Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 865

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Б хөтлөн

улсын яллагч Д.П

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905030020868 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-нд .... аймгагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...; ....... хамт .... дүүргийн .... дугаар хороо, ....дугаар хороолол, .... байрны ... тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ... дугаарын регистртэй, ..... овогт Д....ийн Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Т 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Эрин Органик Фүүдс” нэртэй хүнсний дэлгүүр дотор хохирогч Н.У-тай “ажлын цагаар алга боллоо” гэсэн шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын дотор хэсэгт язрал гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би “Органик маркет” ХХК-д хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэмт хэрэг болсон өдөр камерийн хянагчаас У-г ирсэн үү гэж асуухад камер хянагч надад У өглөө 11 цагаас ажлаас гараад явсан гэж хэлсэн. Би У-г ажил дээрээ ирэхээр нь түүнийг өрөөндөө дуудаж ямар шалтгааны улмаас ажлын цагаар гарч явсныг нь асуухад У над руу шар өнгөтэй мөнгө тушаасан баримтыг савчуулаад надад хандаж “чи ямар том болчихсон юм бэ” гэж хэлэхээр нь би түүнийг ширээний цаанаас түлхсэн. У босч ирээд намайг түлхэж алгадсан тул миний толгой манарч би унасан. Дараа нь тэр над руу хашгирсан. Би тухайн үед босоод чимээгүй байж байгаад зааланд анкет хэвлээд байж байтал У намайг ажилчдын зааланд ёс бус хэллэгээр бусдын хажууд доромжилсон. Тэгэхээр нь би оффисоос гараад явсан. Тухайн өдөр бороотой байсан тул би оффисоосоо гараад органик дэлгүүр руу ороод буцаад оффисдоо орж ирсэн. У намайг оффисд орж ирсний дараа надаас тушаал нэхэж байсан тул би түүнд хандаж хувцсаа солиод иръе гэж хэлээд манаачийн бутик руу орж түүнээс зугтаасан. Би түүнээс нийт 2 удаа зугтаасан. Дараа нь би гэртээ харьсан.

Хүн алгадсан нь миний буруу, гэхдээ У мөн намайг цохьсон. Тухайн үед У-г цагдаад гомдол гаргана гэж бодоогүй. Мэдсэн бол би ч гэсэн үзүүлэх байсан гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н-ийн У “…2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байж байгаад 9 цаг өнгөрөөгөөд урд өдрийн үлдэгдэл орлогыг Голомт банкинд тушаачихаад 12 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ ирээд бараа хүлээж авч байтал зааланд У авгай хаана байна гээд хүний нөөцийн менежэр Т хашгираад байсан. Би хашигараад байгаа газар нь яваад очиход чи хаачаад ирж байгаа юм бэ? балиар авгай минь гэж хэлсэн. Яагаад зааланд хүнийг элдэв бусаар дуудаад байгаа юм бэ гэж хэлээд маргалдсан. Би зааланд гараад Т-ийг хүлээгээд зогсож байгаад гарч ирэхгүй болохоор нь яваад ортол маргаан дундаа миний зүүн хацар хэсэгт алгадаад авсан. Би намайг алгаддаг хэн бэ гэж хэлээд зөрүүлээд 1 алгадсан. Би тэр өдрөө цагдаад хандаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Толгой өвдөөд байхаар нь 10 дугаар хороололд байрлах бариачид очиж 1 удаа толгойгоо бариулсан. Т-аас хохирлын 25.000 төгрөгөө авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” /хх-н 16-18/ гэж,

гэрч Лн О “... 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажил дээр шал угаах цэвэрлэгээ хийх зэрэг ажил хийж байсан. Тэр өдөр У мөнгө тушаах гээд гарчихаад бөөн ууртай ирэхэд Т ажил дээрээ байсангүй гээд бухимдаад уурлаад Урансанааг ирэхээр нь өрөө рүү нь дагуулаад орсон. Тэгээд маргалдаад байх шиг байсан. Дуу нь хадаад Т орилоод байсан. Яг юу болсоныг хараагүй учир надад мэдэх зүйл байхгүй. У Б бид хоёрт гар утсандаа бичлэг татаад авсан гэж нэг ч удаа үзүүлээгүй” /хх-н 54-55/ гэж,

гэрч Р-ийн Б “...  2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байж байхад манай компаний хүний нөөц Т гаднаас орж ирээд зохион байгуулагч У-аг хаана байна, гарсан цагийг нь үзээдэх гэсэн. Тэгээд байж байтал У мөнгө тушаачихаад орж ирсэн. Тучир зүггүй уурлаад У-аг дагуулан өрөөнд ороод хэрэлдэж байгаад У-н зүүн хацар хэсэгт алгадсан. У зөрүүлээд нэг удаа алгадаад авсан” /хх-н 23-25/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Н.У-ийн гэмтэлтэй холбоотойгоор “Н.У-гийн биед тархи доргилт, зүүн хацарны дотор хэсэгт язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдлөмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн 8683 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 20/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б “... Т нь хохирогч гэх У-д мөн адил зодуулсан, ... харилцан зодолдсон гэж хэлж болно, ... тухайн үеийн камерийн бичлэгийг гаргуулж авах гэсэн боловч чадаагүй, ... мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, ... Т тухайн үед цагдаад хандаагүй учир шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, ...” гэсэн агуулга бүхий тайлбарыг хэлэв.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ...” тухайн гэмт хэрэг төгссөн гэмт хэрэг болдог.

 

Өөрөөр хэлбэл тусгай мэргэжил шаардагдах Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдсоноор уг гэмт хэргийн шинж /бүрэлдэхүүн/ хангагддаг.

 

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хууль дахь “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэрэг нь заавал “санаатай” үйлдэл байхыг шаарддаг байсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль дахь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хүний үйлдэл нь заавал “санаатай” үйлдэл байхыг шаардахгүй онцлогтой.

 

Шүүгдэгч Д.Т-ийн биед шинжээчийн дүгнэлт гаргуулахаар, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь цаг хугацааны хувьд нөхөн гүйцэтгэгдэх боломжгүй юм.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Д.Т-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Урансанаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-гийн Т-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.Т торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Д.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Т-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ