Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 806

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Д.Г ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдааны ирц: Нэхэмжлэгч Д.Г , хариуцагчийн төлөөлөгч Б.Н , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ч.Удаанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарлан хуралдуулахдаа зарыг хуульд зааснаар нийтэд мэдэгдээгүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг зөрчсөн.

Дээр дурдсанаар хуульд заасан хугацаанд нийтэд зарлан мэдэгдээгүй, хуралд иргэдийн оролцоог хангаагүй учир тус хорооны иргэн миний бие хурлын зарыг мэдээгүй, хуралд оролцох боломжийг надад олгоогүй юм.

Энэ нь иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад оролцох, саналаа гаргах, сонгох эрхээ хэрэгжүүлэх боломжийг надад олгоогүй болно.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлыг зарлан хуралдуулахдаа хорооны нийт иргэдийн хуульд заасан төлөөллийг хангаагүй байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д заасныг зөрчсөн тул уг хурлын шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан захиргааны акт гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, хурлын тэргүүлэгчид, тус хорооны Засаг даргыг сонгох 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоол, мөн өдрийн 02 тоот “Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай”, мөн өдрийн 02 тоот “иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийг сонгон батлах тухай" тогтоол, мөн өдрийн 04 тоот “Хорооны засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 02, 03, 04 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, тус хорооны Засаг даргыг сонгох хурлыг хуульд нийцүүлэн дахин зарлан, хуралдуулахыг тус хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хороодын иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хуралдуулах тухай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдааны зарыг хуулийн дагуу 15 хоногийн өмнө, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тогтоолыг үндэслэн хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт хийх тухай хуралдааны бэлтгэл ажлыг зохион байгуулж, ард иргэдийг бүрэн хамруулж оролцуулахыг хорооны Засаг дарга О.О үүрэг болгосон. 

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 20 минутад хорооны иргэний танхимд иргэдийн ирцийг бүртгэн эхэлсэн. Хуралдаанд 287 иргэн оролцсон. Тус хороо нь 1912 өрхтэй. Хуулийн дагуу 20-30 өрхийн 1 гишүүн ирсэн байхад хурлын ирцийг хүчинтэй гэж тооцсоны дагуу ирц бүрэн хангалттай гэж үзэн иргэдээр батлуулан, иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааны нээлтийг иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Н  миний бие хийж, хуралд бие даан нэр дэвших болсон тул иргэн Л.Б ийг хуралдааны даргалагчаар сонгон, батлуулж хуралдааныг удирдуулан эхлүүлсэн. 

Б.Н  нь МАН-аас нэр дэвшээгүй заалнаас бие даан нэр дэвшсэн болно. Би тус хуралд нэр дэвшиж байгаа тул иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааны үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааныг хуулийн дагуу иргэдэд зар хүргэн, тогтсон хугацаанд нь  хуралдуулсан болно. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн чиглэл, дээд шатны хурал доод шатны хуралдаа арга зүйн зөвлөгөө өгч ажиллах үүргийнхээ дагуу хорооны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны дотор хуралдуулж ажиллах тухай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 1/01 дүгээр албан бичиг ирсэн бөгөөд уг албан бичиг болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасны дагуу хорооны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт 28 дугаар хорооны иргэдийн танхимд хуралдуулахаар Тэргүүлэгчдийн 01 дүгээр тогтоол гарган хурал зарласан. 

Хурал зарласан Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу хорооны Засаг дарга О.О хэсгийн ахлагч нараар гудамж талбай олон нийтийн газар зарлал байрлуулсан мөн утсаар болон бусад аргаар иргэдэд зар хүргэсэн, хуралдаан болох заалны бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Хуралд 287 иргэн ирж оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхээ шалгуулан бүртгэгдсэн мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасан шаардлага хангагдсан байсан  тул хурал зохион байгуулагдсан. 

Хурлын үйл ажиллагаа хууль тогтоомж, дотоод журмын дагуу зохион байгуулагдсан тул Д.Г ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л  шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны анхдугаар хуралдааныг Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна. 

Тус шийдвэрийн дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн байранд хуралдан тооллогын комисс байгуулж хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, Засаг даргыг сонгох санал хураалт болсон байна. Гуравдагч этгээд П.Т нь хорооны Засаг даргад нэр дэвшиж тухайн хуралд оролцсон иргэдийн олонхийн саналыг авсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга дээрх хуралдааны үр дүнг хүлээн зөвшөөрч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар П.Т ийг 28 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд томилсон байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцож, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т хорооны хуралд тухайн хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болохоор зохицуулсан байна. Хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаас гаргасан 1, 2, 3, 4 дүгээр тооллогын комиссын 2, 3, 4 дүгээр тогтоолууд нь нэхэмжлэгчийн хуралд оролцож сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломжийг нь  хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Дээрх захиргааны актууд нь хууль тогтоомжид нийцсэн бөгөөд нэхэмжлэгч Д.Г ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч П.У шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Сонгинорхайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт тус хорооны иргэний танхимд болсон. Уг хурал болох тухай зарлалыг өөрийн ойролцоох үсчингийн хаалган дээрээс харсан. Хурлыг хууль ёсны дагуу болсон гэж үзэж байна. 

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Иргэдийн Нийтийн Хуралдаан болох зарыг гэрийнхээ ойр байдаг хүнсний дэлгүүр /Алагийн боргио/ дээр 01 сарын эхээр 7-8-ны өдөр байсан санагдаж байна. Хурал хуулийн дагуу ирц хангалттай болсон. 

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дээр дурьдсан үсчин маникюрийг миний бие өөрөө ажиллуулдаг. Он гараад удаагүй байсан. 2017 оны 01 дүгээр сарын 6, 7-ны өдрийн хавьцаа байх. Хаалган дээр зар наасан байсан. Хурал ямар нэг будлиангүй хуулийн дагуу болж өнгөрсөн. 

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Т.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Хөтөл .-.. тооотод оршин суудаг. Иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга сонгох хуралдааны зарыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөтөл худагт наасан зараас уншиж, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10 цагт хуралдаа оролцож, Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын дарга, иргэдийн Нийтийн Хурлын 4 төлөөлөгчөө сонгосон. Сонголт иргэдийн саналаар сонгогдсон гэж үзэж байна. Хурлын ирц хангалттай байсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Г  нь “Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчид, мөн тус хорооны Засаг даргыг сонгосон шийдвэрүүдийг хүчингүй болгож, тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчид, мөн тус хорооны Засаг даргыг сонгох хурлыг хуульд нийцүүлэн зарлан, дахин хуралдуулахыг тус хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, захиргааны хэрэг үүсгэжээ / хх 24-25/.

Д.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчид, тус хорооны Засаг даргыг сонгох 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дугаар тогтоол, мөн өдрийн 02 тоот “Иргэдийн нийтийн хурлыг даргыг сонгон батлах тухай”, мөн өдрийн 02 тоот ”Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай”, Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоол, Сонгинохайхархан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, мөн тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, тус хорооны Засаг даргыг сонгох хурлыг хуульд нийцүүлэн дахин зарлан, хуралдуулахыг тус хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгах” /хх 94-95/ гэж тодруулсны хүрээнд хэргийг хянан хэлэлцэв. 

Энэхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нэхэмжлэгчийн тайлбарууд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудаас дүгнэхэд: “хурлын зарыг хуульд заасны дагуу нийтэд мэдэгдээгүй, хуралд иргэдийн оролцоог хангаагүй учир хуралд оролцох боломжийг надад олгоогүй, хурлыг нууцаар зохион байгуулсан, хурлын ирц хүрээгүй, миний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад оролцох, саналаа гаргах, сонгох, өрсөлдөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг надад олгоогүй” гэж нэхэмжлэгчээс маргажээ.   

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоол / хх 27/-оор Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт зарлан хуралдуулахаар шийдвэрлэж, хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг тогтоожээ. 

Нэхэмжлэгчээс “хурлын зарыг хуульд заасны дагуу нийтэд мэдэгдээгүй, хуралд иргэдийн оролцоог хангаагүй хурлыг нууцаар зохион байгуулсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь гэрч П.Б гийн  “...Хурлын заруудыг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргаад наагаарай гэсэн, Ихэнх иргэдэд зар хүргэсэн, Гадуур явж байхдаа таарсан хүмүүстээ хэлсэн, Айлын хаалга тогшиж зар мэдэгдсэн, ...” /хх 128/, гэрч Х.Пгийн “...манай өмнөх Засаг дарга н.О гэдэг хүн хэлсэн, 2017 оны 01 дүгээр сарын эхээр Засаг даргын албаны шуурхай хурал болсон, уг хурал дээр мэдсэн, 13 ширхэг зар авсан,  ...”Орж, гарч байлдаа нэртэй зочид буудал”, “Эх өргөн У ” нэртэй 8 нэрийн дэлгүүр, Тэнүүн нэртэй 6 нэрийн дэлгүүрүүдийн гадаа зар наасан, ... /хх 144, 145/, гэрч О.Б ийн “...зохион байгуулагч Т надад мэдэгдсэн, зарыг Хөтөлийн 1-8 дугаар гудамжид 5-6 газар, хөтлийн автобусны буудлын зарын цэг дээр наасан...” /хх 147-148/, гэрч Ш.Н “...2017 оны 01 дүгээр сарын үйл ажиллагаанд оролцож чадаагүй, Зарлал бол байсан бөгөөд хэсгийн ахлагч н.Б гэх хүн хэлсэн, Гэхдээ хөдөө явж таараад оролцож чадаагүй..., мөн  112 дугаар автобусны буудал, усны худаг дээр наасан байсан ...” /ххх 209/, гэрч А.Ц ийн “...хурал болох талаарх зарлалыг хашааны булан болон дэлгүүр дээр наасан байсан ... Тухайн үеийн хуралд оролцож чадаагүй” /ххх 213/, гэрч А.М гийн “ ... Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох сонгууль болсон, ... манай оршин суугаа газрын худагт наасан ..., олон хүн оролцсон ..” /ххх 217-218/, гэрч Г.О гийн “манай зам дагуу Баянбулаг гэх нэртэй дэлгүүр байдаг бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болно гэж зар наасан байсан” /хх 221-222/”  зэрэг мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Шүүхээс хуралдаанд оролцсон болон оролцоогүй иргэд, хурлын зар тараадаг тус хорооны ажилтнуудыг гэрчээр асуусан гэдгийг дурдах нь зүйтэй. 

Харин эдгээр баримтуудаар “иргэдийн Нийтийн Хурал 2017 ны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10.00 цагт тус хорооны иргэдийн танхимд болох тул иргэд өргөнөөр оролцоно уу.” гэсэн зарлалыг хашаа, дэлгүүр, худагт нааж зарыг хүргэсэн гэх хариуцагчийн тайлбар батлагдаж байна. 

Хавтаст хэргийн 62-73 дугаар хуудсанд байгаа хуралд оролцсон иргэдээс нэрийг нь хэсэгчлэн сонгож лавлагаа /хх 192/-г Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргаас авахад 14 иргэд нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд хаягийн бүртгэлтэй гэдэг нь гэрчийн мэдүүлгүүд /хх 204-227/-ээр, түүнчлэн тус хорооны Засаг даргаас ирүүлсэн утасны лавлагаа болон хорооны иргэдийн нэрсийн бүртгэл /хх 196-197/-ээр эдгээр иргэд мөн хаягт амьдардаг гэдэг нь нотлогдож байна. Энэ нөхцөл байдлаас нэхэмжлэгчийн “тус хороонд амьдардаггүй иргэд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралд оролцсон”  гэх тайлбар няцаагдаж байна. 

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны 2017 ны 01 дүгээр сарын 16-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн хорооны хаягт бүртгэлтэй 287 иргэн хүрэлцэн ирж оролцож үүнээс 275 иргэн саналаа өгсөн гэдэг нь хуралдааны тэмдэглэл /хх 39/, иргэдийн бүртгэлийн хуудас /хх 41-47, 178-184/,  хэрэгт хавсаргасан саналын хуудас, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

Дээр дурдсан маргааны үйл баримтаас үзэхэд шүүхэд гэрчээр дуудагдсан 10 иргэнээс 7 нь хуралдааны зар тараасныг баталж, мөн  хуралдаанд 287 гаруй иргэд  оролцсон үйл баримт тогтоогдож байхад хуралдаанд оролцсон эдгээр 287 иргэнийг хурлын зарыг мэдээгүйгээр уг хуралдаанд хүрэлцэн ирсэн гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хурлын зарыг хүргээгүй, хурлыг нууцаар хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.  Тодруулбал, маргааны үйл баримтаас нэхэмжлэгчийн маргаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны зарыг хорооны иргэдэд хүргээгүй, иргэд мэдээгүй, хуралдааныг нууцаар хуралдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулахаар заажээ.

Маргаан бүхий тохиолдлын хувьд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 ны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан. Уг тогтоолоор Анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарлан хуралдуулахаар товлож, үүний дараа иргэдэд зар хүргэсэн гэдэг нь маргааны үйл баримтаас тогтоогдож байна. 

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд 287 иргэн оролцсон байгаа нь маргааны үйл баримтаас тогтоогдсноос үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд хороонд 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Үүний учир энэхүү Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын  2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан маргаан бүхий актууд /хх 34-40/ нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн  “нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад сонгох, сонгогдох, хуралд оролцох, саналаа гаргах, өрсөлдөх”- эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.Г ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.10-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Д.Г аас ““Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчид, тус хорооны Засаг даргыг сонгох 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, мөн өдрийн 02 тоот “Иргэдийн нийтийн хурлыг даргыг сонгон батлах тухай”, мөн өдрийн 02 тоот ”Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай”, Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоол, Сонгинохайхархан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, мөн тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, тус хорооны Засаг даргыг сонгох хурлыг хуульд нийцүүлэн дахин зарлан, хуралдуулахыг тус хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгах” гэсэн шаардлага бүхий Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч8 тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ               А.САРАНГЭРЭЛ