Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00559

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02698 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02538 дугаар магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

НШГА-нд холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа сэргээж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот 2 өрөө орон сууцнаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг хүчингүй болгуулах, орон сууц өмчлөх эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, Р.Азбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б- болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1246 тоот шийдвэрээр Боловсрол сан орлёнок ХЗХ-д Б.Б- 14.622.080 төгрөг төлөхөөр болсон. Энэ шийдвэрийн дагуу НШГА- иргэн Б.Б-, Ж.Долгор, Г.Төмөр, Г.Дөлгөөн нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийг зөрчиж хууль бус ажиллагаа явуулсан байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулж НШГА-ны 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/3314 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг Б.Б-т 2005 оны 5 дугаар сарын 31-нд буюу 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн албадан дуудлага худалдааны хурлаар үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн хурлын дараа нөхөж гардуулахыг оролдсон. Төлбөр төлөгч Б.Б- 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 4.800.000 төгрөгийг төлбөр авагч Боловсрол сан орлёнок ХЗХ-д хуульд заасан хугацааны дотор хүлээлгэн өгөх буюу төлбөр авагчийн дансанд байршуулалгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 74 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчиж, 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд хууль бусаар өөрийн мэдэлд байлгасан. Б.Б-ийн төлбөрт төлсөн 4.800.000 төгрөгийг Б.Б-ийн гэр бүлийн хүн О.Зоригтбаатар бусдад өр төлбөртэй гэсэн шалтгаанаар Б.Б-т олголгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт заасныг зөрчиж Боловсрол сан орлёнок ХЗХ-ны төлбөрт бус О.Зоригтбаатарын төлбөрт шууд шилжүүлэн өгөхийг шаардсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны комиссын санал болгох 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралд оролцсон НШГА-ны албадан дуудлага худалдааны комиссын дарга, гишүүд, ахлах шийдвэр гүйцэтгэгчид хуралд Б.Б- биечлэн оролцож ...дуудлага худалдааны анхны мэдэгдэл авсан, хоёр дахь албадан дуудлага худалдааг би аваагүй... гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа илт хууль бус явагдсан талаар мэдүүлсээр байхад төлбөр авагч талд үйлчлэн орон сууцыг шилжүүлж өгье гэж шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б.Б-ийн төлсөн 4.800.000 төгрөгөөс 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 485 тоот төлбөрийн баримтаар 960.000 төгрөгийг О.Зоригтбаатарын төлбөрт хууль бусаар шилжүүлэн авсан боловч үлдэгдэл 3.840.000 төгрөгийг төлбөр төлөгчид эргүүлэн олгоогүй, энэ мөнгө хаана хадгалагдаж, хэн ашигласан эсэх тодорхойгүй байдал үүссэн байдлуудаар тус алба иргэн Б.Б- болон ээж, зээ дүү нарын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчөөд зогсохгүй хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль бусаар явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэлээр дуусгавар болоогүй гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон гэж үзэж байна. О.Зоригтбаатарын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргээс төлбөрийн баримтуудад тулгалт хийхэд 65.899.800 төгрөгөөс 807.200 төгрөгийг төлж, өөр төлбөр хийгээгүйг мэдсэн. Анх Б.Б-ийн төлбөрт 4.800.000 төгрөг шилжүүлсэн боловч орон сууцыг Боловсрол сан орлёнок ХЗХ-ны өрөнд тооцож, тус хоршоонд шилжүүлсэн ба төлсөн 4.800.000 төгрөгөө буцааж авна гэхэд нөхөр О.Зоригтбаатарын өрөнд суутгасан гэж гомдлыг барагдуулаагүй орхисон. Энэ талаар бичгээр гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 22 дугаар байрны 59 тоот үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хууль бус болохыг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч НШГА-ны шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны 1246 дугаар шийдвэрээр Б.Б-ээс 14.801.990 төгрөг гаргуулж, Боловсрол сан орлёнок ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд төлбөр төлөгч Б.Б- нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр үнэлгээ хийлгүүлэн албадан дуудлага худалдаа явуулсан боловч үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагчид шилжүүлсэн. Төлбөр төлөгч Б.Б-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус бүрийн явцыг мэдэгдэж байсан ба ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүгчийн захирамжаар Б.Б-, О.Зоригтбаатар нарын хувийн хэрэгт үзлэг хийхэд 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдөр НШГА-ны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх баримтаар 4.800.000 төгрөг бэлнээр гарсан нь дээрх баримтаар харагдаж байгаа боловч уг мөнгийг буцааж хэнд олгосон баримтгүй, 960.000 төгрөгийг төлбөрт авч үлдсэн эсэх тодорхойгүй байгаа гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02698 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-ээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа сэргээж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005543 дугаарт Ж.Долгор, Б.Б-, Г.Төмөр, Г.Дөлгөөн нарын өмчлөлд бүртгэлтэй байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот, 2 өрөө орон сууцнаас Б.Б-ийн төлбөрийг гаргуулахаар явуулсан бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг байсныг дурдаж, нэмэгдүүлсэн шаардлагадаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, энэ шаардлага хангагдсан тул хариуцагч НШГА-наас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02538 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02698 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 гэсний дараа 37 дугаар зүйлийн 37.3, 143 дугаар зүйлийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасныг баримтлан НШГА-нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа сэргээж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот 2 өрөө орон сууцнаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл, 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан шийдвэрийг гаргасан байтал давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3, 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж мөн хэрэглэх ёсгүй хууль болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг хэрэглэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхдээ “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар татан авах хүсэлт гаргасныг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзнэ” гэж давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцасны дараагаар энэ хүсэлтээсээ татгалзан шийдвэрлүүлсэн болохыг ч анхаараагүй, мөн Б.Б- нь хоёрдох албадан дуудлага худалдааны үнийн саналд гомдол гаргах эрхийг хангаагүй гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад огт гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн зэргээр давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй. Давж заалдах шатны шүүх нь хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахдаа Иргэний хээг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлэлгүйгээр илт хууль бус магадлалыг гаргасан гэж үзэж байна. НШГА- нь Б.Б-ийн удаа дараа гаргаж байсан гомдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлээс гадна Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариу өгч байгаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ тухайд дүгнэлт хийгээгүй, мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210\МА2017\02538 дугаар магадлалыг хүчингүй болгон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181\ШШ2017\02698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б- анх НШГА-нд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанаас хойшхи шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдсаныг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах, Б.Б-ийг Боловсрол сан Орлёнок ХЗХ-д 9.822.080 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа өөрчилж, нэмэгдүүлж сүүлчийн байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа сэргээлгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005543 дугаарт Ж.Долгор, Б.Б-, Г.Төмөр, Г.Дөлгөөн нарын өмчлөлд бүртгэлтэй байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот 2 өрөө орон сууцнаас төлбөр гаргуулахаар явуулсан бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэхийг хүсч эдгээр шаардлагын хүрээнд талууд мэтгэлцжээ. /1-р хх-ийн 1-5, 54-55, 132-133, 2-р хх-ийн 129-130/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрээр Б.Б-ээс 14.622.080 төгрөг гаргуулж Боловсрол сан орлёнок ХЗХ-д олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрт 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/621 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, НШГА- 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хурааж, 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн боловч дуудлага худалдаанд аливаа этгээд дэнчин тавьж үнийн санал гаргаж, оролцоогүй байна. НШГА-  үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авах саналыг төлбөр авагчид гаргасныг Боловсрол сан орлёнок ХЗХ зөвшөөрснөөр хөрөнгийг шилжүүлэн авсан тул  2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.  /1-р хх-ийн 62-65, 69/

1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т  төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо хуульд өөрөөр заагаагүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “  төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Б.Б- 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхийг сэргээлгэх, улмаар орон сууцнаас төлбөр гаргуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлага гаргаж үндэслэлээ, хоёрдох дуудлага худалдааны үнэлгээг танилцуулаагүй, өмнө нь төлбөрт шилжүүлсэн 4.800.000 төгрөгийг түүний нөхөр О.Зоригтбатарын төлбөрт суутгана гээд буцаан өгөөгүй атлаа төлбөрт нь суутгаагүйг хожим мэдсэн гэж тайлбарласан байх ба эдгээр үндэслэл нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүйг анхан шатны шүүх анхаараагүй Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/87 дугаар зүйлийн 87.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Б- төлбөрт хураагдсан эд хөрөнгө хоёрдох дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүйгээс тухайн хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагаанд өөрөө оролцсон ба уг  ажиллагаанаас өмнөх ажиллагаа буюу хоёрдох дуудлага худалдааны талаар өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөн гэж үзсэн бол тухайн үед гомдол гаргах эрх нь нээлттэй байжээ.  Түүнчлэн төлбөрт шилжүүлсэн байсан 4.800.000 төгрөгийг буцаан гаргуулах талаар нэхэмжлэгч НШГА-нд хандан хүсэлт гаргаж байсан зэргээс үзвэл тэрээр хуульд заасны дагуу тухай бүрд нь гомдол гаргах эрхтэй байсан гэж үзнэ.

Иймд биелэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааг сэргээх,  эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005543 дугаарт Ж.Долгор, Б.Б-, Г.Төмөр, Г.Дөлгөөн нарын өмчлөлд бүртгэлтэй байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот 2 өрөө орон сууцнаас төлбөр гаргуулахаар явуулсан бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсгийг баримтлаагүй,  2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримталсан нь буруу болсныг засч, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай.

2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт зааснаар татан авсан атал анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзсэн нь үндэслэл муутай байна.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагаа татан авах хүсэлт гаргасан /2-р хх-ийн 148/ боловч дээрх хүсэлтээсээ татгалзаж гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжсэн байна. /2-р хх-ийн 206/ Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжиж оролцсон /3-р хх-ийн 3/, талууд эдгээр шаардлагын хүрээнд мэтгэлцэж, анхан шатны шүүх өмчлөх эрх сэргээлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх дээрх шаардлагыг шийдвэрлэлгүй орхисон байх тул магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч төлбөрт шилжүүлсэн 4.800.000 төгрөгийн маргаантай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүйг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нь буруу биш байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдснаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02538 дугаар магадлалын 1 дэх заалтад “...34 дүгээр зүйлийн 34.3..” гэснийг “...87 дугаар зүйлийн 87.3...” гэж, “...хүчингүй болгуулах...” гэсний дараа “... ,орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх...” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ