Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/05553

 

2016 оны 10 сарын 27 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05553

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Өнөр хороолол,  13Б байр 29 тоотод байрлах “Уян ган” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 8-р байр, 6 тоотод оршин суух, РД:ХД82080678 Маг овогт Зундуй-Ёндонгийн Батбаатарт холбогдох гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Уян ган” ХХК-ийн 33.3 хувийн хувьцааг буцаан гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Уян ган” ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “Уян ган” ХХК нь иргэн З.Батбаатараас гэрээний үүргийн гүйцэтгэл 1 800 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн талуудын хооронд 2014 оны 11-р сарын 04-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Уян ган” ХХК-ийн 33.3 хувийн хувьцааг буцаан гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Уян ган” ХХК нь иргэний хэргийг анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

           

           Нэхэмжлэгч “Уян ган” ХХК нь хариуцагч З.Батбаатарт холбогдох гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Уян ган” ХХК-ийн 33.3 хувийн хувьцааг буцаан гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Уян ган” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. “Уян ган” ХХК-ийн нэхэмжлэлтэй З.Батбаатарт холбогдох, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Уян ган” ХХК-ийн 33.3 хувийн хувьцааг буцаан гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Уян ган” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 000 000 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Батбаатараас 1 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА