Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/05486

 

2016 оны 10 сарын 20 өдөр

 

          Дугаар 102/ШШ2016/05486

                        Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, Бүрэн төв, өөрийн байр, “Бүрэн финанс” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 14-р байрны 14 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧЖ75073107, Хулуут овогт Цагаанхүүгийн Болорцэцэг, 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Хандгайтын 22-96 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр НЬ60111966, Цомог овогт Дагайгийн Мөнхтөр нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 20 848 274 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарсад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх /үнэмлэх 0962/, хариуцагч Ц.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир  нар оролцов.                                       

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарсад  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Болорцэцэг, Д.Мөнхтөр нар нь Бүрэн финанс ББСБ-тай 2014 оны 4-р сарын 7-ны өдөр 14/09 тоот зээлийн гэрээ, 14/09-01 тоот  барьцааны гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг сарын  2,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн  7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 42 дугаар байр 46 тоот, 000305363 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Y-2205053813 дугаарт бүртгэгдсэн 37.8 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийг зээлдэгч нар нь хамтран үйл ажиллагаа явуулдаг, эгч дүүс гэж авсан. Ингээд нийт зээлээсээ 9 330 263,41 төгрөг, хүүнд 9 598 261,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 437 606,43 төгрөг нийт 19 069 130 төгрөгийг тус тус төлсөн. Одоо зээлдэгч нар зээлийн үндсэн төлбөрт 15 966 736 төгрөг, хүүнд 4 236 215 ,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 645 322,92 төгрөг нийт 20 848 274,21 төгрөгийг гаргуулж өгнө үү.  Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлж өгнө үү гэв.  

Хариуцагч Ц.Болорцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бүрэн финанс ББСБ-аас 2014 оны 4-р сарын 19-ний өдөр зээл авсан. Тухайн зээлийг амьдрал ахуйгаа өргөжүүлэх зорилгоор өөрийн хэрэгцээтэй зүйлдээ зарцуулна гэж бодсон.  Тухайн үед хашааны блок үйлдвэрлэж зарна гэсэн бодолтой байсан ба үйл ажиллагаа эрхэлж чадаагүй, зээл төлж байгаад сүүлдээ төлж чадаагүй.  Ингээд тэр учир шалтгаанаа тайлбарлаж бичиж өгч байсан. Би өөрөө засал чимэглэгч, хүүхэд өвдөөд зээлээ төлөх чадваргүй болсон. Энэ зээлийг Мөнхтөр аваагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би зээлийг хариуцаж төлөх юм. 20 сая төгрөг төлөхөд хүндрэлтэй байна гэв.  

Хариуцагч Д.Мөнхтөр шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед Ц.Болорцэцэг нь надад “банкнаас зээл авах хэрэгтэй байна. Надад барьцаанд тавих байр болон зээл өгөх газар байна. Харин тогтвортой ажил орлготой хамтран зээлдэгч гэх хүн хэрэгтэй байна. Та санаа зоволтгүй, зээлээ би өөрөө төлнө, туслаач” гэж хэлээд нотариатын газар очиж гарын үсэг зуруулж байсан. Тэгээд би Болорцэцэгээс зээлээ авсан эсэх талаар асуухад аваагүй гэж байсан. Гэтэл 2016 онд Ц.Болорцэцэг нь хуурамч бичиг баримт үйлдэн зээл авсан болохыг мэдсэн. Надад банк бус санхүүгийн байгууллагаас 25 сая төгрөгийг надад хүлээлгэж өгөөгүй. Иймд уг зээл төлөх үүргийг би хүлээх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

                               

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бүрэн финанс” ББСБ нь Ц.Болорцэцэг, Д.Мөнхтөр нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 20 848 274 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах  үндэстэй гэж дүгнэлээ.

 

“Бүрэн финанс” ББСБ нь Ц.Болорцэцэг, Д.Мөнхтөр нартай 2014 оны 4-р сарын 7-ны өдөр 14/09 тоот зээлийн гэрээ, 14/09-01 тоот  барьцааны гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг сарын  2,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай,  Y-2205053813 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн  7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 42 дугаар байр 46 тоот сууцыг барьцаалан зээлүүлэхээр /хх 4-7/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлдүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлж 2014 оны 4-р сарын 09-ний өдөр мөнгийг шилжүүлсэн байх ба зээлдэгч нар үндсэн зээлээс 9 033 263 төгрөг, зээлийн хүү 9 598 261 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 437 606 төгрөг нийт 19 069 130 төгрөг төлж, бусад зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Зээлдэгч нар нь 2015 оны 10-р сарын 7-нд гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 12 600 000 төгрөг нийт 37 600 000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс 19 069 130 төгрөгийн үүргийг гүйцэтгэж, бусад 18 530 870 төгрөгийг төлөөгүй байна.

 

Зээлийг тодорхой хугацаанд графикаар төлөхөөр тогтоосон баримтыг нэхэмжлэгч гаргаагүй тул хариуцагч нарын нэмэгдүүлсэн хүүд төлсөн 437 606 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүүд төлөгдсөнд тооцлоо.

 

 Зээлийн гэрээний 3.4-т зааснаар зээлдэгч нь хугацаандаа төлөгдөөгүй зээлийн өрийн дүнгээс хүүг 20 хувиар нэмэгдүүлэн төлөхөөр тохирсон байх ба үндсэн зээл, зээлийн хүү 18 530 870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622 637 төгрөг нийт 19 153 507 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. 

 

Хариуцагч Д.Мөнхтөр нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “энэ зээлийг аваагүй” гэж тайлбарладаг боловч зээл авахаар анкет бичиг баримт бүрдүүлэх, 100 айл дахь барилгын захын “Мэдбар” ХХК-ий үйлчилгээний төвд явуулдаг үйл ажиллагаа нь судалгаанд хамрагдах зэргээр зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр гэрээгээр тохирсон /хх 23-29/ Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэлээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 30-ны өдрийн 822 тоот шийдвэрээр улсын бүртгэлийн  Y-2205053813 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн  7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 42 дугаар байр 46 тоот сууцны хамтран өмчлөгчөөр Ц.Болорцэцэгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, иргэн Э.Энхбатыг дангаар өмчлөгчөөр бүртгэхийг даалгасан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Хэдийгээр Ц.Болорцэцэг, Д.Мөнхтөр нар нь тухайн сууцыг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэхь хэсэгт  зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч шүүхийн шийдвэрээр Ц.Болорцэцэгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон, шүүхийн шийдвэр хүчинтэй байх тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Д.Мөнхтөр нь шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 10-р сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийн материалтай танилцсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цагаанхүүгийн Болорцэцэг, Дагайгийн Мөнхтөр нараас 19 153 507 /арван есөн сая нэг зуун тавин гурван мянга таван зуун долоо/ төгрөг гаргуулж “Бүрэн финанс” банк бус санхүүгийн байгууллагат олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 694 740 /нэг сая зургаан зуун ерэн дөрвөн мянга долоон зуун дөч/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар

шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Y-2205053813 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн  7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 42 дугаар байр 46 тоот сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн “Бүрэн финанс” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 191 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 253 717 төгрөг гаргуулж “Бүрэн финанс” ББСБ-т олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА