Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1269

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Ж.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00871 1770 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч овогт Ж.У, Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Монгол 3 дугаар сургуулийн ард талын 21 дүгээр байрны орцны жижүүр-үйлчлэгч ажилтай, ам бүл хоёр, хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Монгол 3 дугаар сургуулийн ард талын 21 дүгээр байрны орцны * тоотод оршин суудаг, регистрийн дугаар *, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.У нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байрны 13 дугаар орцны жижүүрийн өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.А-ийг ”чиний торгуулийн мөнгийг төлж чадахгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гурилын модоор зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ч овогт Ж.У нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны 13 дугаар орцны жижүүрийн өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.А-ийг ”чиний торгуулийн мөнгийг төлж чадахгүй” гэсэн шалтгаанаар гурилын модоор зодож, бие махбодод нь “хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 3-р үений хурууны хумс уналт, зулгаралт, зүүн дал, өвдөгт цус хуралт, хоёр шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.У-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сард архи ууж явж байхдаа У гэж эмэгтэйтэй танилцаад хамт амьдрахаар болж Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байранд У жижүүрээр ажиллахаар болж түүний хүү О-ын хамт 3-лаа жижүүрийн өрөөнд амьдрах болсон. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө найзындаа очиж нэг шил архи уугаад ирэхэд У согтуу байсан. Орж ирээд унтаж байгаад 18-19 цагийн үед сэрэхэд У нэлээн согтуу миний толгой руу гурилын ганжингаар цохиод авсан. Толгойгоо хамгаалаад гараараа хаатал гар, нүүр, толгой, хөлийн өвдөг, шагай гээд хаа саагүй цохисон. Энэ асуудал болохоос өмнө СӨХ-ийн цалин буугаад У 120,000 төгрөгийн цалин аваад бид хоёр хамтдаа 2 шил архи хувааж уухад СӨХ-ийн байцаагч хүүхэн жижүүрийн өрөөнд архи уулаа гээд цагдаа дуудаад намайг эрүүлжүүлсэн юм. Хэсгийн байцаагч цагдаа 100,000 төгрөгөөр торгоно, чи орлогогүй юм чинь энэ мөнгийг эхнэрээс чинь авна гэж хэлсэн. Тэгээд У чиний торгуулийг юу гэж төлдөг юм гээд уурлаад байсан юм...У-с нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32 хуудас);

3. Гэрч К.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай СӨХ-д У нь 2007 оноос хойш ажиллаж байгаа ба 2-3 удаа ажлаасаа гараад эргэж орж байсан. Сүүлд А гэж хүнтэй суусан гээд манайд ажиллаж байхдаа хүүтэйгээ А-ийн хамт 3- лаа хамт орцны жижүүрийн өрөөнд амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1881 дугаартай “...П.А-ийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 3-р үений хурууны хумс уналт, зулгаралт, зүүн дал, өвдөгт цус хуралт, хоёр шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 39 дүгээр хуудас);

5. Хохирогч П.А 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар 25 хоног баривчлагдсан тухай АСАП сангийн мэдээлэл (хх-ийн 88-89 дүгээр хуудас);

6. Аюулгүйн зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл, байдлын үнэлгээ болон хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 90-104 дүгээр хуудас), хохирогч П.А-ийн зодуулсны дараах гэрэл зураг (хх-ийн 26 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Ж.У-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 53 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51 дүгээр хуудас);

8. Шүүгдэгч Ж.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...А унтах гээд хэвтэхээр нь гурил элддэг ганжин мод аваад толгой руу нь цохисон. Гараараа толгойгоо хаахаар нь гар луу нь цохисон. Цохиулсан гараа буулгаад нөгөө гараараа толгойгоо хаахаар нь тэр гар луу нь цохисон...2018 оны 10 дугаар сараас эхлээд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд хамтран амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч П.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, яллагдагч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 291 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.А-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ж.У-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч П.А-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Ж.У, хохирогч П.А нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхөр болон хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Ж.У нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.У-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч П.А нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Ж.У-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ч овогт Ж.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-т хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ж.У-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.У-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА