Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 881

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.О хөтлөн

улсын яллагч Ц.

шүүгдэгч Г.Б

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903009560387 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны .... дүгээр сарын ..-нд .... аймагт төрсөн, эрэгтэй, .... настай, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...; эхнэр, хүүхдүүдийн хамт .... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, ..... тоотод оршин суух, ялгүй, ...... дугаарын регистртэй, ....р овогт Г-ын Б-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Б- 2019 оны 8 дугаар сарын 9-нд Баянгол дуүргийн 1 дүгээр хороо, “Улаанбаатар Төмөр зам”-ын Техник үйлчилгээний газрын Салгалттай засварын газраас Панасоник-450 маркийн гагнуурын аппаратыг нууцаар, хууль бусаар авч бусдад 3.520.000 тегрөгийн хохирол учруулсан буюу “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хулгайлсан аппаратаа буцааж өгсөн гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ч-ын Г “... манай Салгалттай засварын газарт засварчин Б ах бид хоёр ажилладаг ба өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд вагон засварын тавцан дээр байрлалтай байдаг Панасоник-400 маркийн, 380 вольтийн гагнуурын аппарат алга болчихсан. Гагнуурын аппарат вагон засварын тавцангийн төмөр хайрцаг дотор түгжээтэй байдаг ба Батмөнх ах бид хоёрт л түлхүур нь байдаг юм. Бид хоёр 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд ажил тараад би гагнуурын аппаратны хайрцагтаа цоожлоод гарцгаасан.

2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн өглөө буюу 1 дэх өдөр ажилдаа ирээд өглөөний ундаа уучихаад 09 цагийн орчимд ажлаа эхлэхээр очтол гагнуурын аппарат байхгүй болчихсон байсан бөгөөд шууд засварчин Батмөнх ахад хэлсэн. Тэгээд бид хоёр Г дарга руу утасдаж хэлсэн. Алдагдсан гагнуурын аппаратаа хүлээн авлаа. Ажиллагааг шалгахад хэвийн ажиллаж байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” /хх-н 34-36/ гэж,

гэрч М Б “... манай Салгалттай засварын газарт гагнуурчин Гантулга бид хоёр ажиллдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2019 оны 8 дугаар сарын 9-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд вагон засварын тавцан дээр байрлалтай байдаг Панасоник-400 маркын 380 волыын гагнуурын аппарат алга болчихсон. Гагнуурын аппарат нь вагон засварын тавцангийн төмөр хайрцаг дотор түгжээтэй байдаг. Гагнуурчин Гантулга бид хоёрт л түлхүүр байдаг. 2019 оны 8 дугаар сарын 9-ний орой 17 цаг 30 минутын орчимд ажил тараад гагнуурчин Гантулга гагнуурын аппаратны хайрцагаа цоожлоод явцгаасан” /хх-н 40-42/ гэж,

гэрч З О “... 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Гурвалжин-2 төвийн лангуун дээрээ байж байтал манай эхнэр Алтаннаран над руу залгаад “нэг хүн Панасоникийн ориг гагнуурын аппарат хямдхан зарна гээд явж байна, чи ирээд үзчих” гэж хэлсэн. Очтол хар өнгийн нүдний шил, саравчтай малгайтай, туранхай бор залуу зогсож байсан. Тэр залуу “гадаа машинд байгаа, цуг гарч үзье” гээд, гараад саарал өнгийн Приус-20 маркийн автомашин дээр очиж багажнаасаа надад үзүүлсэн. Үзэж хараад гайгүй шинэвтэр болохоор нь 750.000 төгрөгөөр авахаар тохирч гагнуурын аппаратыг нь цуг өргөж өөрийнхөө ажил руу оруулж, эхнэртээ хэлээд мөнгийг нь аваад өгчих гээд явуулсан. Манай эхнэр ATM-ээс мөнгө авч өгсөн гэж хэлсэн” /хх-н 63-64/ гэж,

яллагдагч Гын Б “... би 2019 оны 8 дугаар сарын 09-ний 20 цагаас 2019 оны 8 дугаар сарын 10-ны 10 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар төмөр замын онцгой байдал цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Парк-1 тасгийн харуулаар үүрэг гүйцэтгэж байсан. Миний хариуцдаг обьектоос баруун тийшээ 50 метрийн зайд байрлах салгалттай засварын газрын гүүрэн краныг харуулуудад хүлээлгэж өгдөггүй. Би обьектоо тойрч явж байгаад кран хөдөлгөөнт тавцангийн төмөр хайрцагны цоожийг гараараа татаж онгойлгоод дотор нь байсан гагнуурын аппаратыг утсыг гараараа таслаж аваад хашааны гадна талд байх өөрийн эзэмшлийн 24-29 УНИ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныхаа багажинд хийгээд орхисон. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 10-ны 10 цагт ээлжнээс буугаад гэртээ очиж амраад 2019 оны 8 дугаар сар ын 12-ны 08 цагт ажил дээрээ ирсэн. Тэгтэл 10 цагийн үед салгалттай засварын газрын мастер над дээр ирээд манай гагнуурын аппарат алга болсон байна, харсан уу гэхээр нь би тийм юм байсан юм уу гээд өнгөрсөн. Тухайн үед гагнуурын аппарат нь миний машины багажинд явж байсан. Би энэ аппаратыг яаралтай зарахгүй бол болохгүй юм байна гэж сандраад 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Гурвалжингийн гүүрний ойролцоо байдаг дэлгүүрт 750.000 төгрөгөөр зарчихсан” /хх-н 66-67/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 73-75/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 15-22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 26-28/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Эрүүгийн хууль дахь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамрах бөгөөд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлдэг.

Цаашлаад гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай байдаг онцлогтой.

 

Эрүүгийн хуульд “Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “..., тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч”, ... “учрах саадыг арилгах зорилгоор ..., машин механизм ашиглаж үйлдсэн” бол гэж тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн үйл баримт нь хуулийн дээрх зохицуулалтууд нийцсэн гэхээр байна.

 

Гэвч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж үзээд шүүх шүүгдэгч Г.Б-д холбогдох энэ хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, шүүгдэгч Г.Б харуул хамгаалалтаар ажиллаж байх явцдаа өөрийн хамгаалж буй обьектоос эд зүйл хулгайлж байгаа нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэж ойлгож болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хулгайд алдагдсан эд зүйлсийг биет байдлаар хохирогчид буцаан олгож, хохирогч Ч.Г “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй”,

иргэний нэхэмжлэгч З.О “надад учирсан хохирол болох 750.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.

Шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Г, иргэний нэхэмжлэгч З.О нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Т овогт Г Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Г.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Г гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтааар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                                  

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ