Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 625

 

   Ю.Мөнхбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

            хохирогч Н.Уранчимэг, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

            шүүгдэгч Ю.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Дашдорж,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ю.Мөнхбаярт холбогдох 201625021291 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Их Долоо овгийн Юрагийн Мөнхбаяр, 1981 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол С18-3-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЦД81031978/,

Ю.Мөнхбаяр нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Гоно Эксель төвд байрлах Модерн обой дэлгүүр дотор Н.Уранчимэгтэй “обойн цавуу нийлүүлэх гэрээ” байгуулан нэг бүр нь 7000 төгрөгийн үнэ бүхий обойн цавууг 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 1200 ширхэгийг, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 600 ширхэгийг тус тус зээлээр худалдан авч бусдад борлуулсан боловч уг барааны үнийг эргүүлэн төлөлгүй, итгэл эвдэн залилсны улмаас 12.600.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ю.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ю.Мөнхбаярыг бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ю.Мөнхбаяраас 14.828.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Уранчимэгт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ю.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Ю.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ю.Мөнхбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Хохирогчийн нэхэмжлэлд маргах зүйлгүй учир учруулсан хохирлоо шударгаар хөдөлмөрлөж, богино хугацаанд бүрэн төлж барагдуулна. Иймд шинэчилсэн Эрүүгийн хуулийн дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэн хянан харгалзах ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ю.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирлыг тооцохдоо Ю.Мөнхбаярын эрх зүйн байдлыг дордуулсан ба хавтаст хэрэгт 12.000.000 төгрөгийн үнэлсэн баримт байсаар байхад шүүх анхаарч үзээгүй.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд Ю.Мөнхбаярын зүйлчилсэн зүйлчлэлийн ялын хэмжээ багассан байгаа нь ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн Ю.Мөнхбаяр нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эсхүл нийт цагдан хоригдсон хоногийг дүйцүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Хохирогч Н.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Дархан бармат ХХК-ийн хувь эзэмшигч. Ю.Мөнхбаяр нь Силк рөүд ХХК-д борлуулагч хийдэг байсан. Манай компани нь Хэнкл брэндийн албан ёсны бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр оруулж ирдэг төлөөлөгч. Тухайн эд зүйл нь зах зээлд байнга 15.000-16.000 төгрөгөөр зарагддаг. Нэг удаа хямдраад 9000 төгрөгөөр орж ирэхэд нь Ю.Мөнхбаяр 9500 төгрөгөөр борлуулаад өгье гээд авсан. Цавууны үнийг зах зээлийн үнэлгээнээс доош буюу 7000 төгрөгөөр үнэлсэн байсан. Шүүх хуралдаанд Ю.Мөнхбаяр 17.328.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд 2.500.000 төгрөгийг төлөөд үлдэх хохирлыг 14.828.000 төгрөгөөр тогтоосон. Тэр үед Ю.Мөнхбаяр нь Хэнкл брэндийн суурин төлөөлөгч гэх нэрийн хуудас үзүүлж, итгэл үнэмшлийг олж, уг бараа бүтээгдэхүүнийг авсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна” гэв.

Хохирогч Н.Уранчимэгийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон. Ю.Мөнхбаяр нь Дархан бармат ХХК-иас 17.328.000 төгрөгийн цавуу авсан нь тогтоогдсон. 17.328.000 төгрөгийн эд зүйл нь цаанаасаа ирсэн тусгай үнэтэй, зах зээл дээр борлуулдаг тусгай үнэтэйгээр өгсөн. Харин Ю.Мөнхбаяр тухайн эд зүйлийг аваад тодорхой хугацаанд борлуулчихаад мөнгийг нь өгнө гэсэн боловч өгөөгүй. Түүний гэм буруугийн талаар анхан шатны шүүх тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгч 12.000.000 төгрөгөөр үнэлсэн байхад 17.328.000 төгрөг гэж үзэж байгаа нь буруу гэсэн. Ю.Мөнхбаяр 17.328.000 төгрөгийн бараа аваад түүнээс дээш хэмжээгээр борлуулсан атлаа мөнгийг нь өгөөгүй. Хохирогч 17.328.000 төгрөгөөр хохирлоо тооцож, тэр хэмжээгээр хохирлоо барагдуулна гэдэгт ямар нэгэн маргаан байхгүй. Тийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хохирлын хэмжээг 17.328.000 төгрөгөөр тогтоож, анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэм буруугийн сэдэлтийг харвал ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал бага харагдаж байна. Анхан шатны шүүхийн шатанд хохирол төлөх талаар тодорхой хугацаа авсан боловч хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Иймд хуучин хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шинэ хуулиар эрх зүйн байдлыг нь дээрдүүлж 3 жил хүртэл хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр заасан байгаа. Энэ зүйл ангийн хорих ялын доод хэмжээ нь 6 сарын хорих ял байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрээг бараа материалыг авснаас хойш мөнгөө өгөхгүй байхаар нь нөхөж хийсэн учраас иргэний эрх зүйн харилцаа биш гэж үзэж байна...” гэв.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт анх бараа хүлээж авсан баримт дээр бичигдсэн үнийн дүн, гэрээн дээр бичигдсэн үнийн дүнгээр хохирлоо тооцож, шүүгдэгч хохирлоо төлнө, хохирогч энэ үнийн дүнгээр хохирлоо барагдуулж авна гэсэн байр суурийг аль аль тал нь гаргасан. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа заавал шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээг үндэслэж хохирлыг тооцох шаардлагагүй гэж үзсэн. Ялтан Ю.Мөнхбаяр нь хорих ялыг шинэ хуульд нийцүүлж, хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь 2015 оны Эрүүгийн хуульд ялыг тэнсэх гэсэн ойлголт байхгүй. Харин ял оногдуулахгүйгээр тэнсэж болох заалт байгаа учраас давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгчид ашигтай байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг дүйцүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв. 

          ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Ю.Мөнхбаярыг “иргэн Н.Уранчимэгтэй обойн цавуу нийлүүлэх гэрээ байгуулан түүнээс нэг бүр нь 7000 төгрөгийн үнэ бүхий обойн цавууг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1200 ширхэгийг, мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 600 ширхэгийг тус тус зээлээр худалдан авч бусдад борлуулсан боловч уг барааны үнийг эргүүлэн төлөлгүй итгэл эвдэн залилсны улмаас 12.600.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцээд Ю.Мөнхбаярыг “бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэм буруутай гэж үзэж, хорих ял оногдуулж шийтгэх тогтоол гаргажээ.

Уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэг талаас Дарханбармат ХХК нийлүүлэгчээр, нөгөө талаас иргэн Ю.Мөнхбаяр захиалагчаар барилгын засварын зориулалтаар Метилан 500 грамм жинтэй обойн цавуу нийлүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай гэрээ байгуулж, гэрээний хавсралтаар 1800 ширхэг обойн цавууг нийлүүлэгчээс захиалагчид шилжүүлсэн /хэргийн 9-14 дүгээр тал/ болох нь тогтоогдож байна.

Гэрээнд гэрээний үнийн дүнг заагаагүй боловч зарлагын баримтад бичснээр нэг бүр нь 9500 төгрөг гэж ойлгогдохоор байх ба энэ талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй байна.

2002 болон 2015 оны Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх болон залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, эсхүл гэрээний харилцаагаар итгэмжлэн олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж ашиглах замаар бусдыг төөрөгдүүлэх, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх шинжийг хуульчлан тодорхойлсон.

Тэгвэл Ю.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ю.Мөнхбаяр нь бодит байдлыг нуун дарагдуулсан, худал зүйл амласан, хууран мэхэлсэн болон итгэл эвдсэн гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй, харин гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан 17.328.000 төгрөгийг төлүүлэх талаар нийлүүлэгч тал, уг үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн захиалагч талуудын мэдүүлэг, түүнтэй холбоотой нотлох баримтууд л авагдсан байна. Тухайлбал,

Хохирогч И.Уранчимэг: “Силк роуд ХХК-д борлуулалтын менежер хийдэг Мөнхбаяр гэх залуу манайхаас удаа дараа обойны цавуу зээлээр авдаг байсан. Тэгээд хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 100 хайрцаг обойны цавуу зээлээр авсан. Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дахин 50 хайрцаг авсан. Түүний мөнгийг эхлээд авахдаа 7 хоногоос 1 сарын дотор өгнө гэж хэлсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор уулзаад 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эцсийн хугацаа гэж тохирсон. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан” /хэргийн 20 дугаар тал/,        

Гэрч Ж.Ариунтуяа: “Би Мөнхбаяр гэж залууг танина. “Силк роуд” ХХК-д борлуулалтын менежер гэж өөрийгөө танилцуулж байсан. Мөнхбаяр манайхаас бараа авахдаа ихэвчлэн зээлээр авдаг байсан. 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Мөнхбаярт би эхлээд 100 хайрцаг, дараа нь 50 хайрцаг обойн цавуу яг тоолж хүлээлгэж өгсөн” /хэргийн 21 дүгээр тал/,

Гэрч С.Сүхбат: “2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ю.Мөнхбаяр гэдэг хүн манай компаниас 17.328.000 төгрөгийн обойны цавуу зээлээр авсан. Тэгээд обойны цавууны мөнгийг 1 сарын дараа өгье гэж хэлээд өгөхгүй явж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 10-17-ны өдрийн хооронд өгнө гээд өгөхгүй хойшлуулаад байсан. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр уулзаад 5 сард төлье гэж дахин хойшлуулсан... одоог хүртэл төлөөгүй” /хэргийн 58 дугаар тал/,

Ю.Мөнхбаяр: “2015 оны 10 дугаар сарын 23-наас 2015 оны 11 дүгээр сарын 6-ны хооронд “Силк роуд” ХХК-ийн “Хинкел момент” брэндийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэгээд тухайн үед миний танил Батдорж гэх залуу зээлээр цавуу өгөх хүн байна уу гэхээр нь би “Дархан бармат” ХХК-ийн захирал Уранчимэг гэх эмэгтэйтэй уулзаад 17.328.000 төгрөгийн үнэ бүхий обойны цавуу авсан. Тэгээд авсан барааныхаа мөнгийг 2016 оны 1 дүгээр сарын 10-17-ны хооронд мөнгийг буцааж төлөх ёстой байсан ба Батдорж гэдэг хүнээс хугацаандаа мөнгийг авсан. Тэгээд би мөнгөөр нь өөрөө хувиараа компани байгуулах гээд түүндээ уг мөнгийг зарцуулсан” /хэргийн 27 дугаар тал/ гэж сэжигтнээр мэдүүлсэнтэй ижил агуулга бүхий мэдүүлгийг яллагдагч, шүүгдэгчийн хувиар мэдүүлж иржээ.       

Эдгээр нотлох баримтуудаас үзвэл Ю.Мөнхбаярт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаанд хангалттай шалгаж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулсан байх ба хэрэгт цугларсан нотлох баримтад шүүхээс хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх боломж бүрдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хийгдвэл зохих бүхий л ажиллагаанууд хийж, хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Ю.Мөнхбаярын залилан мэхлэх гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдохгүй, харин тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан бий болсон нь тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Ю.Мөнхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авсан атлаа шүүх хуралдааныг нэг үндэслэл /өмгөөлөгч авах, хэрэгтэй танилцуулах/-ээр удаа дараа хойшлуулж, хуульд заасан хэргийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэсэн ноцтой алдааг цаашид дахин давтан гаргахгүй байх талаар анхан шатны шүүх /Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч З.Болдбаатар/-д онцлон анхааруулж байна.