| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1214/Э |
| Дугаар | 1261 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 1261
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01922 0695 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Х, Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Булган аймгийн Дашинчилэн сумын 1 дүгээр хороо, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **, урьд:
Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 605 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 408 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх заалтад зааснаар 07 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Х нь яллагдагч Г.Э-тэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” дэн буудлын гадна иргэн Ц.Б-ийн 370,000 төгрөгийг илээр, хүч хэрэглэн дээрэмдэн авсан,
Мөн С.Г-тэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б-ын бэлэн 80,000 төгрөгийг илээр, хүч хэрэглэн дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Г.Х нь яллагдагч Г.Э-тэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” дэн буудлын гадна хохирогч Ц.Б-ийн бэлэн 370,000 төгрөгийг илээр, хүч хэрэглэн дээрэмдэж авсан, мөн С.Г-тэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б-ын бэлэн 80,000 төгрөгийг илээр, хүч хэрэглэн дээрэмдэж авсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Х-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 6-ны орой найз М-тай хамт Цамбагаравын хажуу талд “Ив” гэдэг нэртэй паабад ороод 10 шил 0.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво худалдаж авч уугаад манай найз харилаа гээд гараад явсан. Харин би үлдээд үлдсэн пиво, 100 грамм архи авч уучхаад гараад “Кинбаб Чонгуг” гэдэг нэртэй хоолны газар ороод хоол авч идээд цаг харахад 20 цаг болж байсан. Ингээд би хоолны газрын хажууд байдаг Мөнгөншагай нэртэй хоолны газар ороод тамхи авчхаад гараад явж байхад дэлгүүрийн үүдэнд нэг эмэгтэй зогсож байгаад нэг газар орж юм хувааж уух уу? гэхэд нь тэгье гэж зөвшөөрөөд өмнө сууж байсан “Ив” паабад орох гээд явж байхад нэг залуу чи миний найз хүүхний юу юм бэ? гэж хэлээд үг хэлүүлэхгүй, хамар руу цохисон. Дараа нь үгийн зөрөөгүй нэг залуу нь гар бариад халаасанд гараа хийж 80,000 төгрөг аваад явчихсан...Эхлээд хоёр залуу ирээд нэг залуу нь чи миний найз хүүхэнтэй явдаг хэн бэ гээд барьж аваад хамар руу цохисон, нөгөө залуу нь миний хоёр гарыг араас бариад, хамар луу цохисон залуу халаас ухаад 80,000 төгрөг аваад, орилбол наана чинь ална шүү гээд гараас тавиад зугтаасан. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...“ гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас);
3. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн хажууд байрлах “Их хайрхан” цайны газрын хажуугаар гэр лүүгээ явж байтал миний өөдөөс Саппоро хавиар явдаг Г, Х хоёр хажуугаар хурдан гүйгээд явсан ба хойноос нь нэг залуу гарч ирээд намайг барьж аваад чи тэр хоёр залуутай хамт явж байсан гээд салахгүй цагдаад барьж өгсөн. Тэгээд би тэр өдөр эрүүлжүүлэхэд хоносон, надад хүн дээрэмдсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас);
4. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 06-ны орой Саппорогийн “Миний дэлгүүр”-ийн хажууд явж байсан чинь 30 орчим насны залуу согтуу хоногоор явмаар байна гэхээр нь болно гэж хэлсэн чинь намайг дагуулаад явж байтал хоёр залуу гэнэт гарч ирээд чи миний эхнэрийг гээд л хэрүүл ам болоод байх шиг байсан...миний хувьд 50,000 төгрөгөөр унтах санаа өгсөн юм. Тэгээд явж байхад Х, Г хоёр очоод тэр залуутай маргаад байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас);
5. Сэжигтэн С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 06-ны орой өөрийн найз Х-тай цуг архи уугаад явж байхад биеэ үнэлэгч О нэг залуутай явж байхаар нь Х бид хоёр ярилцаад О-тай явж байсан залууг чи яахаараа миний найз охинтой явдаг юм гэж хэрүүл хийж байгаад би нүүр лүү нь баруун гараараа түлхсэн. Тэр үед Х араас нь бариад халаасыг нь ухаад бид хоёр зугтсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36 дугаар хуудас);
6. Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумаас гараад Улаанбаатар хотод шөнө ирээд эгчийндээ ороод хувцсаа тавиад өглөө 9 цаг болж байхад гэрээс нь гараад Саппоро руу явсан ... намайг гэнэт боогоод унагаасан. Тэр нь шар нөхөр байсан. Нэг сэрсэн чинь нөгөө хүмүүс байхгүй байсан бөгөөд халаасаа үзэхэд юу ч байхгүй байсан. Тэгээд би ТҮЦ-рүү ороод эгчтэйгээ утсаар ярьсны дараа цагдаа дуудуулсан. Миний халаасанд 400,000 төгрөг байсан бөгөөд тэр хүмүүстэй хамт архи уугаад 30,000 төгрөгийг шар залууд өгсөн. Би буудлын үүдэнд байхад өгснөө маш сайн санаж байна. Тэгээд надад 370,000 төгрөг үлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 79 дүгээр хуудас);
7. Гэрч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ТҮЦ-нд зогсож байхад гаднаас 14 цагийн үед Монгол дээлтэй их үстэй залуу орж ирээд би хамт явж байсан хүмүүстээ бүх мөнгөө дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүний эгч рүү нь залгаад дуудсан ... мөн 15 цаг 40 минутын үед цагдаа дуудсан. Тэр залуу орж ирээд би мал маллаж байгаад ирсэн, 650,000 төгрөгөө алдсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66 дугаар хуудас);
8. Гэрч Э.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед дээлтэй хүн маш их согтуу байсан. Харин найз нь гэх залуу гайгүй байсан. Тэгтэл Хатанбаатар дээлтэй хүнийг түлхэхэд шууд газар унасан. Тэгээд дээрээс нь Х нүүр, амгүй цохиж нүдсэн. Х зодож байснаа болиод дээр нь гараад суугаад халаасыг нь ухсан. Хажуугаас нь Ч гэдэг хүүхэн хамт халаасыг нь ухсан, бас өшиглөөд байсан. Ч дээлтэй ахыг өшиглөж байхад нь Хатанбаатар боль гээд дагуулаад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 83-84 дүгээр хуудас);
9. Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр 08 цагийн үед ажил руугаа явж байхад Б хөдөөгөөс өчигдөр ирлээ гээд нэлээн согтуу явж байсан. Тэгээд намайг хүргээд өгөөч гээд надад нэг шил архи авч өгсөн....нэг нөхөр нь Бат-Өлзийг дараад авахаар нь би байдал эвгүй боллоо хүн дуудъя гээд гүйгээд явсан. Харин гүйж байхад эмэгтэй хүн мөнгийг нь мөнгийг нь гээд гээд байсан...Би тухайн хүмүүсийг харвал танина...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 94 дүгээр хуудас);
10. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 95-100 дугаар хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 108-113 дугаар хуудас);
11. Шүүгдэгч Г.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 169 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 172-184 дүгээр хуудас);
12. Шүүгдэгч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...С.Г хүүхэнтэй явж байсан залууг шууд цохиод авсан . Тэгээд цохиулсан залуу С.Г-тэй зууралдсан тэгэхээр нь би салгаад цааш нь аваад явсан. Цохиулсан залуу араас хөөгөөд ирэхээр нь бид хоёр зугтаагаад яваад өгсөн. Би улаан хүрэн дээлтэй залууг сууж байхад нь түлхэж унагаагаад толгой дээр нь дарж байгаад өмдний халаасанд нь байсан мөнгийг нь авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 237 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1908 00000 1539 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Г.Э-т холбогдох “...Г.Х-тай бүлэглэн хохирогч Ц.Б-ийг дээрэмдсэн...” гэх хэргийг яллагдагч хаана байгаа нь тогтоогдохгүй, мөрдөн байцаалтаас оргон зайлсан үндэслэлээр тусгаарласан байх тул энэ шүүх хуралдаанаар яллагдагч Г.Э-ийн гэм бурууг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Г.Х-тай бүлэглэж хохирогч Г.Б-ыг дээрэмдсэн гэх Г овогт С.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаа (хх-162)-аар нотлогдох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь үндэслэлтэй боловч цаашид энэ талаар прокурор шийдвэр гаргаж, шийдвэртээ мөн зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг тусгаж, оролцогчийн эрхийг бодитойгоор хангаж байхыг үүгээр анхааруулъя.
Хохирогч Ц.Б-с биет байдлаар 370,000 төгрөг, хохирогч Г.Б-аас биет байдлаар 80,000 төгрөг тус тус дээрэмдсэн байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 450,000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Г.Х-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахаар довтолсон байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Харин гэмт хэргийг зүйлчлэх онол нь тодорхой гэмт хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжтэй нийцэн тохирч байгааг тогтоох логик үйл ажиллагаа бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох эсэхийг шалгах, үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан маш олон төрлийн гипотез хэм хэмжээг хэрэглэдэг.
Гэхдээ гэмт хэргийг зүйлчлэхдээ хэрэглэсэн ерөнхий ангийн хэм хэмжээ бүрийг журамладаггүй, зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх хэм хэмжээг удирдлага болгодог нь эрүүгийн эрх зүйн онол болон шүүхийн практикт тогтсон ойлголт юм.
Тухайлбал, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан болон гэмт хэрэгт хамтран оролцсон зэрэг нөхцөл байдалд хууль тогтоогч эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар оногдуулахаар хуульчилсан байдаг тул дээрх нөхцөл байдалд хамаарах зүйл, хэсэг, заалтыг журамлаж зүйлчлэн, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үргэлжилсэн хэд хэдэн удаагийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт гэмт хэрэгт тооцох нөхцөлийг хуульчилсан тул шүүх энэ зүйл, хэсгийг гэмт хэргийн зүйлчлэлд журамлан хэрэглэх шаардлагагүй гэж үзэн зөвтгөсөн бөгөөд ийнхүү зөвтгөсөн нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, хэргийн зүйлчлэлд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдлаар нөлөөлөхгүйг дурдах нь зүйн хэрэг.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Х нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршгийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Х-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-аас түүний хариуцах хэмжээгээр буюу 225,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Б-т 40,000 төгрөг, хохирогч Ц.Б-д 185,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар Г.Х-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Г.Х-т 4 жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь нийт 67 хоног цагдан хоригдсон бөгөөд уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хохирлын хувьд хохирогч Б, Б нараас нэхэмжилсэн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ха-аас 225,000 төгрөгийг гаргуулан хохирогч Батбаатарт 40,000 төгрөг, хохирогч Б-д 185,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 2 хоног, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 хоног тус тус сэжигтээр баривчлагдсан ба 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон нийт 67 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Г.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-т гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Г.Х-т оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ын цагдан хоригдсон нийт 67 (жаран долоо) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-аас нийт 225,000 (хоёр зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Г.Б-т 40,000 (дөчин мянга) төгрөг, хохирогч Ц.Б-д 185,000 (нэг зуун наян таван мянга) төгрөг тус тус олгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Х-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Х-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА