Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1942

 

“Нью энержи стар” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00605 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Нью энержи стар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Овоотэд” ХХК-д холбогдох

           

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 112 320 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч “Овоотэд” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Нью энержи стар" ХХК болон "Овоотэд" ХХК-ийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б-13-24 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийн баталгаанд "Овоотэд" ХХК-ийн захирал Д.Амгалан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 9 дүгээр байрны 33 тоотод байрлах, Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалан ипотекийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчээс "Овоотэд" ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан менежер ажилтай Д.Батцэрэнгийн захиалгын дагуу, явуулсан автомашинуудад нийт 46 800 литр түлшийг ачуулж, гэрээнд заасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн ба хариуцагч гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө огт төлөлгүй, байгуулсан гэрээгээ зөрчин өнөөдрийг хүрч байна. ...Худалдан авсан бүтээгдэхүүнээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь "Овоотэд" ХХК-ийн нэхэмжлэгч талын өмнө хүлээх гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул зээлээр худалдах-худалдан авах гэрээний 5.3 болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрөө гаргуулахаар шүүхэд хандаж байна. "Овоотэд" ХХК нь үндсэн төлбөр 74 880 000 төгрөгийг барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн тул гэрээнд зааснаар алданги 189 820 800 төгрөг болж байгаа ч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 37 440 000 төгрөгөөр тооцож нийт 112 320 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Овоотэд” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай гэрээ хийсэнтэй маргахгүй. Гэхдээ нэхэмжлэгч нь "Овоотэд" ХХК-д бараагаа шилжүүлж өгөөгүй. Бараа ачуулсан талаар падаан байгаа боловч энэ тухай манай компанид мэдэгдээгүй, менежер Д.Батцэрэн гэрээг байгуулсан боловч компаниас түүнд гэрээнд заасан барааг хүлээн авах, утсаар захиалга өгөх эрхийг олгоогүй. Манай компани гэрээний 2.1-т зааснаар эзэмшилдээ хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээх бөгөөд гэрээний 2.2, 2.4-т зааснаар бичгээр захиалсан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байхыг шаардана. Нэхэмжлэгч хаашаа, хэнд ачуулсан нь мэдэгдэхгүй баримтаар манайхаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Падаанд бичигдсэн жолооч нар уг нь бензинийг хүлээн авсан юм билээ. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний 7.5 дахь заалтыг зөрчиж, өөр хүмүүст шилжүүлсэн бөгөөд энэ шатахууныг "Буман Янгир" ХХК-д нийлүүлсэн байдаг. Бензин ачуулсан хүмүүс Д.Батцэрэнтэй хуйвалдаж манай компанийн нэрээр ачуулсан байсныг хожим мэдсэн. Иймд манайд нийлүүлээгүй шатахууны үнийг хариуцахгүй. Миний зүгээс нотлох баримтаар дүрэм журмыг гаргуулж шатахууныг хэрхэн нийлүүлэх, олгох байсан талаар тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Жолооч нарт падаан өгч гарын үсэг зуруулсан гэсэн нэхэмжлэгчийн зүгээс баримт гаргаж өгч байгаа боловч энэ баримтын хуулбар хувь нь жолооч нар ч юм уу? шатахуун нийлүүлсэн байгууллагад байх ёстой гэтэл тийм зүйл байдаггүй. "Нью энержи стар" ХХК-ийн зүгээс Д.Батцэрэнд шатахуун нийлүүлсэн талаар болон "Овоотэд" ХХК шатахуун хүлээж авсан талаар ямар нэгэн баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Овоотэд" ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүний үнэ 74 880 000 төгрөг, алданги 37 440 000 төгрөг нийт 112 320 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Нью энержи стар" ХХК-д олгож,

 

Хариуцагч "Овоотэд" ХХК 112 320 000 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 9 дүгээр байрны 33 тоот, 30 метр квадрат, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч "Нью энержи стар" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Овоотэд" ХХК-иас 719 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Нью энержи стар" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Овоотэд” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг, түүний биелэлтийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайлбал: Худалдагч, худалдан авагч талуудын хооронд гэрээнд тусгагдаагүй, харилцан зөвшилцөөгүй, худалдан авагч талд мэдэгдээгүй хөндлөнгөөс иргэн н.Алтансүх 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 3000 литр түлш, дараа өдөр нь 2 удаа нийт 4000 литр түлш, 6 дугаар сарын 21-ний өдөр 3000 литр түлш, нийт 10000 литр түлш худалдагч талаас хүлээн авсан. Мөн иргэн н.Энхболд 3 өдөр тус бүр 3000 литр нийт 9000 литр, өөр нэр бүхий 10 иргэн 2000-3000 литр түлш "Нью энержи стар” ХХК-иас хүлээн авсан баримт хэрэгт авагдсан байна Эдгээр нэр бүхий 12 иргэн нийтдээ 46 800 литр түлшийг тус гэрээний худалдагч тал буюу нэхэмжлэгчтэй харилцаа үүсгэн авсан байна. Худалдан авагч тал “Овоотэд" ХХК нь эдгээр 46 800 литр түлш хүлээн авсан иргэдийн хэнтэй ч харилцаа үүсгээгүй, таньж мэдэхгүй учир эдгээр иргэдийн талаар шүүхэд ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй болно.

Мөн хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 онь 3 дугаар сарын 25-ны өдрийн 2124 дүгээр шийдвэр гарахад нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Хариуцагч талаас шүүхэд хүсэлт гаргаж хурал хойшлуулаад гаргаж ирээгүй зарлагын падаан болох баримтыг нэхэмжлэгч зөвхөн нэг хувиар энэ нэхэмжлэлд гаргаж байгаа нь хариуцагч талд эргэлзээтэй байна. “Нью энержи стар" ХХК гэрээний худалдагч тал гэрээгээр тохирсон түлшийг бодит байдлаар нийлүүлэх болон Иргэний хуулийн 206, 243 дугаар зүйлийн 243.1, 263 дугаар зүйлийн 263.3, 386 дугаар зүйлийн 386.2 дахь заалтуудыг биелүүлээгүй зөрчсөн байхад шүүх буруу дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл өөр хэн нэгэнд нийлүүлсэн түлшийг манай компани хариуцахгүй. Хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар "Нью энержи стар" ХХК-ийн дүрэм болон дотоод журам, мөн шатахуун түлш олгох журмыг хавсаргах хүсэлт гаргасан боловч гомдол гаргах эрхгүйгээр хангахгүй орхиж шийдвэр гаргасан нь хариуцагч болон худалдан авагч талын гомдол гаргах болон мэтгэлцэх эрхийг шүүх хязгаарласан гэж үзэж байна. Мөн ямар ч нотлох баримтгүйгээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дүнд буй болсон “эвлэрлийн гэрээ” түүнийг хүчингүй болгосон шүүгчийн захирамжийг үндэслэл болгон шийдвэрлэж байгаа тус шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “Нью энержи стар" ХХК нь хариуцагч “Овоотэд” ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний үнэ 74 880 000 төгрөг, алданги 37 440 000 төгрөг нийт 112 320 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан  Б-13-24 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ” /хх 27-37/, гэрч Т.Сэргэлэн, Б.Өлзийсайхан нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч “Овоотэд” ХХК нь дээрх гэрээнд заагдсан газрын тосны бүтээгдэхүүн буюу 46 800 литр түлшийг хүлээж аваагүй гэх үндэслэл зааж маргасан байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “Ажет лимитэд” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүний үнэ 74 880 000 төгрөгийг “Овоотэд” ХХК-ийн ажилтан Д.Батцэрэн нь утсаар захиалга өгч, түүний дагуу нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан шатах тослох материалын зарлагын падаан /хх-10-26/, гэрч Т.Сэргэлэн, Б.Өлзийсайхан нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрч Т.Сэргэлэн, Б.Өлзийсайхан нарт хуулиар тогтоосон үүрэг хариуцлагыг зохих ёсоор танилцуулан мэдүүлэг авсан байх бөгөөд худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад хариуцагч компанийн санхүүгийн тамга, эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан баримтаар үгүйсгээгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч “Овоотэд” ХХК-ийг 74 800 000 төгрөгийн үнэ бүхий газрын тосыг нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй.

 

Харин худалдагч тал болох "Нью энержи стар" ХХК нь худалдан авагч “Овоотэд” ХХК-ийн төлбөр төлөх хугацааг гэрээний үйлчлэх хугацаа буюу 2013 оны 7 дугаар сарын  09-ний өдрөөр тооцон алданги нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Гэрээний үргэлжлэх хугацааг талууд харилцан тохиролцсоноор 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаагаар байгуулсан /хх-28/.

 

Талуудын хоорондох гэрээний 4.4.4-т төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд аль хэмжээгээр алданги төлөх талаар заасан байх бөгөөд төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх хугацааг гэрээнд тухайлан заагаагүй.

 

Харин гэрээний 4.4.2, 4.4.5-т “Гэрээний дагуу шилжүүлсэн бүтээгдэхүүний үнийг нэмэлт гэрээ байгуулах замаар тогтоох ба нэмэлт гэрээнд заасан хугацаанд хүлээж авсан бүтээгдэхүүний үнийг 30 хоногоос хэтрэхгүйгээр барагдуулна”, “нэг литр газрын тосны бүтээгдэхүүний үнийг гэрээний нэмэлтэд зааж, төлбөрийг бүтээгдэхүүн нийлүүлсэн тухай бүрийн хэмжээгээр хэсэгчлэн дараа нь төлнө” гэсэн агуулгатай заалт байх бөгөөд талуудын хооронд худалдан авсан бүтээгдэхүүний үнийг тогтоосон газрын тосны бүтээгдэхүүний төлбөр төлөх хугацааг тохиролцсон нэмэлт гэрээний зохицуулалтын талаар баримт байхгүй байна.

 

2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-13-24 дугаартай “Нэмэлт” гэсэн бичгийн баримт хэргийн 31 дүгээр талд авагдсан боловч уг баримтад талуудын хэн алинаас төлөөлөгч гарын үсэг зураагүй, тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байх тул нэмэлт гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа тодорхой бус байгаа тохиолдолд хариуцагчийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй хэтрүүлсэн гэж үзэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан анз төлөх үүрэг хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч “Овоотэд” ХХК-иас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 74 880 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Нью энержи стар" ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс алдангид шаардсан 37 440 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

         Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00605 дугаар шийдвэрийн

 

   Тогтоох хэсгийн 1 заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Овоотэд" ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүний үнэ 74 880 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Нью энержи стар" ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул алданги 37 440 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

     3 дахь заалтад “...хариуцагч ”Овоотэд” ХХК-иас 719 550...” гэснийг “...хариуцагч ”Овоотэд” ХХК-иас 532 350...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч  “Овоотэд” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА