| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0598/Э |
| Дугаар | 710 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 710
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,
хохирогч Э.Ц-,
шүүгдэгч Х.А- өөрийгөө өмгөөлж оролцов.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Х-ын А-д холбогдох эрүүгийн 1910018120646 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Х.А- нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн 1 дүгээр автобусны буудлын орчимд Э.Ц-ийг зодож биед “баруун талын 9 дүгээр хавиргийг хугалж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хохирогч Э.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Гурвалжингийн барилгын материалын захаас Арцатын ам руу ачаа тээвэрлэхээр Х.А-тэй тохиролцсон. Би Арцатын аманд ачаагаа буулгаад явах гэтэл дахин ачаа ачаад Гурвалжин руу буцаж явна гэснээс болж Х.А- бид хоёр маргалдсан. Би камертай газар очьё гэж бодоод Х.А-г машиндаа суулгаад явсан. Төв зам руу ороод явтал Х.А- гэнэт машины кардан татснаас болж машин зам дээр эргээд зогссон. Х.А- шууд буугаад алхсан би араас нь очоод “яаж байгаа юм бэ” гээд энгэрээс нь бариад автал намайг хавсараад унагаасан. Бид хоёр хамт газар унах үед миний хавирга дуугарах шиг болсон. Би эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.
Эрүүгийн 1910018120646 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Ц-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-8, 13-17, 82-р хуудас/,
Гэрч А.Х-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №8340 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,
Шүүгдэгч Х.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ц.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.А-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Х.А- нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн 2 дугаар автобусны буудлын орчимд хохирогч Э.Ц-тэй “ачаа ачсангүй” гэснээс маргаан эхэлсэн ба шүүгдэгч нь хохирогчийг автомашинаа жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад машины гар тоормосыг татаж зогсоосноос маргаан үргэлжилж улмаар хохирогчийг хавсарч унагаасны улмаас биед “баруун 9 дүгээр хавирганы хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Э.Ц-ийн ...Би 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжин” барилгын материалын зах дээр машинаар ачаа тээврийн үйлчилгээ хийх гээд зогсож байтал нэг залуу /А-/ ирээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ам руу ачаа хүргүүлэхээр 25.000 төгрөгөөр тохиролцсон юм. Ачааг буулгачихаад явах гэтэл нөгөө залуу /А-/ тэндээс дахин барилгын материал ачиж “Гурвалжин” зах руу хүргүүлэх гэхээр нь “чи бид хоёр ингэж тохироогүй, би наад ачааг чинь хүргэж өгөхгүй. Би одоо Нисэх рүү ачаа ачих гээд байна” гэхэд “тантай буцаж ачаа хүргүүлэхээр тохирсон, хүргүүлнэ” гээд зодох гээд дайрсан. Тэгэхээр нь би камертай газар очвол зодохгүй байх гэж бодоод “хоёулаа эндээс холдож байгаад зодолдьё” гэж хэлээд машиндаа суулгаад хөдөлсөн. Нөгөө залууг /А-/ машиндаа суулгаад явж байхдаа түүнийг “зогс” гэж хэлэхээр нь зогсохгүй байсан чинь гар тоормосыг татаад зам дээр бүтэн эргээд зогссон. Би “яаж байгаа юм бэ, аваар хийлгэх дөхлөө” гээд бариад авахад “яадаг юм, чамайг онхолдуулж алах гэсэн юм” гээд намайг хөлөөрөө хавсарч унагаагаад миний баруун талын хавирган дээр хөлөөрөө дараад заамдсан. Энэ үед миний хавирга дуугарах шиг болсон. Би 2-3 цагийн дараа хөдөлж, амьсгалж чадахгүй болохоор нь эмнэлэг болон цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 13-17, 82-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №8340 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Э.Ц-ийн биед баруун 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25-р хуудас/,
Шүүгдэгч Х.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …Намайг машиндаа суулгаад Нүхтийн замаар явж байгаад Наадамчдын зам руу эргэж орохоор нь “зогс” гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч зогсохгүй байхаар нь Яармагийн автобусны буудлын орчимд машиных нь гар тоормосыг татсан. Гэтэл машин нь газар дээрээ хагас эргээд зогссон. Би машинаас буугаад явахад нөгөө ах /Ц-/ араас ирээд намайг заамдаж боохоор нь түүний хоёр гарыг нь барьж байгаад хөлөөрөө хавсарч газар унагаасан. Би тэр ахыг /Ц-/ унагаах үедээ дээр нь уначихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Х.А- нь хохирогч Э.Ц-ийг хөлөөрөө хавсарч унагаасан үйлдлийн улмаас хохирогчийн биед “баруун 9 дүгээр хавирганы хугарал” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Х.А- нь хохирогч Э.Ц-ийг хавсарч унагааж хохирогчийн биед баруун 9 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Х.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.А- нь өөрөө өөрийгөө өмгөөлөх оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой 164.800 төгрөгийн баримт /хх-ийн 42-43-р хуудас/ ирүүлсэн боловч тэрээр “эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Х.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан, хохирогч нь оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргасан ба, шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал болон хохирогчийн “Х.А-д оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.А-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сартуул овогт Х-ын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.А-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А- нь хохирогч Э.Ц-д эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Х.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР