120-р хуудас/,
Туршилт хийсэн тэмдэглэл болон гэрэлт зурагт: 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 213 тоот өрөөнд хохирогч А.Г-, яллагдагч О.А- нар оролцуулан хийсэн туршилтаар “...хохирогч би гутлаа үдээд босохдоо баруун хөл дээрээ хальт гишгээд унах гэж байхдаа огцом эргэж О.А-г тэвэрч авсан. Тэгэхэд би огцом хүчтэй тэвэрч авахад О.А-гийн барьж байсан хутганд нь хатгагдчихсан юм” гэж үйл явдлыг дүрслэн харуулжээ. /хх-ийн 1-р хавтас 141-147-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход хохирогчийн мэдүүлэг чухал ач холбогдолтой. Гэтэл хохирогч А.Г-ын удаа дараа гаргасан мэдүүлэг нь хоёр өөр утга бүхий, эрс зөрүүтэй мэдүүлэг гаргажээ. Тухайлбал: “О.А- намайг хутгалсан” гэх утга бүхий мэдүүлгийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр /хх-ийн 1-р хавтас 16-18-р хуудас/, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр /хх-ийн 2-р хавтас 44-46-р хуудас/ , 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр /хх-ийн 2-р хавтас 181-182-р хуудас/ тус тус гаргаж байжээ. Гэтэл дээрх мэдүүлгээ үгүйсгэж “би огцом эргэхдээ хөл алдаад О.А-гаас тэврэхдээ гарт нь байсан хутганд хатгагдчихсан” гэх утга бүхий мэдүүлгийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр /хх-ийн 1 дүгээр хавтас 73-74-р хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр /хх-ийн 1 дүгээр хавтас 242-р хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр /хх-ийн 3-р хавтас 44-45-р хуудас/ тус тус гаргажээ. Гэмт хэрэг гарахад хамт байсан үйл явдлыг мэдэх гэрч Э.Б-, Т.Г-, Т.А- нарын мэдүүлэгт “ямар нэгэн маргаан болоогүй. А.Г- “явлаа” гээд босоод эргэхдээ О.А- талх зүсэх гээд барьж байсан хутганд хатгагдчихсан” гэсэн утга бүхий мэдүүлгийг удаа дараа гаргасан байна.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх эдлэхийн зэрэгцээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн этгээд ба хуулиар олгогдсон энэхүү эрхээ эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь илтэд худал мэдүүлэг өгч бусдыг гүтгэхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээр хязгаарлагдана.
Гэтэл хохирогч А.Г-од мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулсаар байтал удаа дараа зөрүүтэй мэдүүлэг гаргасан тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар шалгасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор А.Г-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 2-р хавтас 221-222-р хуудас/,
Иймд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримтын талаар дүгнэхэд: Шүүгдэгч О.А-, хохирогч А.Г-, гэрч Э.Б-, Т.Г-, Т.А- нар нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 29-ний шөнө 23 цаг хүртэл Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “...” хотхоны ... тоот О.А-гийн хөлслөн амьдарч байсан байранд хохирогч А.Г-ын төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр нийлж архидан согтуурсан байна. Шүүгдэгч О.А- нь талх зүсэж байсан хутгаараа хохирогч А.Г-ыг “явлаа” гээд гутлаа өмсөөд огцом эргэж харахад хутгалж хүнд гэмтэл учруулсан байна.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.
Шүүгдэгч О.А-гийн хувьд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чА-ыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч хайхрамжгүй хандаж хохирогч А.Г-ыг хутгалсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.А-г бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т “хоёр жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан бол 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч О.А-гийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.А- болон түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, А.Отгонбаяр нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Г-ын биед хүнд хохирол учирсан байх боловч хохирогч нь хохирол хор уршигтай холбоотой 3.901.297 төгрөгийн /хх-ийн 1-р хавтас 148-161-р хуудас/ нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн боловч шүүгдэгч О.А- болон түүний өмгөөлөгч нараас дээрх 3.901.297 төгрөгийн баримтын талаар маргаагүй бөгөөд мөрдөн байцаалтанд нийт 8.600.000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь “гомдол, саналгүй” гэсэн хүсэлтийг /хх-ийн 3-р хавтас 46-р хуудас/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА-, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 8 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяраас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон бол гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн хуулийн 1.2-т “хорих ялын доод хэмжээг нэг жил дээд хэмжээг найман жилээр тогтоосон гэмт хэрэгт таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй талаар заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сараас 3 жил хүртэлх хорих ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, ялаас чөлөөлөх зэрэг асуудлыг Эрүүгийн хуулиар тодорхойлдог. Шүүгдэгч О.А-д холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг хэрэглэж өгнө үү гэх түүний өмгөөлөгч А.Отгонбаярын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.А- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэрэгт авагдсан /хх-ийн 1-р хавтас 116-117-р хуудас/ шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Шүүхээс шүүгдэгч О.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нотлогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулсан, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тодорхой эрхэлсэн ажилтай хувийн байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч О.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвх овогт О-ын А-г бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д 01 жил 06 сарын /нэг жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 01 жил 06 сарын /нэг жил зургаан сар/ хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А- нь хохирогч А.Г-од 8.600.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Хохирогч А.Г- нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.А-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч О.А- нь цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР