Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 193

 

Ч.О-, Н.Э- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2016/00963/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл  даргалж, шүүгч С.Оюунцэцэг, шүүгч Л.Амарсанаа нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1271 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.О-, Н.Э- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдох

           “гэм хорын хохирол Ч.О-гийн 4.355.800 төгрөг гаргуулах, Н.Э-ын 170.400 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

            Нэхэмжлэгч Ч.О-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх нэхэмжлэгч Ч.О-гийн өмгөөлөгч Ц.Отгонсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов. 

            Нэхэмжлэгч Ч.О-, түүний өмгөөлөгч Ц.Отгонсүх нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай 3 давхарын 191 тоотоос ус алдаж  “Ус суваг” болон дулаанд дуудлага өгч удтап хүлээсний эцэст дулааны слесарь ирсэн боловч уг байр нь эзэнгүй байр байж таарсан. Энэ айлын паар хагарснаас  ус алдсан болох нь тогтоогдсон болно. Манай 3 өрөө байрны угаалгын өрөө, унтлагын өрөө, том өрөөнүүдэд их хэмжээний ус орж тааз ханын обой, шалны паркет норж, ховхрон гэмтэж, чийг хөгц үнэртэй болж их хэмжээгээр хохирол учруулсан тул дахин шинээр засвар хийж, засварыг хувь хүмүүсээр хийлгэсэн ажлын хөлс 1 800 000 төгрөг, хоолны мөнгө 125 000 төгрөг, материалд 2 430 500 төгрөг нийт 4 355 800 төгрөгийн зардал гарсан ба уг хохирлыг барагдуулах талаар Н.Э-тай удаа дараа холбоо барьж мэдэгдсэн боловч уг хохирлыг барагдуулах санаагүй байгаа тул учирсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Э- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                                                                 

Миний өмчлөлийн орон сууцанд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эзэнгүй байх үед халаалтын шугам хоолойгоор даралттай халуун ус шахагдаж, үүний улмаас  унтлагын өрөөний паар хагарч ус алдагдсан. Ийнхүү их ус алдсан паар хагарсан нөхцөл байдал нь нийтийн халаалт  зогсоод 1 сар шахам болж дулааны улирал эхэлсэн 6 дугаар сарын 12-нд  дулааны шугам хоолойгоор гэнэт даралттай халуун ус шахагдаж  үүний улмаас манай сууцны өрөөний паар хагарсан байгаа нь хэн нэгэн дотор нь санаатай, эсвэл санамсар болгоомжгүй ямар нэгэн үйлдлээрээ  паарыг хагалсан бус харин “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж тухайн байрны узель дэх хаалтаа шалгахгүйгээр даралттай халуун усыг шахсан. Иймээс иргэн миний орон сууцанд болон доод 2 дугаар давхарын айл, 1 давхарын эмийн сан байрлах хэсэгт учирсан хохирлыг арилгуулах үүнтэй холбоотойгоор буруутай этгээд, албан тушаалтан, ажилтныг тодорхой болгох үүднээс “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-д хандсан боловч асуудлыг шийдвэрлээгүй. Иймд “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-аас  хагарсан паарыг янзлуулах үйлчилгээний хөлс 70.400 төгрөг, Эрдэнэт-Дарханы хооронд хувийн унаагаар зорчиход зарцуулсан шатахууны зардалд 100.000 төгрөг,  нийт 170.400 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 15 минутад хэрэглэгчийн албаны шуурхай үйлчилгээний ээлжийн ахлагч Нэргүйд Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 5-р хороолол, 4-1-191 тоотоос ус алдаж байгаа тухай дуудлага ирсэний дагуу слесарь Б.Шинэ-Од, Хайдав нар тус хаягийн дагуу яаралтай очиж холбогдох арга хэмжээ авахаар очиход тус байрны узелийн подвалын түлхүүр олдохгүй, тус байрны сууц өмчлөгчдийн холбооны даргын гар утас нь холбогдохгүй, ус алдаж байгаа айлд хүн байхгүй байсан. Ус алдаж байгаа гэсний дагуу слесарь Б.Шинэ-Од цаг хугацаа алдахгүйгээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай, бусад айлуудад хохирол учруулахгүйн тулд тухайн нөхцөл байдалд подвалийн төмөр хаалга дээд хэсгээрээ сэтэрхий байсныг ашиглан нааш нь татаж, хэрэгцээний халуун усны хаалтыг хааж ус алдалтыг таслан зогсоосон. Гэтэл төд удалгүй мөн өдрийн 12 цаг 45 минутад дахиад ус гоожоод байгаа талаар дуудлага ирэхэд халаалтын хоёр босоо шугам дээр юүлсэн. Орон сууцны узель цоожтой тохиолдолд сараалж нүхээр орох нь хүний амь нас эрүүл мэнд хохирох эрсдэлтэй тул хориотой байдаг. Дархан сумын 9 дүгээр баг 5 дугаар хорооллын 4-1-р байрны 191 тоот айлын харалдаах дулааны зангилаанд тавигдсан  Ду 80/16 ата-н хаалтыг шалгаж үзэхэд 2015 онд засвар үйлчилгээ хийсэн, барьдаг хаалт тавьсан байсан. Н.Э-ын халаах хэрэгсэл рүү халуун ус нэвтэрч орсон нь гадны  иргэд барьдаг хаалтыг хааж нээхдээ дутуу хаасантай шууд холбоотой гэж үзэж байна. Халуун ус нь горимын тооцоогоор 5 ата-н даралттай халаах хэрэгсэлийн ажлын даралтаас бага байсан. “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК хэрэглэгчдийг  найдвартай, тасралтгүй дулааны эрчим хүчээр хангах үүднээс айл өрх аж ахуйн нэгжүүдийг дулааны шугам хоолой, тоноглолдоо засвар үйлчилгээ хийхийг урьдчилан сануулж засварын шаардах хуудсыг жил бүр олгож зүй ёсны шаардлага тавьдаг.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.1.8-д “Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж хэрэглэгчдийн үүргийг шууд зааж өгсөн байдаг. Н.Э-ын  орон сууцны  халаах хэрэгсэл буюу паар нь хуучирч муудсаны улмаас хагарч ус алдсан байсан.  Тус орон сууцны халаах хэрэгсэл нь цоорсон, абро цавуугаар цавуудаж тогтоосон байдалтай байсан.  Н.Э-ын орон сууцны халаах хэрэгсэл хагарч ус алдсан нь манай компанийн горимын ажиллагаанаас шууд хамаарахгүй, Н.Э-ын халаах хэрэгслийн стандартын шаардлага хангасан байх үүргээ биелүүлээгүйгээс ус алдаж түүний улмаас Ч.О-д хохирол учирсан гэж үзэж байна. Иймд Ч.О-, Н.Э- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1271 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-аас 1.215.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-д, 35.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-ад олгож, нэхэмжпэгч Ч.О-гийн нэхэмжлэгийн шаардлагаас 3.140.400 төгрөг, нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас 35 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60

дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-гийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  84642.80 төгрөг, нэхэмжлэгч Н.Э-ын 5761 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 33719 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-д, 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-ад тус тус олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Ч.О- давж заалдсан гомдолдоо:

            1.215.400 төгрөгийг ямар үндэслэлээр хасч тооцсон нь тодорхойгүй байна. Иймд үлдсэн 1.215.400 төгрөгийг нөхөж гаргаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Н.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх давж заалдсан гомдолдоо:

            Шүүх хэргийн нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд, талуудын мэтгэлцэн буй маргааны гол нотлох баримтуудын хувьд бүрэн дүүрэн, үнэн зөвөөр, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн зэргээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул гомдлоо дараах үндэслэлээр гаргаж байна.

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь СӨХ-той мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөрснийг нь энэ байгуулсан гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх үүрэгтэйг нь, мөн тухайн хууль /хуулийн 19.12 19.1.3-т / тодорхой зааснаар хэрэглэгч хүртэл үйлчилгээг үзүүлэхээр байгааг нь түүнчлэн хяналт шалгалт хийх талаар хуульд нарийвчлан заасан байгаагаар болон “О” зогсолтын дараа хаалтыг шалгах зэргээр дундын өмчлөлийн зүйлд үзлэг шалгалт хийгээгүй болохоо хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр илэрхийлснээр үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна гэж шүүх үнэлсэн атлаа үүнийгээ үгүйсгэсэн үнэлэлт дүгнэлт хийсэн нь өөрөө үндэслэлгүй байна.

Мөн тухайн хэрэг явдлаас цаг хугацааны хувьд нилээд хойно хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр хаалт ямар нэг доголдолгүй нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэж хариуцагч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийг буруугүй болгох гэсэн байгаагаараа  дүгнэлтээ үгүйсгэсэн, түүнчлэн энэ үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв, эргэлзээгүйгээр бусад баримттайгаа харьцуулж үнэлээгүй нь хууль бус, улмаар хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээрээ хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

            Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “халаалтын улирал” гэж нэгэнт нэр томьёо оруулж тодорхойлсоны дагуу уг хугацаанд хамаарахгүй буюу өөрөөр хэлбэл халаалтын улирал 5 дугаар сарын 15-нд дуусах хүртэл нэхэмжлэгч буюу хохирогч үүргээ хангаж ажилласан паар уг хугацаанд хагараагүй байна, тэгэхээр шүүхийн үнэлэлт дүгнэлтэд заасанчлан халаалтын улирал дууссаны дараа хохирогчийг энэ үүргээ хангаагүй байна гэж дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл халаалтын улиралд түүний орон сууцны паар хэвийн, бүрэн бүтэн, даралттай усыг тэсвэрлэж байсан учир хагараагүйгээрээ харин нотлогдож байгаа ба харин халаалт зогссоноос хойно 6 дугаар сарын 12-ны өдрийн энэ хэрэгцээний даралттай халуун ус халаалтын шугам хоолой руу орсон энэ үйл явц нь паар хагарах шалтгаан болсон байх тул Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8 дахь заалтыг хангаж ажиллаагүй гэдэг нь ямар нэг дүгнэлт, нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй, үүгээрээ шүүх илт нэг талд ашигтайгаар тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль бус үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тус тус “Дархан дулааны сүлжээ” ТӨХК нь ажлын шаардлагаар хэрэгцээний халуун усыг 4 хоног зогсоон, буцаан залгах үедээ хаалтуудыг шалгаагүйгээс халаалтын шугам хоолой руу халуун ус орсон нь тогтоогдож байна, энэ нь Сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан “хэрэглэгч хүртэл үйлчилгээ үзүүлэх” хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна гэсэн үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийсэн боловч, мөн нотлогдож тогтоогдоогүй асуудлаар буюу хэрэгт энэ талаар ямар нэг баримт авагдаагүй асуудлаар иргэн Н.Э- эрчим хүчний хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.О-, Н.Э-ад холбогдуулж гэм хорын хохирол 4.355.800 төгрөг гаргулахаар, Н.Э- нь “Дархан дулааны сүлжээ” ХХК-нд холбогдуулж гэм хорын хохирол 170.400 төгрөг гаргуулахаар тус тусдаа нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтийг үндэслэн шүүхийн тогтоолоор хэргийг нэгтгэн шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын эд  хөрөнгөд “Дархан  дулааны сүлжээ”  ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас гэм хор учирсан, мөн нэхэмжлэгчдийн өөрсдийнх нь болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнээд Иргэний хуулийн 497, 510, 514 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон хариуцах гэм хорын хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.О- гэм хорын хохирлыг бүрэн гаргуулахаар, нэхэмжлэгч Н.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтийг зөвтгүүлэхээр давж заалдсан гомдлыг тус тус гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Ч.О- анх Н.Э-ад холбогдуулж гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч Н.Э- гэм хорын хохирол учрахад би буруугүй учир буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ хэрэгт “Дархан Дулааны сүлжээ” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт / хх-ийн 63 дугаар хуудас/ гаргасныг шүүх хүлээн авч 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн тогтоолоор /хх-ийн 65 дугаар хуудас/ “Дархан дулааны сүлжээ” ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

Нэхэмжлэгч Ч.О- 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Н.Э-ыг хариуцагчаас татгалзаж бичгээр хүсэлт / хх-ийн 100 дугаар хуудас/ гаргасан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг солих, хамтран хариуцагчаар татах зэрэг процессын үйл ажиллагааг зөв, оновчтой хийгээгүйгээс Н.Э-ын эрх зүйн байдал ойлгомжгүй байна.

Хариуцагчийг солиогүй тул Н.Э- нь хариуцагч хэвээрээ байгаа бөгөөд энэ тохиолдолд түүнийг хамтран хариуцагч гэж үзэж түүнд холбогдох нэхэмжлэлийг шийдэх учиртай.

Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан эсэх нь тодорхойгүй, хариуцагч Н.Э-ын эрх зүйн байдал нь хэрхэн өөрчлөгдсөн нь ойлгомжгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1271 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Ч.О-гийн 64.796 төгрөг, нэхэмжлэгч Н.Э-ын 4.706 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ 

                                          ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ   

                                                                                                              Л.АМАРСАНАА