Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 866

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Б хөтлөн

улсын яллагч Г.Х

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1905000000960 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны .... дугаар сарын ....-нд .... аймагт төрсөн, .... настай, ....., бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..... дүүрэг .... дугаар хороо, ..... ын .... дугаар гудамж ... тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл ....; эхнэр, хүүхдүүдийн хамт .... дүүргийн .... дүгээр хороо, .... хотхон .... дугаар байр, .... тоотод түр оршин суух, ялгүй, ..... дугаарын регистртэй, Б овогт Б Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Янзагахан-Ану цэцэрлэгийн урд талын тоглоомын талбайн гулсуур дээр мартаж гээсэн хохирогч Э.Т-ийн эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S8 загварын гар утсыг хууль бусаар авч завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Бшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хавтаст хэрэгт бичигдсэн зүйл үнэн зөв тул нэмж ярихгүй. Хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдолыг ойлгож байгаа.

Хохирогч дэлгэц нь хагарчихсан байна гээд гар утсаа буцааж авахгүй гээд байгаа юм. Гэхдээ намайг анх олоход гар утасных нь дэлгэц цууралттай байсан. Гар утасны үнэ гэж 500.000 төгрөг төлсөн. Тийм болохоор гар утсыг нь би авмаар байна гэв.  

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

насанд хүрээгүй хохирогч Э-ын Т “… 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Алтай хотхоны 18, 20 дугаар байрны голд байдаг Янзагахан-Ану цэцэрлэгийн тоглоом дээр тоглож байхдаа өөрийн 4 настай дүү Э.Н-д өөрийн Самсунг галакси Эс 8 маркийн гар утсаа өгсөн байсан. Хэсэг хугацаанд тоглож байгаад дүүгээсээ гар утсаа хаана байгаа талаар асуухад манай дүү надад хэлэхдээ гулсуурын шатан дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь гулсуур дээр очоод гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй байхаар нь тэнд хүүхдээ тоглуулж байсан цагаан малгайтай ахаас энд байсан утсыг харсан уу гэсэн чинь мэдэхгүй, би хараагүй гэж хэлсэн. Тэр хавиар нилээн хайж байгаад гэр рүүгээ ороод ээждээ болсон асуудлын талаар хэлсэн. Би ээжтэйгээ тухайн тоглоомын газар руу харсан камерыг шүүлгүүлж үзэхэд би энд байсан утсыг харсан уу гэж асуусан цагаан малгайтай ах тэнд байсан гар утсыг аваад халаасандаа хийж байсан бичлэг байсан. Самсунг Эс 8 маркийн хар өнгөтэй, гадуураа дэлгэдэг хар гэртэй, ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй, ажиллагаа нь зүгээр гар утас байсан. Би энэ утсыг алдахаасаа яг нэг сарын өмнө 560.000 төгрөгөөр худалдан авсан” /хх-н 19/ гэж,

хууль ёсны төлөөлөгч Н У “... би Алтай хотхоны оршин суугчдын фэйсбүүк групп дээр утас олсон хүн байвал авчирч өгч туслана уу гэж пост оруулахад надтай ямар нэгэн хүн холбогдоогүй. Тэр өдрийнхөө орой гар утсыг авсан хүнийг олсон шүү, авчирч өгөхийг чинь хүлээж байна. Өөрийг чинь бодоод бичлэгийг чинь тавьсангүй гэсэн пост оруулсан. Маргааш өглөө нь би гар утсаа харахад утсаа аваарай гар утсыг чинь авсан хүн байна гэсэн утгатай мессэж бичсэн байсан. Гар утсаа авах гэтэл дэлгэц нь хагарсан байсан. Ямар ч эвдрэл гэмтэлгүй утас байсан. Тэр камерын бичлэгт манай охин гар утсыг зүгээр оролдож байгаад гулсуурын шатан дээр тавьсан. Харин тэр залуу шууд аваад үзэж байгаад гар утсыг халаасандаа хийсэн бичлэг байсан. Тэр залуу сүүлд өргөдпөө авчих, тэгвэл дэлгэцийг нь янзлаад өгье, эсхүл мөнгө өгье гээд байсан” /хх-н 23-24/ гэж,

гэрч Нийн Т “... Алтай хотхоны пост дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад өдөр 12 цагийн үед нэг эгч хүүхэдтэйгээ ирээд утсаа алга болгочихлоо танай камерыг шүүх гэсэн юм гэхээр нь зөвшөөрөөд камераа шүүж үзэхэд цагаан малгайтай залуу нөгөө охины гулсуурын сандал дээр тавьсан гар утсыг аваад халаасандаа хийсэн. Харин надаар камер шүүлгүүлэхээр ээжтэйгээ ирсэн хүүхэд тэр гулсуур дээр дүүгээ дагуулж очоод тэр ахаас юм асуугаад тэр хавиар юм хайгаад явж байсан бичлэг байсан” /хх-н 27/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Б-г “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-нд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй бөгөөд насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У “... хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдолгүй болно. Иймд миний зүгээс шүүх хуралд оролцох шаардлагагүй” гэжээ. /хх-н 60/

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй болно.

Харин эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, дэлгэц нь хагарсан Samsung S8 загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ. Учир нь, уг гар утсыг хохирогч тал “... буцааж авахгүй” гэсэн байх ба гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг гэм буруутай этгээдэд буюу шүүгдэгчид өгнө гэсэн ойлголт байж болохгүй.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Бо овогт Б Б “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж,

дэлгэц нь хагарсан Samsung S8 загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ