| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2518000000812 |
| Дугаар | 2026/ХШТ/74 |
| Огноо | 2026-06-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., 18.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2026/ХШТ/74
..., ...,
..., ..., нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Батжаргал, А.Золзаяа, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар магадлалтай, ..., ..., ..., ..., нарт холбогдох 2518000000812 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 800 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ....
2.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой,
Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, ....
3.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, ....
4.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, ....
Шүүгдэгч ..., ..., ... нар нь бүлэглэн 2025 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 11 дүгээр байрны урд зогсоолд байрлуулсан хохирогч ...-ийн эзэмшлийн ... дугаартай “Тоуота сrоwn” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг ... дугаартай “Тоуота prius-30” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хулгайлан 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт Ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн гадна байрлуулсан хохирогч ...-ын эзэмшлийн ... улсын дугаартай “Тоуота сrоwn” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг ... дугаартай “Тоуота prius-30” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хулгайлан 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн хашааны гадна байрлуулсан хохирогч ...-ын эзэмшлийн ... улсын дугаартай “Тоуота сrоwn” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг ... дугаартай “Тоуота Harrier” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч ..., ..., ..., ... нар нь бүлэглэн 2025 оны 10 дугаар сарын 31-нээс 2025 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 01 дүгээр багийн захиргааны байрны урд зогсоолд байрлуулсан хохирогч ...-ны эзэмшлийн “Тоуота сrоwn” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн “Парк таун-3” хотхоны гадна зогсоолд байрлуулсан хохирогч ...-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоуота сrоwn-220” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг ... улсын дугаартай “Тоуота Harrier” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хулгайлан 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч ..., ..., ..., нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ...-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..., ..., ... нарыг тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...-ыг 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..., ..., ..., ... нараас тус бүр 12.750.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар ... оны ... дугаар сарын ...-нд төрсөн, ... настай ...-ын ...-ий эрх, ашиг сонирхлыг хамгаалж, зохих шийдвэр гаргахыг ... дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 5, 6 дахь заалтад:
“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч ...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай гэж,
“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..., ..., ... нараас тус бүр 17.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж,
2, 3, 5 дахь заалтуудад заасан ...д холбогдох хэсгийг болон 6 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ..., ..., ... нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ...-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч ..., ... нарын өмгөөлөгч Э.Батжаргал, шүүгдэгч ..., ..., ... нарын өмгөөлөгч А.Золзаяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч ...-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй суллаж” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга бичсэн эсэргүүцэлдээ “... давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгдэгч ... нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг шилжих шөнө ..., ..., ... нарын хэлсний дагуу улсын ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Улаанбаатар хот руу явах зам дагуу эзэнгүй газар хүлээн зогсож, улмаар ..., ..., ... нар нь 2 удаагийн үйлдлээр хулгайлан авчирсан 8 ширхэг дугуйг өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлд ачиж, Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан, мөн хулгайд алдагдсан эд зүйлсийг худалдан борлуулсан төлбөрийг өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан.
Гэмт үйлдлийн улмаас бий болсон үр дагавар нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байхыг шаардах бөгөөд шүүгдэгч ... болон ..., ..., ... нарын үйлдлийн үр дүнд “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд ... болон ..., ..., ... нар нь тус тус санаатайгаар гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Тухайлбал: Сэжигтэн ..., ..., ... нарын мэдүүлэг,
Хаан банк дахь ...-ын эзэмшлийн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байхад шүүгдэгч ...-д холбогдох хэрэгт “яллагдагчийн өөрийнх нь мэдүүлэг”-ийн нотлох баримтаар л зөвхөн ялласан гэж тус аймгийн давж заалдах шатны шүүхээс дүгнэж шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзэхээр байна.
Учир нь, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ...-ын гэм бурууг тогтоосон хэргийн байдлыг няцаан үгүйсгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх нотолгооны стандартыг зөрчсөн буюу нотлох баримтыг бодитоор үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, шүүгдэгч ...-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцэхгүй байна.
Шүүгдэгч ..., ..., ..., ... нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгч ..., ..., ... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ...-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, харин давж заалдах шатны шүүх ...-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хуулийн адил эрх зүйн байдал бүхий шүүгдэгч нарт зөрүүтэй хэрэглэж, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үндэслэл бүхий тогтоож чадаагүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэхээр байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ДШМ/26 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Золзаяа хэлсэн саналдаа “... прокурорын эсэргүүцэлд нотлох баримтын үнэлгээтэй хамааралтай хэд хэдэн нотлох баримтуудыг дурдсан байдаг. Өмгөөлөгчийн хувьд эдгээр нотлох баримтуудын талаар дараах тайлбарыг хийж байна. Хэрэгт сэжигтнээр 2 удаа, яллагдагчаар 1 удаа мэдүүлэг өгсөн (хх-19, 20, 23-24, 173-174, 38-39, 188-189) бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүгдэгч нар бүгд мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэдүүлгүүдэд гэмт хэргийг хэн, хэзээ, хэнтэй, хаана үйлдсэн бэ гэдгийг тодорхой мэдүүлсэн. ... энэ гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар буюу урьдчилан амлаад, хулгайлах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн гэдэг үг, өгүүлбэр байхгүй. Энэ мэдүүлгээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлж байсан. Харин ... нь 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхдөө сонсголын бэрхшээлтэй байсан бөгөөд “хулгайлах гэмт хэргийг мэдсэн үү” гэж асуухад “мэдсэн” гэж хариулсан байдаг. Энэ нь тухайн цаг мөчид мэдсэн үү гэж асуусан гэж ойлгосон. Яагаад гэвэл шууд гэрээсээ цагдаад баригдаад явсан, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн учраас гэж ... мэдүүлсэн байдаг. ...-ыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэх баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, улсын яллагчийн яллах дүгнэлтэд ... нь ийм үйлдлээрээ дэмжсэн байна, үүгээрээ урьдчилан амласан талаар ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан зэрэг баримтаар ... мэдсэн гэдэг агуулгаар тайлбарладаг. Дансаар мөнгө шилжүүлж авсан асуудлын тухайд хулгайлсан эд зүйлсийг худалдан борлуулсан мөнгө нь эхлээд ...-ийн дансанд орж, дараа нь ...-ын дансанд орж, ...-ын данснаас ...-ын данс руу 1,000,000 төгрөг орсон бөгөөд ... “би 1,000,000 төгрөг авсан” гэж сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамтран оролцсон объектив болон субъектив шинж байх ёстой. ... нь автомашины дугуй хулгайлж авсан газарт байгаагүй. Анхнаасаа агаарт гарна гэж яваад бид нар хүнээс юм аваад ирье гэж хэлээд явсан байдаг. Тэнд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдээд, дугуйг тайлж аваад өөрсдийн автомашинд ачсанаар гэмт хэрэг төгссөн. ... дэмжлэг үзүүлснээрээ эсхүл хүлээж байснаараа энэ гэмт хэргийг төгсөхөд үр дагавар, үр дүн гаргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хамжигчийн талаар Улсын дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолд зааснаар хамжигч нь бусад хамтран оролцогчоос урьдчилан амласан байх гэдэг шинжээрээ ялгарч байдаг. Оюун санааны хувьд ... анхнаасаа мэдээгүй, нөхөр болон түүний дүү нар хамтдаа ойр ойрхон яваад байсан учраас “намайг орхиж яваад байна, хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж маргалдаад Сэлэнгэ аймаг руу явсан асуудал байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн 2023 оны 24 дүгээр тогтоолоор тайлбарласан байдаг. ... 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө автомашины дугуйг алслагдсан зайд хулгайлж байгаа үйлдэлд хамжигчаар оролцсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 25-нд шилжих үед нэр бүхий 3 шүүгдэгч ...-ын оролцоогүйгээр энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг. Эдгээр үйл баримтад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч, Гэр бүлийн тухай хууль болон Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэргийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Батжаргал хэлсэн саналдаа “... анхан шатны шүүх ...-ыг Улаанбаатар хотоос Сэлэнгэ, Дархан-Уул аймаг ороод, Дархан-Уул аймгаас гараад зам дээр зогсож байгаа үйл баримтаас харахад хулгай хийж байгаа гэдгийг мэдэх боломжгүй. Хэдийгээр ..., ... нар нь хамтран амьдрагч, ..., ... нар нь ...-тэй үеэлүүд буюу хамаарал бүхий хүмүүс хамт явж байсан учраас хамтран оролцож, үйлдлээрээ дэмжсэн байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Хэрэгт хохирогч нарын мэдүүлэг, сэжигтнээр өгсөн мэдүүлэг, дансны хуулга, үнэлгээний баримтууд авагдсан. Гэтэл ...-ын үйлдэлтэй холбоотой шууд нотлох баримт хэрэгт байхгүй. Нотлох баримтын хүрэлцээ яригдах ёстой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа үндэслэлээ тодорхой тайлбарлаж байсан. Нотолгооны стандарт болон нотлох баримтад тавигдах шаардлага гэж хуулиар тогтоосон журам байдаг бөгөөд энэ журмыг анхан шатны шүүх зөрчиж нотлох баримтыг үнэлсэн гэсэн гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан үндсэн эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмуудыг үндэслэлтэй, бүрэн зөв тайлбарлаж хэрэглэж, нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас “дэмжлэг үзүүлж, хамтран оролцож байгааг нотлох ямар нотлох баримт байна вэ” гэж асуухад тодорхой нэрлэн заасан зүйл байдаггүй. Харин прокурорын эсэргүүцэлд бичсэн нотлох баримтаас харахад агуулгаараа ... гэдэг нэр орсон хэсгүүдийг, ...-ын данс руу мөнгө орсон байна гэдэг хэсгийг аваад энэ баримтууд нь нотолж байна гэдэг агуулгаар эсэргүүцлийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм” гэв.
Прокурор Ц.Сүхбат шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... ... нарын 4 хүнд холбогдох хэргийг прокуророос хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн дагуу тухайн 5 үйлдэлд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс ...д холбогдох 2 хэргийг зөвхөн яллагдагчийн өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн гэм буруугийн асуудлыг дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэж ...-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Хоёр шатны шүүхээс дээрх байдлаар ...-д холбогдох хэргийн тухайд зөрүүтэй байдлаар дүгнэлт өгч шийдвэрлэсэн учраас ...-д холбогдох талаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болох боловч тухайн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах баримт болохгүй гэсэн агуулга бүхий заалт байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн баримт нь дангаараа биш хэд хэдэн баримтуудаар бие биеэ нөхсөн, уялдаа, харилцан хамаарал бүхий нөхцөл байдлуудыг үндэслэж хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж шийдвэрлэдэг. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр дан ганц шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр гэсэн байдаг. Гэтэл өөрийнх нь мэдүүлэгт хулгайн эд зүйлийг тээврийн хэрэгсэлд нь ачиж байсан гэдгийг мэдэж байсан, хулгайлах зорилгын талаар гэрт нь яриа өрнөж байсан талаар, улмаар Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу явж байсан талаар мэдүүлсэн байдаг. Энэ нөхцөл байдлуудыг бусад шүүгдэгч ..., ... ... нар мэдүүлсэн. Мөн гэмт хэрэг үйлдэж дугуйг худалдан борлуулсан мөнгө нь ...-ын дансаар шилжин орсон үйл баримтууд нотлогдож, сэргээн дүрслэгддэг. Дээрх баримтуудын талаар эсэргүүцэл бичсэн прокурор холбогдох баримтуудыг жагсаан бичсэн байдаг. Шүүгдэгчийн дан ганц өөрийнх нь мэдүүлэг биш бусад баримтууд байгаа учраас эдгээр баримтуудын өөр хоорондын уялдаа, хамаарал, бусад нөхцөл байдлуудын үндсэн дээр давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх хуульд заасан нотлох баримтыг шалгаж, үнэлэх нотолгооны стандартыг зөрчсөн буюу нотлох баримтыг бодитоор үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйн улмаас хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэх агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг үндэслэн ... нарын 4 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тодотгон дурдвал зохино.
Шүүгдэгч ..., ..., ... нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түрээсийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө, мөн сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө, мөн сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө тус тус Дархан-Уул аймгийн “Шарын гол”, “Хонгор”, “Дархан” сумын нутаг дэвсгэрт шөнийн цагаар бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлж, 5 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт 17.600.000 төгрөгийн шууд хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Шүүх гэмт хэргийг санаачилсан, гүйцэтгэсэн шүүгдэгч ..., ... нарын үйлдсэн гэмт хэргийн хор аюул, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлаж цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Харин үеэл ах нартаа уруу татагдаж гэмт хэрэгт хамтран оролцсон ...-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан дээрх 2 шүүгдэгчээс ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн прокуророос шүүгдэгч ...-ийн хамтран амьдрагч эмэгтэй ...-ыг шүүгдэгч нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж прокурор ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.
Учир нь, гэмт хэрэгт хамтран оролцогч гэдэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг ойлгодог бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар ... нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамт байгаагүй, тэднийг эд зүйл хулгайлж ирэхэд өөр тээврийн хэрэгсэлд хүлээж байснаас өөрөөр хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн, бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин тэрээр гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа хулгайн дугуйг зарсан мөнгийг өөрийн дансаар дамжуулан авч ашигласан байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэргийн зүйлчлэлийг өөрчилсөнтэй холбогдуулж шүүгдэгч ...-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирох бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Давж заалдах шатны шатны шүүх “... шүүгдэгчийг зөвхөн өөрийнх нь мэдүүлгээр буруутгаснаас гадна хамтран амьдрагч ...-ийн үйлдсэн гэмт хэргийг нотлуулж улмаар, түүнийг өөрийнх нь эсрэг нотлох баримт болгосон нь хууль зөрчсөн ажиллагаа” хэмээн дүгнэж цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул магадлалын энэхүү өөрчлөлтийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ...-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас түүний 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг хуульд заасан дагуу дүйцүүлэн хасч тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар магадлалын 1 дэх заалтын шүүгдэгч ...-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн хэсэг болон 2, 4 дүгээр заалтыг тус тус хүчингүй болгосугай.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар магадлалд:
“2.1.Прокуророос шүүгдэгч ...д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.”
“2.2. Шүүгдэгч ...-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”
“2.3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.”
“2.4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, ... дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.”
“2.5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.”
“2.6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...-ын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцсугай.”
“2.7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлтүүдийг тус тус оруулсугай.
3. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ