Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 711

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

хохирогч Б.Т-,

шүүгдэгч Т.О-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т-ын О-д холбогдох эрүүгийн 1910022800708 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Т.О- нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны гадна зогсоол дээрээс хохирогч Б.Т-ий эзэмшлийн “...” маркийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явж 245.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Т.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 09 цаг 30 минутын орчимд таксинд явж байхдаа Т.О-ийг авсан. Т.О- надад “татлага авах хэрэгтэй байна” гэж хэлээд 100 айл орсон боловч 100 айлд түүний хайж байсан татлага олдоогүй. Тэгэхээр нь би “ажил дээр татлага байгаа манай ажил дээр очьё” гэхэд тэрээр зөвшөөрсөн. Тухайн өдөр хүйтэн байсан тул би ажлын гадаа машинаа асаалттай үлдээгээд ажил руугаа татлага авахаар орсон. Тэгээд татлага аваад буцаад гараад ирэхэд миний машин алга болчихсон байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагын ажилчид миний машиныг Зайсангийн хөшөөний урд талын зогсоолоос олж өгсөн. Би үнэлгээний байгууллагын тогтоосон 445.000 төгрөг болон оношлогоо хийлгүүлсэн 100.000 төгрөг, нийт 545.000 төгрөгийг Т.О-ээс нэхэмжилж байна гэв.

 

Эрүүгийн 1910022800708 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Т-ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-11, 70-р хуудас/

Гэрч Б.Ө-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч М.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,

Гэрч Я.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5-р хуудас/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-32, 34-35-р хуудас/,

Шүүгдэгч Т.О-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41, 63-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч А.П-ын мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75-р хуудас/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 83-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 85-р хуудас/, барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 91-92-р хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 103-110-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.О-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Т.О- нь 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны гадна зогсоолоос хохирогч Б.Т-ий эзэмшлийн “...” маркийн ... улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явж 245.000  төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Т-ий ...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай саарал өнгийн “...” маркийн машинтайгаа халтуур хийж явж байгаад багшийн дээд орчмоос 21 цаг 30 минутын үед үл таних өндөр туранхай залуу /Т.О-/ гар өргөхөөр нь авсан. Тэгээд “хаа хүрэх юм бэ” гэхэд “100 айл орж татлага авна” гэхээр нь 100 айл руу явж байх замд тэрээр “татлага байгаа юу” гэж асуухаар нь “ажил дээр нэг татлага байгаа” гэхэд “тэрийг чинь авъя” гэж хэлсэн. ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “...” хотхон явсан. Би орой 22 цаг өнгөрч байхад машинаа асаалттай нь нөгөө залуутай /О-/ үлдээгээд татлага авахаар ажил руугаа ороод 10-20 минут болоод буцаад гарч ирэхэд нөгөө залуу /Т.О-/ байхгүй, миний машин ч байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-11, 70-р хуудас/,

 

Гэрч Б.Ө-ийн ...Т.О- над руу залгаад “гараад ирээч” гэхээр нь очтол саарал өнгийн жижиг машинтай ирсэн байсан. Би Т.О-ээс “хэний машин юм бэ” гэхэд “3.200.000 төгрөгөөр худалдаж авсан” гэхээр нь “чи яаж худалдаж авсан юм бэ” гэхэд “лизингээр авсан" гэж хэлсэн. Тэгснээ Т.О- “гаръя” гэхээр нь “хаачих юм бэ” гэхэд “хотоор жаахан явъя, хороолол орчихоод Зайсан толгой орьё” гэж хэлэхээр нь “шууд Зайсан орьё” гэж хэлсэн. Тэгээд Зайсан орчихоод буцаад явж байхдаа цагдаа нарт баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

Гэрч С.М-гийн ...Т.О-, Тэлмэн хоёр “ирчихсэн байна гаръя” гэхээр нь хамт гарсан. Би “хэний машин юм бэ” гэхэд Т.О- “ажлын газрын ахаас лизингээр 3.200.000 төгрөгөөр худалдаж авсан” гэж хэлсэн. ...Бид Зайсан орчихоод буцаад явж байгаад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Ж.Т-ын ...Хамаатны ах Т.О- манай гэрт орж ирээд “гараад ир” гэхээр нь гараад очтол саарал өнгийн жижиг машинтай зогсож байсан. Би “хэний машин юм бэ” гэхэд “ах нь өнөөдөр авсан, ...хоёулаа гадуур явж байгаад ирье” гэж хэлсэн. Тэгээд хамт яваад Их наран ороод “Б.Ө-, С.М- хоёрыг дуудчих” гэхээр нь залгаад “гараад ир,Т.О- машинтай болчихож” гэж хэлсэн. Бид нар Зайсан гарчихаад машинтайгаа явж байгаад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

Гэрч М.М-ын ...2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Т.О- жижиг саарал өнгийн машинтай Зүүнсалаанд байх манай гэрт ганцаараа ирээд хувцсаа авчихаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5-р хуудас/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...” суудлын автомашиныг 7.000.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 30-32-р хуудас/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...” суудлын автомашинд гарсан эвдрэл гэмтлийн шууд зардалд 245.000 төгрөг, шууд бус зардал 200.000 төгрөг, нийт 445.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 34-35-р хуудас/,

 

Шүүгдэгч Т.О-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Таксины жолооч /Б.Т-/ нь “ажил руугаа орж татлага авчихаад ирье” гээд машинаа асаалттай нь орхичихсон. Тухайн үед 23 цаг болж байсан. Гэтэл манай гэрт асуудал гараад яаралтай гэр рүүгээ буюу Зүүнсалаа руу явах болоод машиныг нь зөвшөөрөлгүй унаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 63-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Т- “...” маркийн ... улсын дугаартай автомашинаа асаалттай үлдээснийг, шүүгдэгч Т.О- хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй  мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Иймд шүүгдэгч Т.О-ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

     

           Шүүгдэгч Т.О- болон түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

         Шүүгдэгч Т.О-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-ий автомашин өмчлөх, эзэмших эрх зөрчигдсөн бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 445.000 төгрөг, оношлогооны зардал 100.000 төгрөг, нийт 545.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн тээврийн хэрэгсэлд хохирол шууд болон шууд бус зардлыг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 445.000 /хх-ийн 34-р хуудас/, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 100.000 төгрөг /хх-ийн 29, 33-р хуудас/, нийт 545.000 төгрөгийг шүүгдэгч Т.О-ээс гаргуулж, хохирогч Б.Т-д олгохоор шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Т.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 01 сар 04 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 02 жил 01 сар 04 хоногийн хугацаагаар тогтоох дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс “Т.О- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй тул түүнд түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргав.

          Шүүгдэгч Т.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр “БМ” бейкерид тогооч ажилтай гэх боловч цалин, хөлсний талаархи баримт хэрэгт авагдаагүй, хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд торгох ял оногдуулах нь хувийн байдалд нь тохирохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжээр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай ба тухайн зүйл хэсэг нь хорих ялын санкцигүй байхад торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т “хэд хэдэн шийтгэх тогтоолоор өөр төрлийн ял оногдуулахдаа уг ялуудыг нэмэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг бааримтлан шүүгдэгч Т.О-д оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.О-ийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 02 хоногийн /хх-ийн 38-р хуудас/ нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 16 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцов.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.О-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Т-ын О-ийг бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Т.О-ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

          3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.О-ийн цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 16 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 284 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.О-д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.О-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ээс 545.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Т-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР