Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 707

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

өсвөр насны шүүгдэгч М.О-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М-, өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М-ийн О-т холбогдох эрүүгийн 1810022430746 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Өсвөр насны шүүгдэгч М.О- нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн ... байрны гадна тавьсан байсан Н.Б-ий “jist cv” гэх нэртэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 348.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Өсвөр насны шүүгдэгч М.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 9 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны байрны гадаа унадаг дугуй байхаар нь очоод цоожийг нь оролдож байтал түгжээ нь өөрөө тайлагдсан. Би дугуйг унаад Сонсголонгийн замаар явж байтал дугуйны хий гарахаар нь дугуй засварын ахаар хийлүүлээд Хархорин зах дээр 50.000 төгрөгөөр зараад 20.000 төгрөгөөр нь хоол авч, 30.000 төгрөгөөр нь тоглоом худалдаж авсан гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчид 348.000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

 

Эрүүгийн 1810022430746 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-20-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Б-ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16-р хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч М.О-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42-р хуудас/, нас тоолсон баримт /хх-ийн 43-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 44-р хуудас/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 60-64-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Өсвөр насны шүүгдэгч М.О- нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны оройн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн ... байрны гадна тавьсан насанд хүрээгүй хохирогч Н.Б-ий “jist cv” гэх маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 348.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б-ийн ...2018 оны 9 дүгээр сарын 23-ны орой 17 цаг 30 минутын үед том хүү Н.Б- мемори картандаа дуу суулгах гээд дугуйгаа унаад гарсан. Н.Б- 30 гаран минутын дараа залгаад “унадаг дугуйгаа алдчихлаа” гэж хэлэхээр нь Цагдаагийн байгууллагад хандсан. Манай хүүгийн унадаг дугуй нь хар өнгийн, хүмүүсийн хэлдэгээр засмал замын нарийхан дугуйтай, дугуйны обуд хэсэгт цагаан өнгөөр “jist cv” гэсэн бичигтэй. Уг унадаг дугуйг 2016 онд Солонгос улсаас 600.000-700.000 воноор худалдаж авч байсан. Монгол төгрөгөөр 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч /хохирогч/ Н.Б-ий ...2018 оны 9 дүгээр сарын сүүлээр дэлгүүр орох гээд дугуйгаа унаад зам гараад гар утас засвартай байрны гадаа шатны бариулаас дугуйгаа дугуйн цоожлогчоор цоожлоод дэлгүүр ороод 10-аад минут болоод гарч иртэл миний унадаг дугуй байхгүй болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Унадаг дугуйг 348.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Өсвөр насны шүүгдэгч М.О-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нисэхийн байрны буудлын хажууд явж байгаад гар утас засвартай байрны гадна унадаг дугуй байсан. Би дугуй дээр очоод цоожийг нь гараараа оролдсон чинь онгойчихсон. Би дугуйг унаад Хархорин захын хаалганы гадна танихгүй ахад 50.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч М.О- болон түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч М.О- нь 348.000 төгрөгийн үнэтэй “jist cv” гэх бичиглэлтэй унадаг дугуйг Хан-Уул дүүргийн ... байрны гадна дугуйн цоожоор цоожилсон байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:

Хохирогч Б.Б-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 348.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 15-16-р хуудас/ ба хохирогч нь “хохирол 348.000 төгрөгийг хүлээн авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 70-р хуудас/ гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтанд бичгээр гаргасан тул өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

      

 Өвсөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасан журмыг баримтлан оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 06 сарын хорих ял эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон нийгмийн аюулын шинж, хор уршиг, учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Өсвөр насны шүүгдэгч М.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр 2003 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн буюу 16 нас 5 сар 15 хоногтой насанд хүрээгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч М.О-т тайлбарлах нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч М.О-т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эх Б.М-т даалгав.

 

 Өсвөр насны шүүгдэгч М.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт М-ийн О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.О-ыг 06 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.О-т оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.О-т  06 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч М.О-т тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.О-т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эх Б.М-т даалгасугай.

 

7. Өсвөр насны шүүгдэгч М.О- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч М.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР