Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1268

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05357 1696 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Номин тав трейд” ХХК-д сэрээт машины жолооч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоо 17 дугаар гудамж, * тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 250 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулсныг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 17 дугаар гудамж, *  тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Х-ыг эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамар, хацар, мөр, ташаа, өгзөгт цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 17 дугаар гудамж, * тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Х-ыг хардалтын улмаас зодож, бие махбодод нь “хамар, хацар, мөр, ташаа, өгзөгт цус хуралт, өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Б хоёр хүүхдийн хамт байсан. Намайг гэрт орсон чинь Б намайг хэл амаар доромжлоод чи яагаад дуугарахгүй байгаа юм бэ гээд байсан. Орой 22 цагийн орчим манай нөхөр Б намайг хэл амаар доромжлоод цохиж зодоод байхаар нь ээж О-т цагдаа дуудаад өгөөч Б намайг хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн. Тэгсэн манай ээж О цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа ирээд манай нөхөр Б-ыг аваад явсан. Б намайг гараараа миний нүүр хэсэгт 1 удаа цохиод үснээс зулгаагаад газар чирээд миний өвдөг шалбарсан. Тэгээд дахиад миний өгзөг болон зүүн талын ташаа, мөр хэсэгт өшиглөж цохисон...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас);

3. Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн орчимд манай том охин Х залгаад утасны цаанаас уйлаад цагдаа дуудаарай гээд байсан. Тэгэхээр нь би 102-т Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо * тоот манай охин Х-ыг нөхөр нь зодоод байна. Манай охин уйлаад гар утсаар яриад байна гэж дуудлага өгсөн. Тэгээд би өөрөө такси бариад гэрт нь очиход Хосбаяр намайг Б зодлоо гэж хэлсэн. Манай охины хоёр нүд хамар хэсэг нь хавдсан улайсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас);  

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 11959 дугаартай: “...Б.Х-ын биед хамар, хацар, мөр, ташаа, өгзөгт цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 21 дүгээр хуудас);

5. Шинжээч эмч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Х-ын биед учирсан хамар, хацар, мөр, ташаа, өвдөгт цус хуралт, өвдөгний зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд болно...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);

6. Аюулын зэргийн үнэлгээний “...Эрсдэлийн түвшин өндөр гарсан...” маягт (хх-ийн 50 дугаар хуудас), хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 71 дүгээр хуудас), гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний маягт (хх-ийн 73 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 44 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (70-72 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б.Х бид хоёр 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа. Б.Х бид хоёр дундаасаа И, Э гэсэн хоёр хүүхэдтэй... Б.Х 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр архи уусан ирээд бид хоёр маргалдсан. Би эхнэр Х-ыг гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиод, үсдэж газар чирээд зүүн ташаа, өгзөг рүү нь өшиглөж, гараараа зүүн мөр лүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Б.Х нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, яллагдагч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 293 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Х-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Х-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Х нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхөр болон хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Б.Б нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Х нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг,  хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдлыг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Б-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА