| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0672/Э |
| Дугаар | 713 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 713
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир /ҮД:2766/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зурхайч овогт Л-гийн М-ад холбогдох эрүүгийн 1903010360419 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Л.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны оройн 19 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “АПУ” ХХК-ний хойд талын замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөнөөс “Ямаха” маркийн ... улсын дугаартай мотоциклийн жолооч С.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож байхдаа машиныхаа толинд мотоциклтой хүнийг хараагүйгээс болж зам тээврийн осол гаргасан. Би замын цагдаагийн газрын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөн өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна. Цаашид анхаарал болгоомжтой байж дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Эрүүгийн 1903010360419 дугаартай хэргээс:
Хохирогч С.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11084 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №313 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-50-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 322 дугаартай магадлагаа /хх-ийн 56-57-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг /хх-ийн 7-8-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14-р хуудас/,
Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 15-17-р хуудас/,
Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 38-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 88-р хуудас/,
Шүүгдэгч Л.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 67-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 71-74-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.М-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Л.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны оройн 19 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “АПУ” ХХК-ний хойд талын замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчиж, “Ямаха” маркийн ... улсын дугаартай мотоциклийн жолооч хохирогч С.А-ын биед нь “баруун тавхайн няцарсан шарх, баруун тавхайн 4, 5 дугаар хурууны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.А-ын ...Би гэр рүүгээ харихаар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны орой 19-20 цагийн хооронд хувь хүний нэр дээр байдаг ...бараан өнгийн “Ямаха” маркийн ... улсын дугаартай мотоциклийг жолоодон “Хүнсний 4” дэлгүүрээс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “АПУ” ХХК-ийн хойд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш 3 дугаар эгнээгээр ойролцоогоор 40-50 орчим км/цагийн хурдтай явж байтал 1 ба 2 дугаар эгнээний машинууд түгжрэлтэй байсан. Гэтэл гэнэт 2 дугаар эгнээнээс хар өнгийн “...” маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл ороод ирсэн. Би уг машиныг харсан даруйдаа тоормосоо гишгэсэн боловч тухайн машины зүүн урд талын гуфер хэсгийг шүргэж нилээн яваад зогссон. Би мотоциклоосоо буутал миний баруун хөл халуун оргиод байхаар нь замынхаа хойд тал руу гарч гутлаа тайлтал баруун хөлийн сарвуу хавдаж язраад цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,
Гэрч Б.Э-ын ... 2 дугаар эгнээнээс хар өнгийн “Тоёота Приус” маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл нь зүүн гар тийшээгээ эргэж орох үед 3 дугаар эгнээнд явж байсан мотоциклтой хүнийг /А-/ мөргөөд зогссон. Би ослыг ойролцоогоор 5-10 метрийн зайд харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Гэрч Б.А-ын ...Орой 19 цаг өнгөрч байхад А- над руу залгаад “мотоциклийг чинь барьж яваад АПУ ХХК-ийн хойд замд машинтай мөргөлдчихлөө” гэж хэлсэн. Тэр үед л би осол болсон талаар мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11084 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: С.А-ын биед баруун тавхайн няцарсан шарх, баруун тавхайн 4, 5 дугаар хурууны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 41-р хуудас/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №313 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...” маркийн ... дугаартай автомашины ...зүүн гар талын крыло урд хэсгээрээ хонхойсон, урд талын буфер зүүн гар талын тогтоогч сэнжнүүд хугарсан зэрэг эвдрэл гэмтлүүд ослын улмаас үүссэн шинэ гэмтлүүд байна. /хх-ийн 45-50-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 322 дугаартай магадлагаанд: “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ”...гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 56-57-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг /хх-ийн 7-8-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14-р хуудас/,
Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 15-17-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 88-р хуудас/,
Шүүгдэгч Л.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би “Тоёота Приус 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Зайсангийн Оргил худалдааны төвөөс 1 дүгээр хороолол орохоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд түгжрээд явж байтал 3 дугаар эгнээ түгжрэлгүй арай хурдан яваад байх шиг байхаар нь зүүн гар талын дохиог өгч толиндоо хараад ортол мотоциклтой хүн гэнэт ороод ирсэн. Би тоормосоо гишгэж зогсоод мотоциклтой хүн дээр очтол тэрээр “хөл өвдөөд байна” гэхээр нь өөрийнхөө утсаар 102, 103-т дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас “Ямаха” маркийн ... улсын дугаартай мотоциклийн жолооч хохирогч С.А-ыг шүргэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.М- болон түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.М-ын жолоодон явсан “Тоёота Приус 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Батжинбат Ирээдүй” ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-ийн 88-р хуудас/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.А-ын биед “баруун тавхайн няцарсан шарх, баруун тавхайн 4, 5 дугаар хурууны хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан /хх-ийн 41-р хуудас/ ба хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй боловч тэрээр “эмчилгээний болон бусад зардалд 1.500.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 116-р хуудас/ гэж шүүхийн шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас нь тусад нь эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүхээс шүүгдэгч Л.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.М- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоосон хугацаанд гэмт хэрэг үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан. Шүүгдэгч Л.М-ын хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.М-ад мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. З овогт Л-гийн М-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.М-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.М-ад мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М- нь хохирогч С.А-т 1.500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Л.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэнийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР