| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2505 00492 0181 |
| Дугаар | 2026/ХШТ/75 |
| Огноо | 2026-06-24 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2026/ХШТ/75
М.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат,
шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Э.Буяндэлгэр, Б.Энхболд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 422 дугаар магадлалтай М.Э-д холбогдох 2505 00492 0181 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Буяндэлгэр, Б.Энхболд нарын гаргасан гомдлоор 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
И овгийн М-ын Э, 1998 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “З” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 4, ... нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, (РД: ... ).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элбэг” их дэлгүүрийн хойд замд 00-00 УУУ улсын дугаартай “Nissan Tiida” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогч Д.Э-ыг түүний тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас барьж байгааг мэдсээр байж тээврийн хэрэгслээ хөдөлгөн, түүний уг үйлдэл хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогч Д.Э-ыг чирч, эрүүл мэндэд нь зүүн шилбэний шаант тахилзуур ясны хугарал бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас М.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэн, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж,
хэргийн хамт ирүүлсэн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Буяндэлгэр, Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, 422 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Э-ы өмгөөлөгч Б.Энхболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухайд, анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид хэрхэн тохирч байгаад хууль зүйн дүгнэлтийг оновчтой хийх ёстой бол харин давж заалдах шатны шүүх нь эрүүгийн хэргийн материалыг гомдлын хууль зүйн үндэслэлээр хязгаарлагдахгүйгээр бүхэлд нь хянаж дүгнэлт хийдэг.
М.Э-д холбогдох эрүүгийн хэргийн үйл баримт тодорхой, эрүүгийн хэрэгт шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байх боловч анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль хэрэглээний зөрүүтэй нөхцөл байдал үүсгэж хууль зүйн дүгнэлт хийсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзлээ.
Учир нь, М.Э-ы хувьд хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс харагддаг.
Мөн М.Э нь тээврийн хэрэгслээ хөдөлгөж замын хөдөлгөөнд оролцсон байх ба хохирогч М.Э нь машины хаалганы бариулаас зүүгдэж, дагаж гүйж, чирэгдэж байгаа үйл баримтын тухайд бол М.Э-ы тээврийн хэрэгслээ хөдөлгөж замын хөдөлгөөнд оролцож байгаа үйлдэл нь санаатай хэлбэртэй байгаа боловч М.Э-ыг өөрийнх нь машинаас зүүгдээд яваад байна гэж бодоогүй, удахгүй гараа тавьчих байх гэж бодсон гэх мэдүүлгээс харахад хохирол хор уршигт зориуд хүргээгүй болох нь харагддаг юм.
Өмгөөлөгчийн зүгээс дүгнэхэд М.Э-ы үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр нь холимог хэлбэртэй болох нь харагддаг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж хуульчилсан байна. М.Э нь ямар нэг идэвхтэй үйлдлээр хохирогч М.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулаагүй буюу тээврийн хэрэгслээрээ түүний хөлийг дайраагүй, мөргөөгүй, цохиогүй болно. Харин зөвхөн тээврийн хэрэгслээ хөдөлгөж, замын хөдөлгөөнд оролцсон хэдэн секундэд М.Э-ыг машиных нь хаалганы бариулаас барьсан гараа тавьчих байх гэж бодож замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байдаг юм.
Иймд М.Э-ы холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилж, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч М.Э-ы өмгөөлөгч Э.Буяндэлгэр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэх шаардлага, хэрэгцээний хувьд, миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдээс дүгнэн үзвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
- 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3,
- 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
- 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн аль болох талаар дүгнэлт өгөх, цаашид хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой, хэрэгцээ, шаардлагатай байна гэж үзэж байна.
Учир нь миний М.Э-ыг 2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” их дэлгүүрийн хойд талын зам дээр 00-00 УУУ улсын дугаартай “Nissan Tiida” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогч Д.Э-ыг түүний тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас барьж байгааг мэдсээр байж тээврийн хэрэгслээ хөдөлгөж явснаас Д.Э чирэгдэн унаж, бие махбодод нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн болно. Уг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 сарын 09-ны өдрийн 2026/ДШМ/422 дугаар магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлийн хувьд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснийг, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүхэлд нь хангасан байж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл бүрдэнэ.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Тээврийн хэрэгслийн бариулаас хүн барьсан чирэгдээд гүйж байхад хүн унах, гэмтэх боломжтой гэдгийг бүрэн ухамсарлаагүй гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай, хууль хэрэглээг тогтоох шаардлагатай байна гэж үзэж байна.
Тодруулбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийг танихгүй, урьдын харилцаагүй, хохирогчтой маргаан үүсгээгүй буюу өс хонзонгийн болон бусад хэлбэрээр хохирогчийг гэмтээх, хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд нь халдах сэдэл буюу санаатай гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго үүссэн нь бүрэн тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 11.3-т заасан гэмт хэргээс гэмт этгээдийн субьектив талын шинжээрээ ялгагддаг гэдгийг онцгойлон анхаарч үзэх шаардлагатайг дурдах нь зүйтэй.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэх буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг билээ.
Мөн дээрх хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас” үйлдэх боломжтой талаар хууль тогтоогчоос тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч нь хохирогчийг машины хаалганы бариулаас барьж байгааг мэдсээр байж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж хохирол учруулахгүй байж ч чадна гэдэг итгэлээр уг үйлдэлдээ хандсан үйл баримт, гэрчийн мэдүүлэг мөн хавтаст хэрэгт тусгагдсан байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй.
Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Миний үйлчлүүлэгчийн хувьд мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөнөөс уг хохирлыг үүсгэсэн байх боломжтой тул уг асуудлыг дүгнэх зайлшгүй шаардлагатай байна.
Иймд, өмгөөлөгчийн энэхүү гомдлыг хүлээн авч, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой дээрх гэмт хэргүүдийн хувьд дүгнэлт өгч, шүүгдэгч М.Э-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч М.Э-ы өмгөөлөгч Б.Энхболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... М.Э-д холбогдох хэргийн үйл баримт тодорхой, мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийж гүйцэтгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийсэн. Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч болон хохирогч нарын хооронд ямар нэгэн маргаан, зодоон, харилцаа холбоо үүсээгүй, хохирогч Д.Э нь М.Э-ыг автомашинаа хөдөлгөөд явах үед нь автомашинаас нь салах боломжгүй, хувцас нь хавчуулагдсан нөхцөл байдал үүсээгүй байсан. Хохирогч өөрөө автомашины хөдөлгөөнийг эхлүүлэх үед нь автомашины хаалганы бариулаас барьсан байдалтай, М.Э хохирогч Д.Э-ын хөл дээгүүр дайрсан үйлдэл хийгээгүй. Хохирогч Д.Э автомашинаас нь зүүгдэж гүйж байхдаа хөл алдан унаж гэмтлийг авахдаа ямар тохиолдолд хөлдөө гэмтэл авсан бэ гэдэг нь тодорхой биш. Өмгөөлөгчийн зүгээс автомашинаас чирэгдээд явж байхдаа хөл алдаж унахдаа авсан юм уу, чирэгдэж байхдаа замын бродюр цохиж хөлдөө гэмтэл авсан уу гэсэн нөхцөл байдал тодорхой биш байна. Хамгийн чухал нэг нөхцөл нь М.Э-ы хувьд “автомашинаа хөдөлгөөд замын хөдөлгөөнд оролцож явсан, автомашины хаалганы бариулыг бариад явахад нь мэдэж байсан, гараа тавих байх гэж бодсон” гэж мэдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч хохирогч Д.Э-ыг чирэгдэж явсан гэдгийг хараагүй, санаатай чирч явсан үйлдэл хийгээгүй. Зөвхөн автомашины хаалганы бариулаас бариад дагаж гүйсэн үйлдлийг нь хаалганы бариулыг нь тавих болов уу гэж бодоод автомашинаа хөдөлгөсөн үйлдэлдээ буруутгагдсан. Сэдэлт, санаа зорилгын ялгаатай байдал харагдаж байна. Иймд хяналтын шатны шүүх зөв дүгнэлт хийж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Э-ы өмгөөлөгч Э.Буяндэлгэр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 бүлэгт заасан, 3 төрлийн гэмт хэргийн төсөөтэй гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүд байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 11.3, 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх боломжтой. Энэ хэрэгт төсөөтэй гэмт хэргүүд байгаа учраас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг нь хөндөгдсөн юм бэ, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал хөндөгдсөн юм уу, эсхүл хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан юм уу гэдэгт хариулт өгөх зайлшгүй шаардлагатай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих, Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж, түүний улмаас эрүүл мэндэд хохирол учруулсан байхаар зүйлчилсэн учраас замын хөдөлгөөнийг дүрмийг зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг тодруулахгүйгээр шууд санаатай гэмт хэрэг гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь бүлгийн хамаарал, төрлийн объектын хувьд өөр харилцаа, өөр эрх ашиг сонирхлыг зохицуулсан харилцаа байхад уг асуудалд дүгнэлт өгөхгүй орхигдуулсан асуудал байна гэж үзсэн.
Хоёрдугаарт, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаар миний үйлчлүүлэгч маргаагүй, харин уг үйлдэл нь санаатай үйлдэл байсан уу, болгоомжгүй үйлдэл байсан уу гэдэг асуудал байна. Прокурорын яллах дүгнэлтэд тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас барьсан гэдгийг мэдсээр байж хөдөлгөөнд оролцсон гэж дурдсан байдаг. Энэ үндэслэл нь санаатай гэмт хэрэг болон болгоомжгүй гэмт хэргийн аль алинаар нь зүйлчилж болохоор байна. Сайн нягталж харвал хоёр шатны шүүх ямар зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн талаар дүгнэлт хийгээгүй. Өс хонзонгийн сэдлээр, аль эсвэл хувийн таарамжгүй харилцаа үүссэн юм уу гэдэг нь хэргийн хүрээнд тогтоогдоогүй. Миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтын хүрээнд тээврийн хэрэгслийг хөдөлгөх болсон шалтгаан нь үйлчлүүлэгчээ гэрт нь хүргэж өгөх, цаашид дахин маргаан үүсгэхгүй, хохирогч согтуурсан байсан тул маргалдаад яах вэ гэж айсан учраас тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан байдаг. Хэрэв хохирогчийн биеийн аль эд эрхтэн тухайн тээврийн хэрэгсэлд хавчуулагдан салгаж болохгүй нөхцөл байхад түүнийг далимдуулан санаатай чирсэн, мөргөсөн, чирсэн үйлдэл нь санаатай гэмт хэрэг байж болно. Хохирогч тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас барих эсэх сонголт нь хохирогчид өөрт нь байсан. Миний үйлчлүүлэгч хөдөлгөөн эхлүүлээд замын хөдөлгөөнд оролцох юм бол гараа тавих байх гэж итгэсэн байсан. Уг үйлдлийг шууд санаатай гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасан бөгөөд хууль тогтоогчийн зүгээс бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах боломжтой, энэ нөхцөл байдлыг хуульчилж тогтоож өгсөн гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийг тухайн этгээдийн эрүүл мэндэд хохирол учруулах арга хэрэгсэл болгож ашиглаагүй. Шүүхээс М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан аль ч гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг журамлан шийдвэрлэх боломжтой. М.Э нь гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаагүй, хохирол төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ээж нь харааны бэрхшээлтэй, ар гэрээ тэжээн тэтгэдэг. М.Э нь хохирогчид санаатай хэлбэрээр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэнэ үү” гэв.
Прокурор Ц.Сүхбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... М.Э-д холбогдох хэргийг прокуророос хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэсэн зүйлчлэлээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хоёр шатны шүүхээс хэргийн үйл баримт, эрүүгийн хариуцлага, гэм буруугийн талаар хоорондоо зөрүүгүй дүгнэлт хийсэн боловч Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна. Хэргийн хувьд үйл баримт нотлогдсон, ямар нэгэн маргаан байхгүй. Харин сэдэлт, санаа зорилгын талаар дүгнэлт хийх шаардлагатай. Болгоомжгүй гэмт үйлдлийн талаарх Улсын дээд шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн тогтоол байдаг. Үүнд хайхрамжгүй хандах үйлдлийн талаар дүгнэсэн байдаг. Тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгэмд учрах хор уршгийг мэдэх боломжгүй байсан, хэргийн нөхцөл байдлын улмаас мэдэх ёстой, мэдэх боломжтой байхад тухайн үйлдлийг үргэлжлүүлсэн нөхцөл байдлыг хайхрамжгүй үйлдэлд тооцно гэсэн агуулгаар тогтоолд дурдсан байдаг. Хэргийн нөхцөл байдалтай харьцуулан дүгнэхэд хохирогчийн хувьд өөрөө автомашины хаалганы бариулаас барьсан байхад шүүгдэгчийн зүгээс хөдөлгөөнийг тодорхой зайд үргэлжлүүлсэн. М.Э нь цаашид тодорхой хор уршиг учрах боломжтой гэдэг нөхцөл байдлыг мэдэж байгаа боловч хохирогчийг гараа тавих байх гэсэн нөхцөл байдлаар тухайн асуудалд хандаж байгаа нь хайхрамжгүй хандах нөхцөл байдлыг илэрхийлж байна. Энэ агуулгаар өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч М.Э-д холбогдох хэргийг түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд, Э.Буяндэлгэр нар “... М.Э-ы холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэмт хэргийн зүйлчлэлээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү ...” гэсэн гомдлуудыг хяналтын шатны шүүхэд гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хохирогч Д.Э тус тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас барьсан байгааг мэдсээр байж хөдөлгөөнөө эхлүүлснээс Д.Э зүүгдэн гүйж чирэгдэж, газарт унан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүн дүгнэж, дараах дүгнэлтийг хийв.
2.1.Шүүн таслах ажиллагааны гол зорилт нь болж өнгөрсөн үйл явдлыг хууль ёсны нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэлийг хийснээр шударга эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчмын нэгэн хэсэг болдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлсон хэм хэмжээний объектив, субъектив шинжүүдийг нэгэн зэрэг хангасан үйлдлийг гэмт хэрэгт тооцдог.
Үүнээс субъектив шинжийн агуулга нь гэм буруутай этгээдээс өөрийн үйлдсэн нийгэмд аюултай хэрэгт хандсан сэтгэхүйн харьцаа буюу түүний ухамсар, хүсэл зоригийн уялдаа холбоо, гэмт хэргийн дотоод мөн чанарыг тусган илэрхийлнэ.
Гэм буруутай этгээдийн хандсан сэтгэхүйн харьцааны бодит агуулга болон тодорхой төрлийн гэмт хэргийн субъектив шинжийн хоорондын нийцэл тохироог гэмт хэргийг зүйлчлэх явцад тогтоох шаардлагатай.
Хэрвээ хэрэгт холбогдогчийн үйлдэлдээ хандсан сэтгэхүй, зорилгын мөн чанар нь хуульчлан тодорхойлсон гэмт хэргийн субъектив шинжийн агуулгад нийцэхгүй бол тухайн гэмт хэргийн шинж хангагдахгүйд хүрч, нийцэж буй өөр зүйл, хэсгээр зүйлчлэх, эсхүл хэрэгсэхгүй болгох үр дагавартай.
2.2.Гэмт хэргийн субъектив талын шинжийг зайлшгүй байх болон нэмэгдэл гэсэн хоёр хэсэгт ангилж, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг зайлшгүй шинжид хамааруулдаг бол нэмэгдэл шинжид сэдэлт, зорилгыг багтаана.
Субъект хэргийг үйлдэхдээ аливаа гэмт санаа агуулсан буюу санаатайгаар үйлдсэн тохиолдолд хэргийн нөхцөл байдлыг ухамсарлан ойлгож, түүнээс гарах, гарч болох үр дагаврыг хүсэж, тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг. Эдгээр нь оюун санааны болон хүсэл зоригийн элемент хэмээн тодорхойлогдож, санаатай гэмт хэргийн зайлшгүй байх бүрдэл хэсэг болно.
Хэрвээ гэмт этгээд аливаа хохирол, хор уршиг учруулахыг хүсээгүй боловч түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан тохиолдолд танин мэдэхүйн элемент хангагдаж байсан ч санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Тодруулбал, ямар нэг хууль бус зорилго биелүүлэх, үр дүнд хүрэхийг хүсэмжлээгүй, тууштай шийдээгүй тохиолдолд гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцохгүй.
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авсан байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах болсон шалтгаан, нөхцөлтэй холбоотой дараах нотлох баримтууд цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдан, шийдвэрийн үндэслэл болжээ. Үүнд:
хохирогч Б.Э “... Тэр газраасаа гараад бид нар “дахиад өөр газар оръё” гэж ярьцгаагаад, рестораны гадаа байж байсан. Гэтэл манай ажлын Ө.Д “явна” гээд байхаар нь би “явуулахгүй” гээд араас нь зам руу гүйсэн. Гэтэл Ө.Д нэг таксинд суучихсан. Тэгээд би тэр таксины баруун талын урд болон хойд хаалганы гадна 2 бариулаас барихад такси хаалгаа цоожилсон байсан. Тэгэхээр нь би жолоочид болон Ө.Д нарт “хаалгаа онгойлго” гэж хэлээд цонхыг нь 2-3 удаа тогшсон. Гэтэл огт хаалгаа онгойлгохгүй, цонхоо буулгахгүй байсан. Би цонхыг тогшоод, бариулаас нь бариад 5 орчим минут зогссон. Гэтэл такси гэнэт хөдөлгөөн эхлүүлсэн. Би хаалганы гадна бариулаас барьсан хэвээрээ таксины баруун талд гүйгээд явж байсан. …” (хавтаст хэргийн 22 дахь тал),
гэрч Ө.Д “… Б.Э намайг явуулахгүй татаад, зуураад байсан. … Би зугтаагаад такси авах гээд төв зам руу гүйсэн. Гэтэл Б.Э араас намайг хөөгөөд байсан. Тэгээд би зам руу гүйхэд намайг барьж аваад би газарт унасан. Тэгээд намайг барьж аваад буцаад рестораны гадаа очсон. Би сиймхий гарангуут нь буцаад төв зам руу гүйтэл дахиад намайг араас хөөсөн. Би таксинд орж суунгуутаа жолоочид “хаалгаа түгжээрэй, битгий онгойлгоорой” гэж хэлээд бүх хаалгыг нь түгжүүлсэн. … Такси яг хөдлөхөөс өмнө Б.Э ирээд машины баруун талын 2 хаалганы бариулаас хоёр гараараа бариад явуулахгүй, жолоочийн цонхыг цохиод “хаалгаа онгойлго” гээд орилоод, бариулаас нь огт тавихгүй, орилоод зогсоод байсан. Тэгээд таксины жолооч машинаа жоохон хөдөлгөөд явчихвал наад хүн чинь өөрөө бариулаас тавьчих байх гээд жолооч хөдөлгөөн эхлүүлээд явсан. …” (хавтаст хэргийн 32 дахь тал),
шүүгдэгч М.Э “... Тэр эгч миний тээврийн хэрэгсэлд гүйж орж ирээд “хаалгаа түгжээрэй, битгий нээж өгөөрэй, яваарай” гээд байсан. Тэр үед араас нь нэг залуу ирээд тээврийн хэрэгслийн цонх, хаалга нүдээд аюултай байдал бий болгосон. ... Тухайн нөхцөл байдалд өөрийгөө болон сууж байгаа эгчийг хамгаалах үүднээс, урьдчилж болзошгүй нөхцөл байдлаас хамгаалах үүднээс тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн. ...” (хавтаст хэргийн 116 дахь тал) гэж тус тус мэдүүлсэн.
Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд, байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцож байсан гэрч Ө.Д-г гэртээ харих гэхэд нь хохирогч Б.Э-ын зүгээс түүнийг цааш үргэлжлүүлэн арга хэмжээнд оролцуулах зорилгоор явуулахгүй байсан тул Ө.Д нь гүйн гарч, тухайн үед хувиараа такси үйлчилгээ эрхлэн, замын хажууд зогсож байсан М.Э-ы тээврийн хэрэгсэлд сууж, хаалгыг түгжсэн байна.
Хохирогч Б.Э Ө.Д-гийн араас ирж хаалгыг онгойлгох шаардлага тавьж, тус тээврийн хэрэгслийн хаалга, цонхыг цохих зэргээр зүй бус авир гаргасан учраас М.Э нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэн замын хөдөлгөөнд оржээ.
Энэ үед хохирогч Б.Э тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас гараараа барьсан чигтээ дагаж гүйж байсныг шүүгдэгч М.Э харсан байна.
Тодруулбал, шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Тухайн эрэгтэй хүн ард бариулаас тавиад үлдсэн ...” гэж (хавтаст хэргийн 55 дахь тал), анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Тээврийн хэрэгслийн бариулаас барьсан хохирогч дагаж гүйж байгааг харсан уу” гэх асуултад “… Тийм. Хөл дээгүүр нь гарсан эсэхийг үнэхээр мэдэхгүй байна. … Ард унаад үлдсэн байх гэж бодсон. Мөн хойноос тээврийн хэрэгсэл сигналдаад байсан учир би зүүн талын толиндоо хараад тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн. … Тэгэх үед хохирогч ах тээврийн хэрэгслийн хаалганаас татсан байдалтай, дагаж гүйж байсан. ...” (хавтаст хэргийн 116, 118 дахь тал) гэж мэдүүлжээ.
Ийнхүү Б.Э тээврийн хэрэгслийн бариулаас барин гүйж байх явцдаа унаж, зүүн шилбэний шаант тахилзуур ясны ил хугарал бүхий амь насанд аюултай, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй хүнд хохирол учирсныг шинжээч тогтоосон (хавтаст хэргийн 35-36 дахь тал) байна.
2.4.Шүүгдэгч М.Э хохирогчийн халдашгүй байдалд халдах, эрүүл мэндэд нь аливаа хохирол учруулах зорилго агуулаагүй, энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй тул санаатай гэмт хэргийн хүсэх элемент дутагдаж байгаа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив шинж хангагдахгүй юм.
Харин Ө.Д-г явуулахгүй байх гэснээс улбаатай тээврийн хэрэгслийн хаалга, цонхыг нь цохиж байсан Б.Э-ын хууль бус үйлдлийн үр дүнд аливаа хохирол, хор уршиг учирч болох боломжтой хэмээн тооцоолж, тухайн газраас холдон явахыг зорьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлж, хохирогчийг “гараа тавьчих байх” гэж хөнгөмсгөөр найдан, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэнчлэн хөдөлгөөнийг 50 метр зайд үргэлжлүүлснээр түүнийг гэмтээх, хохирол учруулах нөхцөл байдалд хүргэсэн тул шүүгдэгч М.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.
Гэтэл анхан шатны шүүх “хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой” гэсэн үндэслэлийг зааж, гагцхүү объектив шинжээр тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Харин давж заалдах шатны шүүх хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай болон болгоомжгүйгээр учруулах гэмт хэргүүд нь гэм буруугийн хэлбэрээр ялгагдах болохыг эрх зүйн онолын үүднээс үндэслэлтэйгээр тайлбарласан атлаа “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, учруулсан арга, үйлдлийн шинж чанар” зэрэг гэмт халдлагын гадаад байдлыг тусган илэрхийлэх объектив талын шинжид хамаарах нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ хэмээн алдаатай дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн “тээврийн хэрэгслийн бариулаас хүн барин чирэгдээд гүйж байхад тухайн хүн унах, гэмтэх боломжтой гэдгийг бүрэн ухамсарлаагүй гэж үзэх боломжгүй” хэмээн санаатай гэмт хэргийн оюун санааны (мэдэх) шинжийг хүсэл зоригийн (хүсэх) элементтэй хольж, буруу тайлбарласан нь эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэжээ.
Иймд, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч М.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Буяндэлгэр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний үйлчлүүлэгчийн хувьд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөнөөс уг хохирлыг үүсгэсэн байх боломжтой тул уг асуудлыг дүгнэх зайлшгүй шаардлагатай байна. ...” гэжээ.
Эрүүгийн хууль нь системчлэлийн хувьд гэмт хэргийг нийгмийн харилцаанд чиглэсэн төрөл, шинжээр нь бүлэглэн зохицуулж, бүлэг бүр нь өөр өөрийн онцлог бүхий эрх ашигт чиглэсэн гэмт хэргийг хамардаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн хэлбэрийн хувьд хайхрамжгүй хандсан, хөнгөмсгөөр найдсаны үр дүнд гэмт хор уршиг буй болдгоор болгоомжгүйгээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй төстэй боловч зөрчигдөж буй эрх ашиг, нөхцөлөөр ялгагдана.
Тодруулбал, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн онцлог нь хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг шууд чиглэсэн халдлага байдаг бөгөөд тээврийн хэрэгсэл ашиглан хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл бүр хорин долдугаар бүлэгт зааснаар зүйлчлэгдэхгүй.
Шүүгдэгч М.Э-ы хувьд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүйг урьдаас мэдсэн, хүний эрүүл мэндэд шууд хохирол учрах нөхцөл байдал нь түүний үйлдлийн шууд үр дагавар болсон учраас хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжгүй юм.
4.Субъект өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, мөн чанарыг оюун ухаандаа үнэн зөвөөр төсөөлж, түүнийг удирдан жолоодох чадвартай байснаар оюун санааны элемент хангагддаг тул хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлаагүй, ухамсарлан ойлгох боломжгүй байсан, учирч болох хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол гэм буруугүйгээр хэрэг үйлдсэнд тооцно.
Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйл (гэм буруугийн зарчим)-ийн 3 дахь хэсэгт тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульчилсан.
Хэргийн тогтоогдсон үйл баримтад энэ тогтоолын 2.4-т дурдсанчлан шүүгдэгчийн гэм буруу бүхэлдээ үгүйсгэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.
5.Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цаг үеэс болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Э-аас баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан буюу 880.000 төгрөгийг төлснөөс гадна тэрээр анх удаа, болгоомжгүй гэмт хэрэгт холбогджээ.
Дээрх нөхцөл байдлаас гадна хохирогч Б.Э-ын хууль бус, зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан нөхцөл болсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Э-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй дараах алдаа, зөрчил гаргасан байна. Үүнд:
6.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт мөрдөн байцаалт явуулж дууссан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, хувийг яллагдагчид гардуулан, хавтаст хэргийн материалыг ажлын 3 өдрийн дараа харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэхээр хуульчилжээ.
Мөрдөгчөөс 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх тухайн саналыг прокурорт гаргасныг ахлах прокурорын цохолтоор 03 дугаар сарын 12-ны өдөр хяналтын прокурорт хүлээлгэн өгчээ.
Улмаар прокуророос яллах дүгнэлтийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн боловч тодорхой бус шалтгаанаар мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчид гардуулан өгсөн байна.
6.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 3, 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурах, хүндэтгэх шалтгаанаар гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай шүүхийн захиргааны ажилтан тайлбар бичиж, шүүх хуралдааны тэмдэглэлд хавсаргахаар хуульчилсан байдаг.
Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ТЭ/220/2026/ДШМ/422 дугаар тэмдэглэлд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын гарын үсэг зурагдаагүйн зэрэгцээ түүнд аливаа баримт, тайлбар хавсаргагдаагүй байгааг анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолын:
1.1.Тогтоох хэсэгт:
“Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,
1.2.Тогтоох хэсгийн:
1 дэх заалтыг “И овгийн М-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж тус тус өөрчилж,
1.3.Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2.Шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э-ы өмгөөлөгч Э.Буяндэлгэр, Б.Энхболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг тус тус хангасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Т.ӨСӨХБАЯР
М.ПҮРЭВСҮРЭН