| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0394/Э |
| Дугаар | 416 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 416
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Б.Б.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш-т холбогдох эрүүгийн 1918003190377 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач, эрхэлсэн тодорхой ажилгүй, , урьд 1993 оны 12 сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 98.2 дахь хэсгээр 1 жил 6 сарын хорих ялаар, 1994 оны 04 сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 123.2-т зааснаар 3 жил 3 сар 20 хоногийн хорих ялаар, 1997 оны 05 сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 123.2-т зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар, 1998 оны 03 сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сар 22 хоногийн хорих ялаар, 1999 оны 01 сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сар 6 хоногийн хорих ялаар, 2018 оны 11 сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.Ш-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б.Ш- нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багт байрлах ОХУ-ын консулын гадна иргэн Р.Р.А-ийн “Samsung S6” маркийн гар утсыг хүнтэй ярьчихаад өгье гэж авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.
Эрүүгийн 1918003560381 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Б.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Р.А- гар утсаар ярьж байсан. Тэгээд Дархан Их дэлгүүр рүү архи авах гэж явах үедээ гар утсыг нь аваад явсан. Тэгээд маргааш нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Р.А- рүү яриад “би чиний гар утсыг алга болгочихлоо. Өөр утас авч өгье гэж хэлэхэд утас яахав сим карт хэрэгтэй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 53/,
Хохирогч Р.Р.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөгөө залуу чи надад утсаа өгч байгаач, би нэг хүнтэй яриад өгье гэсэн. Тэгэхээр нь би настай хүн миний утсаар яавал гэж бодоод өгчихсөн. Тэгээд миний утсаар яриад л байх шиг байсан. Би ажлаа хийгээд сууж байхдаа ажиглаад л байсан. Тэгээд би за одоо утсаа авъя, хүн амьтан залгана гэтэл “за байж байгаарай, над руу нэг хүн ярих юм” гэхээр нь би орхичихсон. Тэгснээ нөгөө хүн чинь гэнэт ундаанд явчихаад ирье гээд Дархан Их дэлгүүрийн зүгт алхаад явсан. Тэгээд л алга болсон. Араас нь би утас руугаа 20 орчим минутын дараа залгатал холбогдохгүй болсон байсан. Ингээд гар утсаа залилуулснаа мэдсэн.” гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч П.П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А- ахын утсаар хүн рүү залгаад яриад байсан. Тэгээд утсыг нь аваад Дархан Их дэлгүүр лүү ундаа аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд тэр чигтээ байхгүй алга болсон. Тэгээд Р.А- ах 20 орчим минутын дараа миний утсаар өөрийнхөө утас руу залгатал холбогдох боломжгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч Л.Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Р.А- ахын утсаар эхнэрлүүгээ яръя, найз руугаа залгаад яръя гээд байсан. Тэгээд утсыг нь аваад Дархан Их дэлгүүр лүү ундаа аваад ирье гэж хэлээд явсан. Тэр өдөр их халуун өдөр байсан. Тэгээд тэр чигтээ байхгүй алга болсон. Тэгээд Р.А- удалгүй П.Б-ийн утсаар өөрийнхөө утас руу залгатал холбогдох боломжгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 17/,
Гэрч Ж.Ж.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Б.Ш- нь ширүүн зан байхгүй зөөлөн хүн. Хааяа нэг архи уудаг. Манай гэрт хааяа орж ирдэг. Заримдаа согтуу ирдэг заримдаа эрүүл орж ирдэг. Бие муутай учраас ажил хийж чадахгүй. Сүрьеэтэй мөн цөсөө авахуулсан, элэг задарсан язралттай гэсэн оношоор 2019 оны 1 сард хагалгаанд орж байсан” гэх мэдүүлэг /хх 19/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 9/,
“Капитал зууч” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 22-23/,
Шүүгдэгч Б.Б.Ш-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 42, 30-32, 62-63/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 34-41/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б.Ш- нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багт байрлах ОХУ-ын консулын гадна хохирогч Р.Р.А-ийн “Samsung S6” маркийн гар утсыг хүнтэй ярьчихаад өгье гэж авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б.Ш- нь хохирогч Р.Р.А-ийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хуурч авсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б.Ш-ыг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б.Ш- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Хохирогч Р.Р.А-эд учруулсан хохирол болох 350.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн өмнө нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.Ш-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б.Ш-ыг 2018 оны 11 сарын 06-ны өдрийн Дархан-уУл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 399 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03/2183 дугаартай албан тоотод “Б.Б.Ш-т холбогдох шийтгэх тогтоолд гүйцэтгэх хуудас бичигдэж ирээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй болно” гэсэн нь ялтан Б.Б.Ш-ыг урьд оногдуулсан ялыг эдлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 399 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 720 цагаар тогтоох нь зүйтэй.
2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Б.Б.Ш-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 45 хоног цагдан хорьсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож / 45 хоног х 8 цаг / эдлэх ялаас хасах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ш-ыг бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Ш-ыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Ш-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 399 дугаартай Шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 720 цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Ш-ын цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон нийт эдлэх ялаас 360 цагийг хасч биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийх ялыг 360 цагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б.Ш- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Ш-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдаанаас танхимаас суллаж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ