Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 875

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.

шүүгдэгч /хохирогч/ М.Э

шүүгдэгч /хохирогч/ Б.А

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905033521008 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ..-нд .... төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ..; эхнэр, .. хүүхдийн хамт .. дүүргийн ... дүгээр хороо, . дугаар хороолол, ... дугаар байр, ... тоотод оршин суух, ялгүй, ... дугаарын регистртэй, Х овогт М Э

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19__ оны .. дугаар сарын ..-нд ... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... дүүргийн .. дугаар хороо, ... байрны . тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл ...; эхнэр, хүүхдийн хамт ..... дүүргийн . дүгээр хороо, .... хотхон, .... дүгээр байр, .. тоотод оршин суух, ялгүй, .... дугаарын регистртэй, М овогт Б А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

2019 оны 8 дугаар сарын 15-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Топаз” рестораны гадна шүүгдэгч М.Э, шүүгдэгч Б.А нар маргааны улмаас харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ М.Эл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогчийн хувьд гомдолгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Бид хоёр бие биенээсээ нэхэмжилсэн зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохоор би шүүгдэгчийн хувиар дахин мэдүүлэхгүй. Хохирогчийн хувьд гомдол санал байхгүй, одоо нэхэмжлэх зүйлгүй. Надад аль болох мөнгөн ял оногдуулж өгнө үү. Би өмгөөлөгч авахгүй гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

Б А “… Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Топаз төвийн паб дотор ажлын газрын М, Ба нарын хамт 2019 оны 8 дугаар сарын 15-ны орой 20 цаг өнгөрч байхад ороод бид гурав 0,75 литрийн архи нэгийг ундаа ус аваад ширээнд суугаад ууж байгаад 22 цаг өнгөрч байхад хажуу ширээний хүмүүс манай 2 эмэгтэй найзыг цуг суух уу гээд яриа өдөөд эхэлсэн. Бид гурав, үгүй ажлын хүмүүс сууж байна гэж хэлсэн. Тэр залуус манай 2 найзтай үг өдөөд яриад байсан нөгөө хэтрүүлэгтэй үг хэлээд манай найз хүүхэнтэй маргалдаад бараг нэг нэгнийгээ цохьсон байх. Тэгэхээр нь би очоод боль гээд хэлэхэд гарах уу, үзэх үү гээд эхэлсэн. Би нөгөө 2 найзыгаа цагдаа дууд гэж хэлчихээд хажуу ширээний залуустай гадаа гарсан. Би нөгөө залуутай гадаа байхдаа өөрийгөө хамгаалсан. Тэр хүмүүсийн нэгэнтэй нь зууралдаад авсан хувцас хунар урсан, нөгөө залуугийн хувцас бас урагдсан байх. Бусад нь тойроод зогсоод харж байсан. Би зууралдаж байгаад газар унасан, тэгээд баруун хөл, шилбэ хэсэг юманд цохигдсон бололтой цус хурсан. Надад гэмтлүүдийг нэг хүн л учруулсан. Махлаг биетэй 35-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Сүүлд нэрийг нь мэдсэн Энхжаргал гэгчтэй барилцаад авсан. Энхжаргал гэдэг хүнтэй заамдаж авах үед миний цээжийг урсан, хоёр гарын суга бугалганаас татаж чангаасан. Тэгээд би газар унасан, унахдаа өвдөгнөөс доош хөхөрч зулгарсан. Энхжаргал намайг заамдаж зүгээр зогсоогүй биеэс татаж чангааж миний цээжийг урж, хөхрүүлсэн. Тэр хүн л намайг татаж чангааж байгаад энэ гэмтлүүдийг учруулсан. Бид хоёр нэгнийгээ тавихгүй байхад нөгөө хоёр хүн нь хажуунаас салгасан. Тэр хоёр хүнээс гэмтэл аваагүй.

Хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулсан. Гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 10-13, 70/ гэж,

М Э “… найз Б, Х нарын хамт 2019 оны 8 дугаар сарын 15-ны орой Топаз ресторанд орсон. Би 3 шил архи уусан, тэгээд тооцоогоо хийгээд ресторан нь хаах гэж байсан тэнд 2 ширээний хүмүүс гарчихвал хаалаа гэсэн. Тэгээд байж байхад Баярсайхантай хажуу ширээний эмэгтэй хүнтэй маргалдсан, юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Би 00-оос гараад ирэхэд 2 хүүхэн нэг залуу манай найз руу дайраад хэрүүл хийгээд байсан, би боль гэж хэлээд салгасан. Эрэгтэй нь дайраад байхаар нь би боль гэхэд залуу над руу дайраад би тэр залуутай заамдаад авсан, найз Б боль гэхээр нь би заамдсан гараа тавьсан, тэгтэл нөгөө залуу намайг тавихгүй байсан. Тэгээд нөгөө залуу намайг нүүр рүү цохьсон. Би буцаад зууралдаад авсан чинь нөгөө залуугийн фудболк урагдсан Б, Х нар намайг боль гээд салгасан.

Аын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 16, 67/ гэж,

гэрч Т М “… хамт ажилладаг нарын хамт Топаз ресторанд 20 цагийн үед орсон. Бид гурав 0,75 литрийн архи нэгийг аваад уусан. Хажуу ширээнд сууж байсан залуус манай ширээнд ирээд яриа өдөөд байсан. Би та нар ямар сонин хүмүүс вэ, цаашаа яв, ажлын хүмүүсээрээ сууж байна гэж хэлсэн. Миний санахаар намайг нэг залуу чи харваас өвчний үүр болсон хүүхэн гэж хэлж доромжилсон. Чи юу гээд байгаа юм гээд би боссон санагдана. А намайг өмөөрч босч ирсэн тэгээд барьцалдаад авсан. Би салгах гэж оролцоод толгой руу цохиулсан санагдаад байна, маргааш нь толгой өвдөөд байсан архинаас болсон байх гэж бодоод ажилдаа яваагүй. Хэн цохьсоныг мэдэхгүй. А байхгүй. Ресторан дотор Туяа бид хоёр л байсан, өөр юм санахгүй байна” /хх-н 17/ гэж,

гэрч Д А “… Топаз ресторанд зөөгчөөр ажиллаж байсан. Манайх тухайн өдөр 9:30 цагаас 23 цаг хүртэл ажилласан. Сүүлчийн захиалга 22 цагт би авсан. Сүүлчийн захиалга аваад байж байхад манай ресторанд үйлчлүүлж байсан 2 ширээний хүмүүс хоорондоо маргалдсан. Эмэгтэй хүмүүсээс болж маргалдсан байх. Хоёр эмэгтэй хүнтэй нэг эрэгтэй хүн нь нөгөө ширээний эрэгтэй хүмүүстэй маргалдаад, би тооцоо аваад байж байсан. Тэр хүмүүс тооцоо хийгээд гарч явсан. Тэгтэл хүмүүс гадаа маргалдаад байна гэхээр нь гарч харахад 2 хүн хоорондоо зууралдаад 2 цагдаагийн машин ирээд хүмүүсийг аваад явсан. Ресторан дотор эрэгтэй, эмэгтэй хүмүүс маргалдсан гэхдээ цохиж зодсон зүйл болоогүй” /хх-н 20/ гэж,

гэрч Б.Б “... би сууж байгаад 00-н өрөө орчихоод буцаад ширээ рүүгээ явж байхдаа хажуу талын ширээнд сууж байсан задгай яриа яриад байсан эрэгтэй, эмэгтэй хоёрт хандаж “манай ширээ дуусч байна, дараа нь танай ширээ дуусах юм байна шүү” гэхэд тэр ширээнд сууж байсан эмэгтэй босч ирээд “чи надаас өвчин авах уу, тэр чамд ямар хамаатай юм” гээд миний толгой хэсэг рүү цохьсон. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд “Чи эрэгтэй хүний тэргүүнд хамаагүй хүрч болдоггүй юм” гээд тэр эмэгтэйгийн мөр рүү нь түлхсэн, тэгтэл тэр эмэгтэйтэй хамт явж байсан эрэгтэй нь босоод иртэл эмэгтэй нь над руу дайрахад нь манай 2 найзууд болох Энхжаргал, Хашбат босч ирээд тэр эмэгтэйг салгах гэтэл нөгөө залуу Э-тай зууралдсан. Тэгээд бид нар зууралдаж байгаад салцгаагаад Э, Х бид пабаас гараад байж байтал пабд бид нартай муудалцсан сүүлд нэрийг нь А гэх залуу пабаас гарч ирээд Э-тай зууралдхаар нь Хашбат бид хоёр салгаад байж байтал А дахиад Э-тай барьцалдаад авсан. Х бид хоёр салгах гээд, Э, А гэх залуу 2 зууралдаад байж байтал цагдаа нар ирсэн” /хх-н 22-23/ гэж,

гэрч Д Х “... Э, Б хоёртой хамт ширээнд суугаад архи уусан. Гэтэл хажуу талын 2 эмэгтэй 1 эрэгтэй хоорондоо ярьж байгаа нь бид гуравт сонсогдсон. Бид 3 тэр хүмүүсийн яриаг сонсоод ямар хачин хүмүүсийн хажууд суучихваа гэж байсан. Тэгээд зөөгч нь сүүлийн захиалга өгөх үү 22 цагт хаадаг гэхээр нь бид нар за за гэж хэлсэн. Зөөгч хажуу ширээний хүмүүс нь дуусаж байна, энэ хүмүүс гарчихвал манайх хаалаа гэсэн. Э 00 руу явчихсан байсан, Б 00 руу явах гэж босоод хажуу ширээний хүмүүст танайх дуусчихвал энэ газар хаах юм байна гэж хэлээд тэрнээс болж маргаан үүссэн. Би ширээн дээрээ гар утсаа оролдоод сууж байхад Энхжаргал хажуу ширээний залуутай заамдалцаад авсан байсан, би босоод боль гээд тавиулсан. Шар үстэй хүүхэн нь хажуунаас орж ирээд Э-лыг бас зуураад байсан тэгээд салгаад Э, Б бид 3 гарахад араас хажуу ширээний залуу гарч ирээд үүдэнд Э-тай зууралдаад авсан. Би тэр хоёрыг салгахад туранхай залуу Э-ын нүүр рүү цохьсон. Э-ыг аваад шатаар буухад дахин ирээд нөгөө Э-тай зууралдаад авсан би боль чи бид гурвыг барахгүй хэрэггүй, бид 3 муудалцмааргүй байна гэхэд тэр зууралдаад байсан. Э-ыг салгаад Топазаас хойш эргээд явахад нөгөө залуу араас хүрээд ирсэн. Чи боль одоо хэрэггүй гэхэд тэр залуу надад хандаад ахаа тохирох уу гэсэн юу гэсэн үг вэ гэхэд та хэдэн төгрөг өгчих гэхээр нь би тийм юм байхгүй, зүгээр яв гэж тэр залууд хэлсэн. Бид гурав учраа мэддэг болохоор явах гэж байсан, тэр залуу хүнээс салахгүй зууралдаад байсан” /хх-н 24/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн нэр бүхий хохирогчдийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “.... Б.А-ын биед хүзүү, хоёр мөр, бугалга, баруун тохойд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдлөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 9965 тоот /хх-н 30/,

М.Э-ын биед баруун нүдний зовхины цус хуралт, хөмсөг, цээжний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдлөмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 10149 тоот /хх-н 26/ дүгнэлтүүд гарсан байна.

 

Дээрх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд нь шүүгдэгч Б.А, М.Э нарын гэм буруутай болохыг нотолно.

 

Гэмт хэрэг гарсан гэх үйл баримтыг дүгнэж үзвээс шүүгдэгч Б.Амгаланбаяр, М.Э нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, улмаар биеэс нь татаж чангаах, газар унагаах, нүүрэн тус газар нь зохиж, энэ байдлын улмаас тэдгээрийн хэн алины бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учиржээ.

Иймд прокуророос шүүгдэгч Б.А, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж шүүх дүгнээд тэдгээрийг тус бүр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А, М.Э нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.А, М.Э нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч Б.А, М.Э нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. М овогт Б А “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд,

 

Х овогт М Э “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар

М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Б.А, М.Э нар торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. Б.А, М.Э нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.А, М.Э нарын тус бүрийн урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ