Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 885

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.О хөтлөн

улсын яллагч Н.Э

шүүгдэгч Т.Ж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1905000001017 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ...-нд .... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...; эхийн хамт .... аймаг, .. сумын .. дугаар баг, Майхант ... гудамж, .... тоотод хаягийн бүртгэлтэй, Налайх дүүргийн .... дүгээр хороо, Хилийн цэргийн ажилчдын байрны .... тоотод оршин суух, ялгүй, ...... дугаарын регистртэй, Т овогт Т Ж

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Т.Ж 2019 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Сиа” баарны гадна хохирогч Г.А-ыг зодож тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд доод зовхинд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Т.Ж- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй тул дахин мэдүүлэхгүй. Хохирогчтой сайн дураа эвлэрч, хохиролд гэж 280.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г-ын А- “... би нөхөр болон найз М-, Д- нарын хамт Бенз караокед ууж дуулсан. Тэндээсээ 01 цагийн үед хойшоо зам хөндлөн гараад Сиа баарны урдуур такси барих санаатай явж байтал бужигнаад байсан. Би айсан байсан тул сайн санахгүй байна. Нэг өндөр нуруутай, цэнхэр өнгийн поомпортой залуу манай нөхрийг бариад авчихсан байхаар нь очоод салгах гэтэл миний нүүрэн тус газар цохисон. Би тэр хүнийг нөхөртөө хэлтэл тэр залууг явуулахгүй гэж барьж байгаад цагдаад хүлээлгэж өгсөн” /хх-н 17-18/ гэж,

гэрч Ж-ийн М “... орой 21 цагийн үед найз Ж, манай эхнэр Б, Б нарын хамт Модны 2-н "Сити" нэртэй пабд уулзаад Едэн нэртэй 0,7 литрийн архинаас 2 шилийг авч хувааж уусан. Тэр пабаас гараад хороолол орсон. Тэгээд л миний санаж байгаагаар нэг өндөр нуруутай, сахалтай, хойноо гэзэгтэй ах эхлээд намайг цохисон. Тэгээд олуулаа намайг зодоод байсан. Нэг мэдсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” /хх-н 23-24/ гэж,

гэрч Д-н Н “... нөхрийн хамт 21 цагийн үед нөхрийн найз Ж болон түүний найз эмэгтэйгийн хамт дөрвүүлээ Модны 2-н Сити пабд уулзсан. Едэн нэртэй 0,7 литрийн архи авч уусан. Дараа нь доод талд байрлах караокед ороод нэг цаг дуулангаа Едэн нэртэй 0,7 литрийн архи авч уусан. Караокеноосоо гараад хороололд ирээд "SEA" баарны гадаа шорлог идээд зогсож байсан чинь нэг мэдсэн чинь өндөр нуруутай, гэзэгтэй, цагаан майктай ах болон бас нэг махлагдуу, сахалтай, хоёр ах манай нөхрийг зодож байсан. Тэр хүмүүс 28-35 насны хүмүүс байсан. Салгах гээд очих гэтэл ягаан майктай, хар өмдтэй, шаравтар өнгийн сандаалтай эмэгтэй намайг ойртуулахгүй түлхээд байсан. Би Ж-ыг хальт харахад нэг ах тэлээнээс нь барьчихсан тавихгүй бариад байж байсан. Би нөхөр дээрээ очингуут нөгөө хоёр залуу зодохоо больчихсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид нарыг авч явсан” /хх-н 29-30/ гэж,

гэрч Х-н Д “... орой 22 цагийн үед өөрийн эхнэр Түмэнжаргал, найз Эрхэмбаяр, Зулаа нартай Бэнз караокед орсон. Тэр караокед нэг шил Абсалют нэртэй архи хувааж уугаад 02 цаг өнгөрч байхад уг караокеноос гарсан. Зам хөндлөн хойш гараад "Сиа" баарны урдуур харих санаатай алхаж байтал "Сиа" баарны үүдэнд баахан залуучууд маргалдаад зогсож байсан. Тэр залуучууд хойноос дуудаад байсан тэгснээ бужигнаад л яваад өгсөн нэг харсан чинь манай найз Зулааг нэг залуу цохьчихсон гээд Эрхэмбаяр хөх өнгийн помпортой залууг барчихсан зогсож байсан. Тэгээд цагдаад уг залууг хүлээлгэж өгчхөөд цагдаад дээр өргөдөл бичиж өгсөн” /хх-н 35-36/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Г.А-ын гэмтэлтэй холбоотойгоор ...Г.А-ын биед тархи доргилт, зүүн зоьхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд, доод зовхинд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 11425 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 40/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Т.Ж-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Ж-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Т.Ж бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Г.А “... би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 70/

Шүүгдэгч Т.Ж цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Ж нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Т овогт Т Ж-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ж-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Т.Ж торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Т.Ж цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Ж урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ