| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0423/Э |
| Дугаар | 430 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 430
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгч Б.Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 1918000000471 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Дархан төмөрлөгийн үйлдвэрт засварын мастер ажилтай, ам бүл-5 эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд яд шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Х-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б.Х- нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 9 дүгээр хэсэг 3 дугаар гудамж 53 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Б.Б-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “12-ны орой хоёр найзтайгаа нэг шил архи юм уучихаад гэртээ ирэхэд гэрийн уур амьсгал таагүй байсан. Тэгээд эхнэртээ уурлаж, гэр бүлийн маргаанаас болж эхнэр рүүгээ сандал авч шидсэн” гэв.
Эрүүгийн 1918000000471 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10-р сарын 12-ны өдөр 2 найзтайгаа ганц шил архи уусан юм аа, тэгээд гэртээ 18 цаг өнгөрч байхад ирсэн эхнэр хоолоо хийчихсэн байсан учраас би хоолоо идсэн тэгж байгаад эхнэр архи уусан болохоор уурлаж надад ганц нэг үг хэлсэн тэгээд маргалдаж эхэлсэн тэр үед уурандаа би эхнэрийнхээ үснээс зулгааж бас хүүхдийн хичээл хийдэг сандлыг аваад шидсэн чинь толгой руу оносон тэгээд манай том хүү боль гээд надруу ирсэн” гэх мэдүүлэг /хх 25/,
Хохирогч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүү маань тогоо арчих гэж байгаад аяга унагаад хагалчихсан чинь хүүгээ загнаж алгадсан тэгэхээр нь миний уур хүрээд согтуу ирчихээд хүүхэд зүгээр байлгасангүй гэж уурласан тэгсэн чинь байж чадахгүй бол та нар яв зайл гээд байсан тэгэхээр тэгье явлаа гээд хүүгээ хувцсаа өмс гээд хэдүүлээ ахынх руу явья гэсэн чинь та нарыг явуулахгүй гээд уурлаад тэрүүгээр нэг хашгираад аяга тавга авч шидээд тэгэхээр нь би уурлаад хэрэлдсэн тэгсэн чинь зурагт руу сандал шидээд уурандаа над руу дайраад үснээс зулгаасан тэгсэн том хүү Х.Т- болиоч гээд аав руугаа уурласан чинь хүүгээ бас цохиж авсан тэгэхээр нь би нөхрийгөө түлхээд зууралдсан тэгсэн чинь сандал аваад толгой руу цохисон” гэх мэдүүлэг /хх 5/,
Насанд хүрээгүй гэрч Х.Х.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг хоол хий гэсэн чинь ээж намайг өмөөрсөн тэгсэн чинь ээжийг цохиод үснээс нь зулгаагаад энд амьдарч чадахгүй бол зайл гээд байсан тэгээд ээжийг цохихоор би аавруу очоод гарнаас татаад болиоч гэж уурласан чинь намайг хацар хэсэг рүү нэг удаа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх 8/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 864 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.2.Б.Б.Б-ын биед баруун чамархайн хуйханд шарх, баруун шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 16-17/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 03/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 13-14/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 883 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28/,
Согтуурал шалгасан тэмдэглэл /хх 29/,
Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ХК-ийн тодорхойлолт /хх 38/,
Шүүгдэгч Б.Б.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Х.Х.Т-, Х.Э-, Б.Э- нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 39-45/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 9 дүгээр хэсэг 3 дугаар гудамж 53 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Б.Б-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б.Х- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Б.Б.Х-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.
Иймд шүүгдэгч Б.Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Б.Б.Б- нь хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй ба мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал хүсэлт байхгүй” гэх тайлбараар /хх 47/ шүүгдэгч Б.Б.Х-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б.Х- “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-нд аил эрхэлдэг, тогтмол орлоготой болох нь байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул торгох ял оногдуулах үндэслэл болсон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Х-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Х-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг зургаан сарын хугацаанд сар бүрийн 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Х-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ