| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0403/Э |
| Дугаар | 411 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 411
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгч З.З.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.С-д холбогдох эрүүгийн 1918007090467 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, Ган хүдэр Орд ХХК-нд хатаах цехийн ахлах ажилтай, ам бүл- 4 эхнэр, 2 хүүхдийн хамт сууж байгаа, урьд яд шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З.С-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч З.З.С- нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг, Цант 1-4 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Б.Б-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.З.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөх шаардлагагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Эрүүгийн 1918007090467 дугаартай хэргээс:
Шүүгдэгч З.З.С-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эхнэр Б.Б.Б- над руу яриад Сутай бааранд хүрээд ирээч гэж хэлэхээр нь яваад очиход 2 эмэгтэй хүнтэй 3 лаа сууж байхаар нь ширээн дээр нь очоод эхнэрээ гэртээ харья гэхэд явах болоогүй байна гэхээр нь баарнаас гарч яваад замаараа айлаас охиноо аваад гэртээ очсон. Тэгээд гэртээ байж байгаад дэлгүүр ороод 2 л том пиво аваад гадна ганцаараа уучихаад гэртээ ороход манай эхнэр ирээд орондоо ороод хэвтчихсэн байсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ бөгс рүү өшиглөж босгоод чи яагаад гадуур тэнээд архи дарс уугаад оройтоод яваад байдаг юм гэхэд чамд хамаагүй энэ тэр гээд надтай хэрүүл байхаар нь нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод, нуруу хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиход манай хүү намайг болиоч гээд салгаад ээжийгээ хэвтүүлэхээр нь би гарч яваад Сүрэнхүү гэх найзындаа хоноод өглөө нь ажилдаа шууд явсан. Эхнэрийнхээ нүүр рүү цохичхоод эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж байхад эхнэрийн зүүн нүд хавдаад, хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх 28/,
Хохирогч Б.Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...З.З.С- 01 цаг өнгөрч байхад бага зэрэг уучихсан гэртээ орж ирээд миний бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би чи яагаад байгаа юм бэ гэхэд чи өөрөө битгий давраад байгаарай яагаад гэртээ ирэхгүй оройтоод архи дарс уугаад яваад байгаа юм гэх мэтээр над руу дайраад бид хоёрын дунд маргаан эхэлсэн. Тэгээд надтай маргалдаж байгаад намайг учир зүггүй цохиж байгаад миний зүүн нүдрүү цохичихсон. Тэгэхэд миний зүүн нүд хавдаад хөхөрчихсөн, бас зүүн хавирга хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед манай том хүү босож ирээд аавыгаа салгасан” гэх мэдүүлэг /хх 04/,
Гэрч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Б.Б.Б-, З.З.С-тай гэр бүл болоод 17 жил гаран хугацаа өнгөрч байгаа. Энэ хоёр дундаасаа хүү, охин хоёртой. Манай хүргэн З.З.С- эхнэрээ ганц нэг удаа гадуур гараад оройтоод архи дарс хэрэглэчихээд ирэхээр нь элдэв хүмүүстэй хардаж сэрдээд цохиж зоддог гэж надад Б.Б.Б- хэлж байсан. Өнгөрсөн 2019.03 дугаар сард энэ хоёр мөн л хардалтаас болоод Б.Б.Б-г цохиж зодоод нүүр ам нь хавдчихсан байхаар нь энэ хоёрыг салгаад тусад нь хэсэг амьдруулсан. Тэгэхэд З.З.С- Б.Б.Б- бид нараас уучлалт гуйгаад байхаар нь 2019.07 сард буцаад нийлсэн юм. Ингээд сая мөн л хардалтаас болоод хэрүүл маргаан хийгээд Б.Б.Б-г цохиж зодсон байна лээ.” гэх мэдүүлэг /хх 07/,
Насанд хүрээгүй гэрч С.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнө дунд аав, ээж хоёр маргалдаад хоорондоо маргалдаад аав, ээжийг цохиж зодоод байх шиг байсан. Тэгэхэд ах босоод аавыг ээжээс салгахад аав гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх 11/,
Насанд хүрээгүй гэрч С.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнийн 01 цаг өнгөрөөд сэрэхэд аав, ээж хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би орноосоо босоод аавыг ээжээс холдуулахад ээжийн зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Тэгээд аав, ээжтэй хэрүүл хийж байгаад гараад явсан” гэх мэдүүлэг /хх 13/,
Шинжээч эмч Э.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019.10.10-ны өдөр Б.Б.Б-гийн биед үзлэг хийж 860 дугаартай дүгнэлтийг гаргасан. Б.Б.Б-гийн биед зүүн нүд хаван ихтэй, харах талбай хязгаарлагдсан байсан ба дээрх гэмтлүүдээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан” гэх мэдүүлэг /хх 14/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 860 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.2.Б.Б.Б-гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019.10.10-нд үүссэн байх боломжтой.
5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 18-19/,
Хохирогч Б.Б.Б-гийн яаралтай тусламжийн хуудас /хх 16-17/
Шүүгдэгч З.З.С-ы иргэний үнэмлэхийн хуулбар, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 29-30/, ”Ганхүдэр Орд” ХХК-ийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, С.Б-, С.Б-н нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 35-41/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 43-44/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч З.З.С- нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг, Цант 1-4 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Б.Б-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч З.З.С- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч З.З.С-ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.
Иймд шүүгдэгч З.З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Б.Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх 5/ шүүгдэгч З.З.С-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.З.С- нь ажил хөдөлмөр эрхэлдэг, өөрийн гэсэн орлого олдог нь “Ганхүдэр-Орд” ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа нь торгох ял оногдуулах үндэслэл болсон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.З.С-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З.С-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг зургаан сарын хугацаанд сар бүрийн 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.З.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.З.С-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ