Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 855

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Б хөтлөн

улсын яллагч С.Ц

шүүгдэгч Б.Ч

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805057371024 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-нд ............ төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....; нөхөр, хүүхдүүдийн хамт ......., .... сумын .... баг, .... дугаар хороолол, ..... байрны .... тоотод хаягийн бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хороолол, .... байрны .... тоотод оршин суух, ялгүй, ....... дугаарын регистртэй, ..... овогт Б.ын Ч

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Ч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны граж дотор хохирогч Л.Б-тай маргалдаж түүнийг өшиглөн баруун шилбэнд цус хуралт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргах зүйлгүй тул дахин мэдүүлэхгүй. Хэрэг гарах болсон нь хохирогч Батчулуунаас шалтгаалсан. Гэхдээ хүнийг өшиглөж гэмтэл учруулсан нь миний буруу. Одоо бид нар учир зүйгээ ололцсон. Надаас нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн байгаа.

Би гадаад улс руу их явдаг учраас нэг хэсэг Монголд байгаагүй. Тэгээд гадагшаа явах боллоо гэдгээ мөрдөн байцаагчид хэлтэл тэг, яваад ир гэж зөвшөөрсөн. Түүнээс би сайн дураараа зугтаж яваагүй. Удахгүй Чех улс руу явах гэж байгаа. Иймд надад авсан хилийн хоригийг цуцалж өгнө үү гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *ын Б “... 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн үед БГД-ийн 5 дугаар хорооны 81 дүгээр байрны граж дотор байхад суугч Ч таарсан. Хэд хоногийн өмнө байрныхаа гадаа машин орох хаалганы хаалт хийхгүй гэж хэлсэн. Хаалтыг суугч иргэн Ч өөрийн дураар айл болгоноос мөнгө татаад машины хаалганы хаалт хийсэн юм тэр үед би хаалт хийхгүй, дараа нь хаалтыг авах юм бол би хариуцлагагүй хүлээхгүй шүү гэж хэлж байсан. Суугч нараас мөнгө авч хаалт хийсэн болохоор би камер /1,300,000 төгрөг/ тавьж өгсөн. Камер 900.000 төгрөгийг өгчихсөн байсан тэгтэл камер шөнө ажиллахгүй юм байна гэхээр нөгөө хүндээ хэлээд камер солиод өгөөрэй гэхэд та үлдэгдэл 400.000 төгрөгийг бэлнээр авч ирээд өгчих би камер солиод өгье гэхээр нь данснаас мөнгө бэлнээр 400.000 төгрөг аваад камерын хүнд өгсөн. Тэгтэл Ч тэр өглөөнөө чи 400.000 төгрөг бэлнээр авсан байна, камер тавьсан баримтаа өг, утсыг нь өг гэхээр би баримтаа аваад эргээд Ч гэдэг хүн рүү ирэхэд чи ажлаа өг юу ч хийхгүй байж мөнгө идлээ гэхээр нь чи хуулийн дагуу ажлыг аваарай гэж хэлэхэд чи ажлаа өг гээд намайг өшиглөсөн.

Санал хүсэлт байхгүй, Ч бид хоёр учраа олсон, нэг нэгийгээ буруу ойлгож явсан байсан. Та нарт хүртэл ажил удчихпаа, Ч надаас уучлалт гуйсан бид хоёр эвлэрсэн. Хэргийг түргэн шуурхай шийдээд өгөөрэй” /хх-н 38-39, 40-41/ гэж,

яллагдагч Б-ын Ч “... 81 байрны “Цалгайн бууц” СӨХ-ийн дарга Б-тай ажлын талаар маргалдсан. СӨХ-ийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна, камержуулалт аян явагдаж байх үед манай байрны 05 тоотод оршин суугч залуу хувиасаа хоёр камер үнэгүй СӨХ-д өгсөн юм. Гэтэл тэр хоёр камерыг байранд суурилуулаад СӨХ-ийн зардалд камер авсан гээд 1.300.000 төгрөгний зардал гаргасан байсан. Тэгэхээр нь би 400.000 төгрөг бол камер тавьсан тухайн байгууллагад шилжүүлсэн байсан, үлдэгдэл 900.000 төгрөгийг Батчулуун нь өөрийн дансандаа хувьдаа авсан байхаар би тэр талаар Б-д хэлтэл, тухайн камер тавьсан компани бэлнээр авмаар байна гэхээр нь би бэлэн 900.000 төгрөгийг тэр компанид өгсөн гэж хэлсэн. Тиймээс би камерын компани утсыг аваад ярихад танай Б 900.000 төгрөгөө өөрөө авсан, бид ажлын хөлсөө л авсан гэж хариу өгсөн. Олон юм битгий ярь гэж над руу хэлэхээр нь Б бид хоёр маргалдаад би 2 удаа өшиглөсөн нь үнэн. Гэхдээ гэмтэл авахаар өшиглөөгүй, камерын бичлэгт бас харагдаж байсан” /хх-н 57-58/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Л.Б- гэмтэлтэй холбоотойгоор ... Б биед баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 12772 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 44/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Ч-ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ч-нд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Ч бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Л.Б “... би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 70/

 

Шүүгдэгч Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдаж ирснийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 190 дугаартай “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ч-нд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. И овогт Б-ын Ч-ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч-ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Ч торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Ч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” тухай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 190 дугаартай захирамжийг хүчингүй болгож,

Б.Ч-нд өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

6. Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ч-нд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ