Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 113/2017/0013/З |
Дугаар | 113/ШШ2017/0015 |
Огноо | 2017-10-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 113/ШШ2017/0015
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд оршин суух Ч.Б;
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид;
“Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Тогтоолын заалт хүчингүй болгох тухай” 10 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг тогтоолын 3 дахь заалтаар надад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж болох 4986000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Улмаар тухайн үед олгох мөнгө байхгүй, төсөвт тодотгол хийж олгоно гээд 2016 оны 08, 09 дүгээр саруудад тодотгол хийсэн ч тэтгэмжийг олгоогүй. Захиргааны байгууллага ийнхүү тогтоолоо биелүүлэхгүй өдийг хүртэл явсан атлаа мөнгөн тусламж гаргуулах тухай Ч.Б нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоороо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг үндэслэн надад мөнгөн тусламж олгосон тогтоолын заалтыг хүчингүй болсонд тооцсон байна. Ийм агуулгатай акт гарах гэж байгаа болон гарсан талаар надад огт мэдэгдээгүй, би иргэний хэрэгтэй танилцахдаа 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олж мэдсэн нь хэрэг танилцуулсан баримтаар нотлогдоно.
Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус үндэслэсэн хэрнээ актыг хуулийн дагуу гаргаагүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” заасан шаардлагуудыг хангаагүй, өөрөөр хэлбэл захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмаа баримтлаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор надад эерэг үйлчлэлтэй актын заалтыг хүчингүй болгож, сөрөг үйлчлэл бий болгож байгаа тул би захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч болохоор байна.
Улмаар захиргааны байгууллага миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх, зөрчигдөх агуулгатай шийдвэр гаргахдаа хуулийн дээрх заалтын дагуу надад сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл хүргүүлэх ёстой байсан. Түүнчлэн миний гаргаж буй актыг гаргасныхаа дараа ч гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гээд мэдэгдэх арга, хэлбэрийг дараагийн заалтаар хуульчилж өгсөн, эдгээр заалтыг Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолдоо тусгаж өгсөн боловч хэрэгжүүлээгүй байдаг. Иймд захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гэх хуулийн заалтыг болон хэргийн материалтай 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр танилцаж байгаад уг актыг мэдсэн зэргийг харгалзан үзэж, тус өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцож нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн актыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож өгнө үү.
Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрчлөгдсөн тул хурлын нарийн бичгийн дарга байсан надтай хамтран ажиллаж чадахгүй, ажлаа өг гэсэн бөгөөд тогтоол гаргахдаа намайг өөрийн хүсэлтээр чөлөөлж байна гээд 3 дахь заалтаараа мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэсэн. Ингэж ажлаас чөлөөлөгдсөн байтал мөнгөн тусламж олгохгүй гэж байгаа нь миний одоо байгаа байдлыг дордуулж байгаа хэрэг юм. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж заасан төрийн албан хаагчийн баталгааг хангахгүй, надад мөнгөн тусламж олгосон заалтыг хүчингүй болгосон тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.
Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гаргахдаа захиргааны байгууллагын хуульд заасан ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй, түүнчлэн өмнөх тогтоолын заалтаа үндэслэлгүйгээр хүчингүйд тооцож, надад мөнгөн тусламж олгохоос зайлсхийж байгаа зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Б нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б-т “Ч.Б миний бие нь Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаа. Миний бие нь эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа хийх боломжгүй удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьсан байна. Уг хүсэлтийн дагуу Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж Ч.Б-ыг үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг үндэслэн “Ч.Б-ыг ажлаас чөлөөлж” 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж болох 4986000 төгрөгийг олгохоор заасан юм. Ч.Б нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Гаргасан хүсэлтдээ “...эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа хийх боломжгүй удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай” хэмээн дурдсан, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлд “...Ч.Б... Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дээр талууд харилцан тохиролцсон... төрийн албаны нөөцөд үлдэхгүй” хэмээн тайлбар өгсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар буюу “...эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх заалтыг үндэслэн тэтгэмж олгохыг хүсч байгаа тохиолдолд Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан байхыг шаарддаг болно. Ч.Б-ын тавьсан хүсэлтийн дагуу дээрх шийдвэрүүд гарсан тул Ч.Б-аас өвчний учир удаан хугацаагаар ажиллаж чадахгүй болох талаарх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлтээ авчирч өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд огт авчраагүй болно. Төсвөөс мөнгө гаргахад санхүүгийн анхан шатны баримт бичгийн бүрдлийг шалгаж олгодог. Эрүүл мэндийн хувьд үүрэгт ажлаа хийх боломжгүй удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх болсон этгээд уг баримтаа авчирч байж тэтгэмж, урамшуулал авах ёстой. Ямар ч бүрдэл баримтгүйгээр төсвөөс их хэмжээний мөнгийг олгох нь эргээд хууль зүйн эрсдэлтэй үр дагаврыг авчрах нь ойлгомжтой юм. Гэтэл эрүүл мэндийн байдлаас болж удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх болсон гэх Ч.Б нь Уул уурхайн салбарын жишиг сургууль Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Политехник коллежийн Захиргаа аж ахуйн менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн юм. Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр Ч.Б-д мөнгөн тусламж, тэтгэмж олгох ямар ч хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа болно.
Ч.Б нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалж удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх гэсэн хуурамч хүсэлтээр халхавч хийн ямар ч үндэслэлгүйгээр 6 сарын үндсэн цалинтай тэнцэх буюу 4986000 төгрөгийн урамшуулал авах болсон нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудийг ноцтой зөрчсөн асуудал бий болсон. Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолын 3 дугаар заалт дээр дурдсан үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үндэслэлгүй байна” гэсэнтэй шууд тохирч байна. Ч.Б нь хууль зүйн үндэслэлгүйгээр 4986000 төгрөгийг шаардаж буй нь төрийн байгууллагын төсөвт ноцтой хүндрэл учруулах, үндэслэлгүйгээр мөнгө шаардаж болох юм гэсэн зүй бус байдлыг бусдад бий болгох ноцтой асуудал болно. Энэ ч үүднээсээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолын 3 дугаар заалт нь сөрөг нөлөөлөл бүхий акт болж байна. Төрийн албаны тухай хуульд шударга ёс, хууль дээдлэхийг үндсэн зарчмаа болгодог. Эдгээр зарчмуудтай Ч.Б-ын шаардаж буй зүйл ноцтой зөрчилдөж байгаа юм.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг удирдлага болгон Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсон болно. Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоол нь Ч.Б-ын эрх ашгийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй болно. Уг тогтоол гарсан даруй Ч.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актыг мэдэгдэхээр оролдсон боловч Ч.Б нь оршин суугаа хаяг дээрээ байхгүй, хаана оршин суугаа болох нь тодорхойгүй байснаас болж Ч.Б-д уг актыг гардуулж чадаагүй удсан болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр Ч.Батжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгосон ба энэ ажиллагаанд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн зүйл байхгүй. Харин Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолын 3 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.2-т заасан заалтуудтай харшилдаж байна. Ийм учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасны дагуу “... хурлаас гарсан тогтоол бусад шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй” гэсний дагуу Хурлын Тэргүүлэгчид шийдвэр гаргасан. Мөн мэдэгдсэн мэдэгдээгүй, байсан байгаагүй гэж байна. Акт гарсны дараа нэхэмжлэгчид мэдэгдэх гэж оролдсон. Тухайн үед хайгаад олоогүй, сураг сонсоход Солонгос улсад байгаа гэж байсан. Нэхэмжлэгчтэй холбогдож чадаагүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтыг биелүүлж чадаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан журам шийдвэр гаргахад үйлчлэх үү гэж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай уялдах учраас хариулах шаардлагагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно гэсэн заалт байгаа. Эдгээр заалтыг баримтлан 48 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид /цаашид “Хурлын Тэргүүлэгчид” гэх/-ийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 48 дугаар тогтоолын[2] 3 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцжээ.
Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолын 3-д “Ч.Б-д 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж болох 4986000 /дөрвөн сая есөн зуун наян зургаан мянган/ төгрөгийг төсвөөс олгохыг нягтлан бодогч Г.Ганболдолд даалгасугай” гэж заасан байна.
Дээрх маргаан бүхий захиргааны актын хүрээнд нэхэмжлэгчээс “ийм акт гаргах гэж байгаа болон гарсан талаар надад огт мэдэгдээгүй, 10 дугаар тогтоол нь надад сөрөг үйлчлэлтэй тул сонсох ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлэх ёстой, акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим баримтлаагүй, хуульд заасан шаардлага хангаагүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “48 дугаар тогтоолын энэ заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.2-т заасны дагуу илт хууль бус шийдвэр байсан бөгөөд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тул тус хуулийн 48.1-д заасны дагуу хүчингүй болгосон, хууль зөрчсөн буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй” гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлийг тайлбарлаж, маргана.
Иймд “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид” нь Захиргааны ерөнхий хуульд тодорхойлон заасан захиргааны байгууллагад, гаргасан шийдвэр нь захиргааны актад хамаарах эсэх; Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, журам үйлчлэх эсэх; захиргааны акт гаргахдаа уг журмыг баримтлаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, энэ нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болох эсэх зэрэгт дүгнэлт өгөх замаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5-д заасныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 1, 20, 23, 25 дугаар зүйлийн холбогдох зохицуулалттай харьцуулж авч үзвэл Хурлын Тэргүүлэгчид нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоонд хамаарахын хувьд захиргааны байгууллага гэдэг нь эргэлзээгүй[3].
Маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоол нь тухайн Хурлын Тэргүүлэгчдээс хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, өмнө нь гаргасан 2015 оны 48 дугаар тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгохдоо (тухайн тохиолдолд) шийдвэр гаргах ажиллагааны оролцогч Ч.Б-д эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэсэн захиргааны байгууллагын шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт мөн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Хурлын Тэргүүлэгчдийн “бүрэн эрх”-ийг тодорхойлсон хэдий боловч түүнийг хэрэгжүүлэх горим буюу “шийдвэр гаргах ажиллагааны журам”-ыг нарийвчлан зохицуулаагүй учраас энэ харилцаанд Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ, тодруулбал Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр[4] гаргах ажиллагаа нь бүхэлдээ энэ хуульд заасан зарчим хийгээд журамд нийцсэн байхыг шаардана.
Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 180 дугаар албан бичигт[5] “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит бүрэн эрхийхээ хугацаанд Хурлын Тэргүүлэгчдийн хурлын дэг батлаагүй бөгөөд 2016 оны 2 дугаар хуралдааны 3 дугаар тогтоолоор баталсан “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг” нь .. Хурлын Тэргүүлэгчдэд хамаарахгүй болно” гэж тайлбарласан нь ийн дүгнэх нэг үндэслэл болно.
Хурлын Тэргүүлэгчдийн хувьд 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Тогтоолын заалт хүчингүй болгох тухай” 10 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “ ... батлах гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:” гэсэн шийдвэр гаргах ажиллагаа журам болоод эрх зүйн шаардлагыг хэрэгжүүлээгүй, тус хуулийн 29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг зохих журмын дагуу[6] хөтлөөгүй болох нь баримт бичигт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 180 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан нотлох баримтууд болон шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн “...Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг 10 дугаар тогтоолд тусгасан боловч хэрэгжүүлээгүй, хуульд заасан ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “... нэхэмжлэгчтэй холбогдож чадаагүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 43.2 дахь заалтыг биелүүлж чадаагүй” гэх тайлбар зэргээр[7] тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “10 дугаар тогтоол нь төсөвт хохирол учруулсан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт. Хууль зөрчсөн буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно”, 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл эрх хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж зааснаас үзэхэд захиргааны актыг эерэг ба сөрөг гэж ангилахдаа түүний “эрх зүйн нөлөөлөл”-ийг үндэслэсэн бөгөөд энэ нь захиргааны байгууллагад ямар үр дагавар үүсгэх вэ гэдгээр бус, шийдвэр гаргах ажиллагааны оролцогч, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй бусад этгээдэд чиглэхдээ захиргааны акт ямар үйлчлэл үзүүлж байна вэ гэдэг агуулгаар тодорхойлогдоно.
Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоол нь “Ч.Б-д эрх олгосон буюу ашигтай нөхцөл байдал бий болгосон 48 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож” хориглолт тогтоосон гэдэг агуулгаараа сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болох[8] тул түүнийг батлахдаа дээр дурдсан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлэх, ялангуяа сонсох ажиллагаа явуулах шаардлагыг биелүүлээгүй байна.
Захиргааны байгууллага өмнө нь гаргасан шийдвэрээ өөрийн санаачилгаар хүчингүй болгох, эсхүл илт хууль бусад тооцсон өөр захиргааны акт гаргахыг Захиргааны ерөнхий хуулиар хориглоогүй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг харьцуулан үзвэл тэрхүү захиргааны акт гаргахад зайлшгүй дагаж мөрдөх ёстой, хуульд урьдчилан тусгагдсан эрх зүйн шаардлага учраас эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох тохиолдолд сонсох ажиллагаа явуулах нь зайлшгүй байжээ.
Нөгөөтэйгүүр уг тогтоол Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” шаардлагыг хангаагүй бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан “... тухайн хуульд заасан хугацаанд, ...” гэх шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.
Захиргааны актыг “нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, эрх зүйн үндэслэлтэй буюу шийдвэр гаргах ажиллагааны эрх зүйн шаардлагыг хангасан” тохиолдолд хууль ёсны гэж тодорхойлох ба Хурлын Тэргүүлэгчдийн хувьд захиргааны актыг гаргах ажиллагааны талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Ч.Батжаргалд мэдэгдээгүй буюу оролцуулаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй зэргээр оролцогчийн эрхийг хангаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь 2017 оны 10 дугаар тогтоол хууль бус болох үндэслэлийг илэрхийлнэ гэж дүгнэв.
Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа, нэхэмжлэгчийн зүгээс уг захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн тул захиргааны байгууллагын хувьд дээрх алдааг засварлах боломжгүй, шийдвэр гаргах ажиллагаанд мөрдвөл зохих эрх зүйн шаардлагыг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэрээс гадна түүнийг гаргах үйл ажиллагаа нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон журмын дагуу байх нь захиргаанаас хууль зөрчсөн ямарваа үйлдэл хийхийг хориглох, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглох; эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд шийдвэр гаргах ажилллагааны талаар заавал урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах агуулга бүхий Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх зарчим”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчим”-д нийцнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах асуудлаар дүгнэлт хийсэн ба иргэний хэргийн шүүхэд маргаж буй үйл баримт, түүнд хамаарах акт, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан Ч.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Тогтоолын заалт хүчингүй болгох тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Ч.Б-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Хэргийн 29 дэх талд
[2] Хэргийн 7 дахь талд
[3] Хэргийн 10-11 дэх талд авагдсан “Захиргааны хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжид энэ тухай тайлбарласан болно.
[4] Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт”-ын шинжийг агуулсан.
[5] Хэргийн 61 дэх талд
[6] Хэргийн 65 дахь талд авагдсан Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар тогтоолын зөвшөөрлийн хуудсыг захиргааны актын хяналтын дагалдах хуудас гэж үзэхгүй.
[7] Дурдсан нотлох баримт, оролцогчдын тайлбар нь хэргийн 2-3, 19, 44-46, 47-51, 61, 65-66, 149, 151 дэх талд авагдсан болно.
[8] Энэ нь Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 48 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэх талаарх дүгнэлт бус, гагцхүү Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 48 дугаар тогтоол нь Ч.Батжаргалын хувьд “эерэг нөлөөлөл бүхий”, 2017 оны 10 дугаар тогтоолыг “сөрөг нөлөөлөл бүхий” захиргааны акт болох тухай тайлбар болно.