| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06415/И |
| Дугаар | 102/ШШ2016/05562 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2016/05562
2016 оны 10 сарын 28 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05562 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, СББ трейд ХХК-ний байр, СББ трейд ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 6А-р байрны 41 тоотод оршин суух, регистр БК87051775, Ханкелди овогтой Нажикейгийн Мейрамбект зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26 113 691 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Мейрамбек нь 2016 оны 1-р сарын 4-ний өдөр манай компанитай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж манай бараа бүтээгдэхүүнийг баарандаа авч хэрэглэдэг, дараа нь тооцоо хийж мөнгийг сар бүрийн 10, 30-ны өдрүүдэд төлөх үүргийг хүлээсэн. Гэрээ байгуулсанаас хойш 2016 оны 5-р сарын 24-ний хүртэл авсан бүтээгдэхүний төлбөр 24 090 131 төгрөгийг төлөөгүй. Энэ мөнгийг төлөхөөр графикаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Н.Мейрамбекээс төлбөр 24 090 131 төгрөг, 2016 оны 6-р сарын 27-нос 7-р сарын 25-ныг хүртэл 28 хоногийн алданги 2 023 560 төгрөг нийт 26 113 691 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СББ трейд ХХК нь Н.Мейрамбект холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26 113 691 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
СББ трейд ХХК нь 2016 оны 1-р сарын 4-ний өдөр Н.Мейрамбектэй “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, бүтээгдэхүүнээ зээлээр худалдах, худалдан авагч нь үнийг сар бүрийн 10, 30-ны өдрүүдэд төлөхөөр /хх 4-5/ тохирчээ.
Талууд 2016 оны 7-р сарын 4-ний өдөр тооцоо нийлж Н.Мейрамбейк нь 22 066 559 төгрөгийг төлбөрийг төлөхөөр баталгаажуулсан /хх 8/ боловч худалдан авагч нь хүсэлт гаргаж 24 090 131 төгрөгийг графикаар төлөхөөр хүсэлт гаргасан /хх 6/ байна.
Хариуцагч Н.Мейрамбейк нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 8-р сарын 5-ний өдөр гардаж авчээ.
Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 10-р сарын 24-ний өдөр хүлээн авсан боловч ирээгүй байх тул 26 113 691 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нажикейгийн Мейрамбекээс 26 113 691 /хорин зургаан сая нэг зуун арван гурван мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөг гаргуулж “СББ трейд” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 519 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.Мейрамбейкээс 288 519 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА