Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 700

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах /томилолтоор/,

шүүгдэгч А.Э-, түүний өмгөөлөгч Д.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга овогт А-ийн Э-д холбогдох эрүүгийн 1902006590234 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.Э- нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Мөн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1.6240 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэггүй зүйл сонирхон хань, ах, дүү хамаатан садан, хамт олныхоо итгэлийг алдаж байгаад маш их харамсаж байна. Үлдсэн амьдралдаа хар тамхи гэдэг зүйлээс хол байж нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгож, алдсан алдаагаа засах боломжийг олгож өгнө үү гэв.

 

Эрүүгийн 1902006590234 дугаартай хэргээс:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №4474 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №4473 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1061 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/,

 

Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

 

Зэрлэг олсны ургамлын тархацын талаархи холбогдох судалгааны материал /хх-ийн 32-41-р хуудас/,

 

Шүүгдэгч А.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч А.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55, 115, 118-р хуудас/, “ЭЖАНС” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, ял шалгах хуудас/хх-ийн 63-р хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 66-68-р хуудас/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 72-84-р хуудас/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 85-97-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 105-р хуудас/, гадаад паспортны хуулбар /хх-ийн 106-р хуудас/, ... дугаартай автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын болирдлын төлбөрийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 112-р хуудас/, ... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 113-р хуудас/, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 114-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 116, 120-р хуудас/, “Грийт Эмпайр” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 117-р хуудас/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 121-122-р хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 123-р хуудас/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 124-р хуудас/, “Ази капитал” ХХК болон А.Э- нарын хооронд хийсэн барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 129-38-р хуудас/, “Инвескор ББСБ” ХК болон А.Э- нарын хооронд хийсэн зээлийн гэрээ /хх-ийн 139-142-р хуудас/, бусад /хх-ийн 99-104, 107-111, 119-р хуудас/, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 166-169-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Э-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

          Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Э- нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /ургамалыг/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

мөн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1.6240 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ... улсын дугаартай автомашиныг А.Э-өөр онгойлгуулж “таны тээврийн хэрэгсэлд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа” эсэхийг асуухад “баруун хойд хаалганы хавтсанд өвс гэх зүйл байгаа” гээд өөрөө авч өгөв. Тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы хавтасны карма хэсэгт цагаан өнгийн сальфетикний дотор боосон ногоон цайвар өнгийн өвс мэт зүйл байв... гэжээ. /хх-ийн 4-6-р хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №4474 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. Ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: А.Э-өөс шээсний дээж авч тест ашиглахад ТНС хэсгийн С төвшинд 1 улаан зураас илэрсэн гэж зааж байгаа нь тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн гэх утгыг заажээ. /хх-ийн 7-9-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №4473 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “А.Э- УЗ90070311 2019.08.07” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /AMP, BAR, BZO, COC, MAMP, MDMA, MOR, MTD, PCP, THC/ илрээгүй. /хх-ийн 25-26-р хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: А.Э-ийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр унаж явсан ... улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд илэрсэн цагаан амны цаас /сальфетик/ боосон цайвар ногоон өнгийн өвс мэт зүйл байх бөгөөд жинлэхэд цагаан өнгийн цаасны хамт нийт 2.8 грамм жинтэй байв. /хх-ийн 10-р хуудас/,

 

Шүүгдэгч А.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 8 дугаар сарын эхээр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвгэрт явж байхдаа замын хажууд ургасан байсан “Каннабис” өвсийг цаасан дээр бага хэмжээгээр түүж авч хэрэглэсэн. Үлдсэн хэсгийг нь цаасанд боож машиныхаа хаалганы арын хавтсанд хийсэн байж байгаад Цагдаагийн байгууллагад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр нөлөөлдөг  олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцид заасан байна.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

            Шүүгдэгч А.Э- нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж хууль бусаар бэлтгэсэн, түүнчлэн уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч А.Э-, түүний өмгөөлөгч Д.Даваадорж нар “хэргийн үйл баримт болон гэм буруугийн” талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

            Улсын яллагчаас “шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...А.Э- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, ар гэрээ тэжээн тэтгэдэг, эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч А.Э- нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №1061 дугаартай дүгнэлт авагдсан байна. /хх-ийн 29-30-р хуудас/,

 

           Шүүгдэгч А.Э- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийтгүүлсэн байна. /хх-ийн 66-68-р хуудас/,

Шүүгдэгч А.Э- нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж, шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тул түүний өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Э-д ял оногдуулахдаа түүний биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан 1.5 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаархи тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг шийтгэх тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                          ТОГТООХ НЬ:

 

1. Авга овогт А-ийн Э-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийг 02 жил 06 сарын /хоёр жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.5 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаархи тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч А.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР